Газрын тосны үйлдвэртэй болтлоо ОХУ-д сүсэглэх л арга үлдлээ

Хуучирсан мэдээ: 2023.09.25-нд нийтлэгдсэн

Газрын тосны үйлдвэртэй болтлоо ОХУ-д сүсэглэх л арга үлдлээ

Газрын тосны үйлдвэртэй болтлоо ОХУ-д сүсэглэх л арга үлдлээ

Орос найтаахад Монгол ханиад хүрдэг гэж үг бий. ОХУ дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс бензин, дизель түлшний экспортоо түр хугацаагаар хориглох талаар мэдэгдэв. Тус улсаас шатахуун, түлшний бүрэн хамааралтай монголчуудын хувьд дээрх мэдээлэл түгшүүр зарлав. Зарим иргэд ШТС-дад дугаарлаж эхлэв. Үйлдвэрлэгч биш хэрэглэгч орны иргэд байх хэцүү. Шатахууны хомстолд орж, ШТС-руу хэдэн цагаар дугаарлаж зогссон гашуун түүх бидэнд бий. Тэр ч бүү хэл шатахуун хомсдох сургаар бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляцид дарамт үзүүлдэг. Хэрэв ОХУ-аас тогтоосон шатахууны хоригт орчихвол Монгол Улсын эдийн засагт болоод иргэдийн амьдралд олон эрсдэл бий болно. Тиймээс өнгөрсөн долоо хоногт газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой үүссэн асуудлыг тоймлон хүргэж байна.

ОХУ БЕНЗИН, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ЭКСПОРТДОО ХОРИГ ТАВИВ

 ОХУ дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс бензин, дизель түлшний экспортоо түр хугацаагаар хориглох талаараа есдүгээр сарын 21-ний өдөр мэдэгдсэн. Тус өдрөөс хойш хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн хоригт ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дөрвөн улс хамаарахгүй. Тодруулбал, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Беларусь, Казахстан, Армен, Киргизэд засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нийлүүлж буй шатахуун тус хоригт хамаарахгүй аж. Сүүлийн саруудад ОХУ бензин, дизель түлшний хомсдолд орж, инфляцитай уялдуулан жижиглэнгийн үнийг хязгаарлах гэж оролдсон ч шатахууны бөөний үнэ огцом өсчээ. Ургац хураахад түлш маш чухал байдаг учир Оросын зарим хэсэгт нөхцөл байдал хүнд байгаа юм. Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн засвар үйлчилгээ, төмөр замын тээврийн гацаа, рублийн ханш суларсан зэрэг хүчин зүйл ч шатахууны зах зээлд нөлөөлсөн гэдгийг судлаачид онцолж байгаа юм. ОХУ есдүгээр сарын эхний 20 хоногт далайгаар тээвэрлэх дизель түлш, бензиний экспортоо бараг 30 хувиар бууруулж, 1.7 тонн болгосон байна.

Ж.ГАНБААТАР: МОНГОЛ УЛС ХОРИГТ БАГТААГҮЙ ГЭЖ ХАРЖ БАЙНА

Тийм учраас ОХУ-аас шатахууны экспортоо түр хориглосон асуудлаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тус мэдэгдлийн дараа мэдээлэл хийсэн юм . Тэрбээр “Өчигдөр ОХУ-ын Засгийн газрын 2023 оны есдүгээр сарын 21-ны 15/35 дугаартай ОХУ-аас арилжааны бензин дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай тогтоол гарсан. Уг тогтоол Гадаад харилцааны яамнаас албажиж, манай яаманд ирсэн. Гол агуулга нь тодорхой нэр төрлийн дизель түлш болоод авто бензиний экспортод хориг тавьсан. Тодорхой нэр төрлийн дизель түлш гэхээр Евро-Азийн гаалийн кодын ангиллаар заасан зарим нэр төрлийн дизель түлшийг экспортлох боломжтой. Энд манайх руу "Роснефт" компаниас экспортолж буй дизель түлш багтах боломжтой гэж харж байгаа. Тогтоолыг уншаад үзэхэд манай импортолж буй дизель түлш энэ хоригт багтаагүй байна гэж ойлгож болно. Гэхдээ бид үүнийг тодруулж байгаа. АИ-92, АИ-95 шатахууны хувьд хоригт орсон байна. ОХУ дотооддоо дийлэнх тохиолдолд евро-5 ангиллын бензин хэрэглэдэг. Манай улсын хэрэглэж буй нь евро-2 гэдгийг та бүхэн мэдэж буй. Тиймээс “Ангарский” үйлдвэрийн евро-2 авто бензин энэ тогтоолд хамаарахгүй байх магадлалтай. Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 2490 төгрөгөөс хэтрэхгүйг албан ёсоор хэлье. Дизель түлшний хувьд нийлүүлэлтийн үнэ өсч байна. Гэхдээ ургац хураалтын энэ үед өсгөхгүй байх талаас нь чармайлттай ажиллаж байна. Хоногийн нөөц хангалттай байгаа ч гэсэн ачилт 7-10 хоног доголдоход Монгол Улсад асуудал үүснэ. Дизель түлшний нөөц түүхэнд байхгүй хэмжээний хангалттай байна. Засгийн газраас тогтоосон 30 хоногийн нөөцөөс илүү байгаа. Тогтоолтой холбоотой асуудлаар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас өмнө эцсийн шийдвэр гарна гэдэгт бүрэн итгэж болно гэдгийг мэдэгдлээ

