Хятадын дарга Ши Жиньпин Ханжоу хотноо үргэлжилж буй Азийн наадмын үеэр Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дак Сүтэй уулзсан. Энэ үеэр тэд Ши Жиньпиний айлчлалын талаар ярилцжээ.
Ши Жиньпин Өмнөд Солонгост айлчилбал энэ нь хоёр улсын харилцаанд чухал эргэлтийн цэг болно гэж Сөүл үзэж байна. Тиймээс Юн Сук Ёлын ажлын алба айлчлалыг зохион байгуулахаар ажиллаж эхэлснийг мэдэгдлээ. Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чо Тае-Ён Ням гаригт хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ши Жиньпиний айлчлал энэ жилдээ бүтэхгүй байж магадгүй ч дараа жил бол боломжтой. Айлчлалыг Солонгос-Хятадын харилцааны эргэлтийн цэг болно гэж харж байна. Энэ бол бидний биелүүлэх ёстой зорилго” гэж хэлжээ.
Хятадын дарга хамгийн сүүлд 2014 оны долдугаар сард Өмнөд Солонгост айлчилсан. Энэ нь 1992 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа Хятадын удирдагч Сөүлд айлчилсан тохиолдол болсон юм. 2014 оны айлчлалын үеэр Ши Жиньпин тухайн үеийн ерөнхийлөгч Пак Гын Хэтэй Хойд Солонгосын цөмийн амбицыг таслан зогсоох болон вон, юанийн шууд арилжааг бий болгох талаар ярилцаж байв.
Ши Жиньпин Бямба гаригт хэлэхдээ “Хятад, Өмнөд Солонгос улсууд бол ойрын хөршүүд, салшгүй түншүүд. Хоёр орны харилцааг ахиулах нь хамтын ашиг сонирхолд нийцэж, бүс нутгийн энх тайван, хөгжилд сайнаар нөлөөлнө” гэв.
Эх сурвалж: BLOOMBERG
Холбоотой мэдээ