Өнөө жилийн улсын баяр наадамд ес даван түрүүлсэн улсын арслан М.Бадарч сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн болох нь баталгаажжээ. Баяр наадмын үндэсний бөхийн салбар хорооноос 2023 оны наймдугаар сарын 21-нд улсын наадамд шөвгөрсөн 32 бөх допингийн А сорьц өгөхөд нэгнээс нь илэрсэн болохыг мэдээлсэн. Улмаар түрүү бөх М.Бадарчийн А сорьцноос допингийн төрлийн метенолон гэх бодис илэрсэн нь ил болж, тэрбээр В сорьцоо задлахаар БНСУ-ыг зорьсон. В сорьцоор түүний хэрэглэсэн бодис баталгаажив.
Түүний допинг хэрэглэсэн нь баталгаажсанаар наадмаар гаргасан амжилтыг тооцохгүй болж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон улсын арслан цолыг хураах юм. Тэгвэл түүнд наадмын барилдааны тавын даваанаас хойш унасан дараах таван бөх ийнхүү цол нэмэх нь тодорхой боллоо.
М.Бадарчид унасан бөхчүүд хэн байв, хэн ямар цол нэмэх вэ:
- Тавын даваанд өвдөг шороодсон Аймгийн арслан Б.Баянмөнх улсын начин,
- Зургаагийн даваанд өвдөг шороодсон улсын начин Э.Даш улсын харцага,
- Долоогийн даваанд унасан аймгийн арслан С.Сүхбат улсын заан,
- Наймын даваанд унасан улсын аварга О.Хангай чимэг нэмнэ,
- Есийн даваанд унасан Улсын харцага Ц.Бямба-Отгон улсын арслан болох нь тодорхой боллоо.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮРЭМ-д
- 9.3.5.допинг хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн баяр наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх
- 9.3.6.олон улсын эрх бүхий байгууллагаас гаргасан допингийн жагсаалтад орсон хориотой эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хариуцлага оногдуулах.
Холбоотой мэдээ