В.В.ВОЛОДИН: ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЛИВАА ХЯЗГААРЛАЛТАД МОНГОЛ УЛС ОРОХГҮЙ

Шатахууны хоригт орсон эсэх асуудал эргэлзээ, ээдрээ дагуулсан энэ үед УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар энэ сарын 23-25-ны хооронд ОХУ-ын Төрийн Думын дарга ноён В.Володин Монгол Улсад айлчилж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин нар өчигдөр (2023.09.24) Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээрийн үеэр ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин тус улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Энэ бол тус айлчлалын чухал үр дүн. Чухал чухалдаа айл өрх бүрийн, ААН бүрийн эдийн засагт шууд нөлөө үзүүлэх чухал мэдэгдэл боллоо. Ямартай ч Монгол Улс энэ онд ОХУ-аас авч хэрэгжүүлж байгаа шатахууны хоригт хамаарахгүй болсон нь түр боловч амсхиймээр бас алга ташмаар мэдэгдэл байлаа.

ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРОХ ХУГАЦАА ХОЙШЛОВ

Тэгвэл цаашид бид өөрсдөө үйлдвэрлэгч орон болохын тулд юу хийх ёстой вэ. Газрын тосны үйлдвэртэй болох мөрөөдөл хэзээ биеллээ олох вэ. Монгол Улс 2016-2021 оны жилийн хугацаанд ОХУ болон БНХАУ-аас жилд дунджаар 1.25 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч үүнд 1 тэрбум орчим ам. доллар зарцуулсан нь Моннгол Улсын нийт импортын 25-30 хувийг эзэлж байна. Засгийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь  аймгийн Сайншанд суманд газрын тосны үйлдвэрийг барихаар болсон. Ингэхдээ Засгийн газар, Энэтхэг улсын "Экспорт-Импорт банк" хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болсон юм. Урьдчилсан тооцоогоор тус үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж үзэж бөгөөд 2025 онд ашиглалтад оруулахаа амлаж байлаа.

Тэгвэл  тус үйлдвэрийг баих төсөл ямар шатанд явж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан хамгийн сүүлд өгсөн мэдээллийг дор сийрүүлье. Тэрбээр,Газрын тос боловсруулах үйлдвэрийн анхны санхүүжилт болох нэг тэрбум ам.долларын зээл олгохоор Энэтхэг улсын засгийн газар амласан. 2019 оны 12-р сарын 20-ны өдөр 1.2 тэрбум долларын зээлийг ТЭЗҮ-ийнх дагуу УИХ-аар соёрхон баталсан. Гэвч зээл батлагдмагц ковидын нөхцөл байдал үүсэж, бүтээн байгуулалтын ажил саатсан.Ингээд 2023 оны нэгдүгээр сарын байдлаар өнөөх 1.2  тэрбум ам.доллараас дөнгөж 112 сая долларыг л авч хэрэглэсэн. Гэтэл гэрээний дагуу 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бид аваагүй зээлийнхээ үндсэн төлбөр, хүүг төлж эхлэх шаардлага үүссэн. 2023 оны нэгдүгээр улиралд 64.5 сая ам.долларын зээл төлөх цаг хугацаа болсон байсан.  EPC-1, 2, 3, 4 багц бүтээн байгуулалтын ажил EPC-1-ээс шалтгаалан бусад санхүүжилт нь хийгдэх боломжгүй байдалд хүрсэн. Ингээд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан яамдын төлөөлөл орсон баг ажиллацгаасан. Манай яам Энэтхэг улсын банктай таван сарын хугацаанд хэлэлцээ хийсэн. Монгол Улсад суугаа Энэтхэгийн ЭСЯ бидэнтэй маш сайн хамтарч ажилласны үр дүнд гэрээний өөрчлөлтийг амжилттай хийсэн. Наймдугаар сарын 17-нд Энэтхэгийн банкны удирдлагууд ирж, бид гэрээнд өөрчлөлт оруулж, үзэглэсэн. EPC-1, 2, 3, 4 багц бүтээн байгуулалтын гэрээг тус тусад нь салгаж хийсэн. Багцууд аль нэгнээс хамааралгүйгээр бүтээн байгуулалтаа хийж, санхүүжилтээ аваад явах боломжтой болсон. Ингэснээр тус төслийн үйл ажиллагаа саадгүй үргэлжлэх боломж бүрдлээ. Үнийн өсөлтөөс шалтгаалан EPC-4 багц нэмэлт санхүүжилт шаардагдах нь тодорхой болж байна. Тиймээс УУХҮЯ-ны Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр асуудлыг оруулж баталгажуулсны дараа УИХ-аар соёрхон батлуулсны дараа санхүүжилтийн зөрүүг шийдвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ. Ингэснээр 2026 оноос үйлдвэрийн эхний байгууламжууд ашиглалтад орж, 2027 оноос эхний бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй байна гэлээ.

Газрын тосны үйлдвэр ашиглалтад орж бүрэн хүчин чадлаараа ажиллах эсэх нь цаг хугацааны асуудал болж байна. Цаашилбал, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний импортын хамаарлаа бууруулж чадах эсэх нь Монголчууд газрын тосны үйлдвэртэй болж чадах  эсэхээс шууд хамаарна. Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсон цагт ОХУ-аас хамаарах хамаарал буурна. Тийм нөхцөл бүрдээгүй цагт ОХУ шатахууны цоргоо хаачихгүй байгаасай хэмээн залбирч байхаас өөр сонголт алга даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж