МОНАДА Монголын дээр!

Хуучирсан мэдээ: 2023.09.25-нд нийтлэгдсэн

МОНАДА Монголын дээр!

МОНАДА Монголын дээр!

Бид өмнөх нийтлэлүүд дээрээ М.Бадарчийн допингийн асуудал ганцхан түүний асуудал биш болохыг харуулахыг зорьсон. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /МОНАДА/-ын үйл ажиллагаа олон улсын дүрэм журмаа дагалгүй хэрхэн гажуудаж, эцэстээ Монголын баг тамирчид ирэх Парисын олимпод цагаан тугийн дор оролцох эрсдэлтэй болсныг сануулсан.

Тэгвэл WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Хяналтын зөвлөл Монголын асуудлыг зөвлөлдөх хурлаараа оруулжээ. Улмаар Монгол, Алжир, Ангол, Эквадор, Морокко, Филиппинийг ажиглалтын жагсаалтад оруулан дүрмэнд үл нийцэх зөрчлүүдээ засах ДӨРВӨН сарын хугацаа өгсөн аж.

Алжир, Эквадор, Монгол, Филиппин улсууд дөрвөн сарын хугацаанд зөрчлөө засна гэдгээ нотлох баримтаар хангасан гэнэ. Харин Ангол, Марокко улсууд допингийн эсрэг үндэсний дүрмээ энэ хугацаанд зохих шалгуурын дагуу батална гэжээ.

Хэрэв дөрвөн сарын хугацаанд зөрчлөө засахгүй бол зөрчлийн тухай албан ёсны мэдэгдэл илгээнэ гэдгийг мэдэгджээ.

WADA-ийн дараагийн зөвлөлдөх хурал ирэх арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Канад улсын Монреаль хотноо болно.

Одоогийн МОНАДА буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагыг татан буулгах, үйл ажиллагаа, удирдлагад нь өөрчлөлт хийх боломж, бололцоо зөвхөн Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Б.Баттүшигт байгаа талаараа бид өмнө мэдээлсэн. Харин үүний дараа тус хорооноос дараах мэдэгдлийг гаргасан юм. Тус мэдэгдэлд, “Сүүлийн үед олон нийтийн хэрэгслээр допингийн асуудалтай холбогдуулан Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ) нь Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага (МДЭҮБ)-ыг татан буулгах эрхтэй байгууллага мэт илт ташаа мэдээлэл тарж буйд няцаалт болгон дараах мэдэгдлийг гаргаж байна.

Дэлхийн допингийн эсрэг дүрмээр Дэлхийн допингийн эсрэг байгууллага (ДДЭБ)-аар хүлээн зөвшөөрөгдсөн МДЭҮБ-ыг татан буулгах, шинээр байгуулах эрх МҮОХ-нд олгогдоогүй бөгөөд тус дүрмийн 20.5.1 дэх заалтын дагуу МҮОХ нь тэдний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь дүрмээр хориотой.

Харин МҮОХ нь Олимпын их гэр бүлийн гишүүд, тамирчдын эрх ашиг зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсвэл хамтран ажиллахад бэлэн буйгаа удаа дараа МДЭҮБ болон холбогдох байгууллагуудад албан бичгээр илэрхийлсэн. МҮОХ нь МДЭҮБ-ыг зөв засаглалтай байгууллага байх, үүссэн асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх, дахин давтагдуулахгүй байх, хэрхэн шийдвэрлэх талаар ДДЭБ (WADA) болон эрх бүхий байгууллагуудтай холбогдох дүрэм, журмын хүрээнд хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч идэвхтэй ажиллах болно” гэжээ.

Тэгвэл үндсэндээ Ж.Хатанбаатарын МОНАДА-г дийлэх хүч Монголд алга. Засгийн газар, олимпийн хорооноос удаа дараа хамтран ажиллах санал тавьсан ч хариу өгөөгүй гэх.

Гэвч нөгөө талд МОНАДА нь төрийн бус байгууллага гэдгийг санах хэрэгтэй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд тус байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь “Тамирчдыг спортын бэртэл гэмтэл авахаас урьдчилан сэргийлэх, сургалт уулзалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр боловсруулах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах” гэжээ.

Допинг, хориотой эм, бодис гэх ганц ч үг байхгүйгээс гадна ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах гэж бичсэн ч өдийг хүртэл ажилсан харагдахгүй л байна.

Нөгөө талд НҮТББ буюу Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Энэ байгууллага нь Төрийн бус байгууллагын тухай хуульд захирагдана. Тус хуулийн үйлчлэх хүрээ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын болон бусад улсын төрийн бус байгууллага, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газарт нэгэн адил хамаарах билээ.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйл. Төрийн бус байгууллагыг татан буулгах хэсэгт “Дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан”, “Хууль тогтоомж ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн” үндэслэлээр шүүх албадан татан буулгана гэжээ. Мөн тус хуулийн 5.5 дахь заалт “Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нь олон түмэнд ил тод байх ба түүний гишүүд болон иргэд хэн ч тухайн байгууллагын тайлантай танилцаж болно” гэх.

Гишүүнчлэлгүй ТББ-ын эрх барих байгууллага нь удирдах зөвлөл нь байдаг. Харамсалтай нь, МОНАДА-ийн удирдах зөвлөлийн талаарх мэдээлэл, бүр удирдах зөвлөлтэй эсэх нь ч тодорхойгүй. 2010 оноос хойш Ж.Хатанбаатар гэх хүн ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж, түүний хамсаатан хүмүүс гүйцэтгэх захирлаар нь ажилсаар ирсэн. Гүйцэтгэх захирлууд нь солигддог ч ерөнхийлөгч нь суудалдаа мөнхөрсөөр…

МОНАДА-г дүрмийнхээ дагуу ажиллахгүй, олон удаагийн зөрчил гаргасныг WADA илрүүлж, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ажиллахгүй байгааг үүгээр харууллаа.

Монголын үндэсний олимпийн хороо ч өөрсдийгөө буруугүй, хүчгүй гэх утгатай мэдэгдэл гаргалаа. Сонирхуулахад, зарим улс оронд үндэсний олимпийн хороод нь үндэсний допингийн эсрэг агентлагийнх нь үүргийг давхар гүйцэтгэх боломжтой. Дээрх жишээн дээрээс дурдахад Анголын олимпийн хороо нь давхар допингийн эсрэг агентлагийнхаа үүргийг гүйцэтгэдэг. Монголд ч мөн адил хэрэв МОНАДА-г татан буулгавал дараагийн агентлагийг байгуулах хүртэл Монголын үндэсний олимпийн хороо түр хугацаанд допингийн агентлагийн үүргийг давхар гүйцэтгэж болох юм.

Ямартай ч Засгийн газар, Монголын үндэсний олимпийн хороо хоёулаа МОНАДА-г л царай алдаж сууна даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж