НЭМЭЛТ:
Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хагас шигшээд Узбекистаны Муроджон Юлдошевд торгуулиар ялагдсан ч дөнгөж сая Казахстаны Данияр Шамшаевыг ялжээ. Удахгүй Б.Ням-Эрдэнэ мөн хүрэл медалийн төлөө барилдана.
Эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Б.Ням-Эрдэнэ Непалийн Пунам Шрестаг ялсан ч дараагийн барилдаандаа Хойд Солонгосын Мун Сонхуйд ялагдав. Гэхдээ дагах барилдаандаа Ираны Марям Барбатыг ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ. Түүний өрсөлдөгч нь Хятадын Фэн Инин.
Энэ өдрийн Монголын гол найдваруудын нэг Ц.Цогтбаатар эхний барилдаандаа Камбожийн Шинтаро Үног, дараа нь Хятадын Чин Дагыг ялсан ч хагас шигшээд Узбекистаны Муроджон Юлдошевд ялагдлаа. Үдээс хойш тэрбээр хүрэл медалийн төлөө Казахстаны Данияр Шамшаевтай барилдана.
Эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд Г.Болор-Очир эхний барилдаандаа Филиппиний Жон Вирон Феррерийг ялсан ч удаах тойрогтоо Японы Юхэй Ойнод ялагджээ. Улмаар дагах барилдаандаа Узбекистаны Мусо Собировд ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Ханжоугийн Азийн наадмын жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2023.09.25/ эхэллээ. Энэ өдөр эмэгтэйчүүдийн -57 кг, -63 кг, эрэгтэйчүүдийн -73 кг, -81 кг-ын барилдаанууд болно.
Монголын баг жүдогийн эхний өдөр нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн билээ. Тодруулбал, Ё.Басхүү мөнгө, Л.Сосорбарам хүрэл медалийн эзэд болсон. Мөн Арабын Нэгдсэн Эмиратын нэр дээр барилдаж буй Б.Хорлоодой мөнгө, Б.Нармандах хүрэл медаль хүртжээ.
Өнөөдрийг Монголын баг тааруу мэдээтэй эхлүүлж байна. Учир нь эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд өрсөлдөх Л.Энхрийлэн жиндээ орж чадалгүй, тэмцээнээ өндөрлүүлжээ. Угтаа тэрбээр Өмнөд Солонгосын Пак Юнсонтой барилдах байсан юм.
Тэгвэл эмэгтэйчүүдийн -63 кг-д М.Ичинхорлоо Казахстаны Эсмигюль Куюловад ялагджээ. Тун удахгүй Б.Ням-Эрдэнэ болон Ц.Цогтбаатар нар барилдана.
Холбоотой мэдээ