Нигерт гарсан цэргийн эргэлтийн дараа Франц улс нь тус улстай хамтран хэрэгжүүлж байсан бүх цэргийн ажиллагаагаа зогсоож, Элчин сайдаа эргүүлэн татахаа мэдэгдлээ.
"Франц Элчин сайдаа эргүүлэн татахаар шийдлээ. Ойрын хэдэн цагийн дотор манай Элчин сайд болон бусад дипломатч Франц руу буцна. Цэргийн хамтын ажиллагаа "дуусч", Францын цэргүүд ирэх саруудад Нигерээс гарах болно " гэж ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдэв.
Нигерт засгийн эрхийг өнгөрсөн долдугаар сард булаан авсан цэргийн хунта энэ алхамыг сайшаан хүлээн авчээ. "Энэ Ням гаригт бид Нигерийн бүрэн эрхт байдалд хүрэх шинэ алхамаа тэмдэглэнэ" гэж хунта мэдэгдэлдээ дурджээ.
Баруун Африкийн далайд гарцгүй тус улсад Францын 1500 орчим цэрэг байдаг.
Төрийн эргэлтийн дараа хоригдож байгаа Нигерийн ерөнхийлөгч Мохамед Базоумыг тус улсын "цорын ганц хууль ёсны эрх мэдэл гэж үздэг" хэвээр байгаагаа Макрон мэдэгджээ. Тэрбээр огцруулсан ерөнхийлөгчийг "барьцаалагдсан" гэж тодорхойлсон.
Нигер нь Баруун Африк дахь Францын хэд хэдэн колони байсан орны нэг. Сүүлийн жилүүдэд тус бүс нутагт Францын эсрэг тэмцэл нэмэгдэж, орон нутгийн олон улстөрч Парисыг неоколоничлолын бодлого явуулж байна гэж буруутгажээ. Франц улс үүнийг үгүйсгэж байна. Хамгийн сүүлд наймдугаар сард Габон улсад төрийн эргэлт гарсан. Үүний зэрэгцээ Оросын "Вагнер" хөлсний бүлэглэлийн Африк дахь үүрэг, оролцоо нэмэгдэж байгаад барууны орнууд санаа зовж байна.
ЭХ СУРВАЛЖ: ВВС