Монголын урчуудын эвлэлээс зохион байгуулдаг “Өмнийн сайхан говиор” арт төсөл нь Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд болон ан амьтад, ахуй амьдралыг Монголын шилдэг зураач уран бүтээлчдээр дамжуулан байгалийн үзэсгэлэнт газруудаа хайрлан хамгаалах үзлийг нийгэмд таниулах, алдаршуулах гэсэн эрхэм зорилгын хүрээнд 2019 оноос жил бүр уламжлал болон зохион байгуулдаг төсөл юм.
Өнгөрсөн 2019-2023 он хүртэл одоогийн байдлаар уг төсөлд идэвхтэй уран бүтээлээ туурвиж буй 70 гаруй зураач оролцсон байна.
Төслийн хүрээнд Монголын дүрслэх урлагийн сор болсон ахмад, дунд, залуу үеийн зураачид Өмнөговь аймгийн долоон сумын нутгаар, нийт 2600 гаруй километр зам туулан тодорхой маршрутын дагуу аялан, Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг уран бүтээлд мөнхлөн үлдээж, аяллын дараа туурвисан уран бүтээлүүдээрээ хамтарсан үзэсгэлэн гарган олон нийтэд толилуулдаг. Төслийг Өмнөговь Аймгийн нутгийн зөвлөл болон "Ажнай" корпорацийн ивээн тэтгэлэг дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Энэ удаад “Өмнийн сайхан говиор-2022, 2023” оны 38 зураач уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Mongol Art Gallery-д 2023 оны есдүгээр сарын 22-27-ны өдрүүдэд дэлгэж олны хүртээл болох гэж байна.
Уран бүтээлийн Плейнер аялал нь:
- “Өмнийн сайхан говиор 2022” аялал нь (2022.06.04 – 2022.06.15)–ны хооронд үргэлжилсэн.
- “Өмнийн сайхан говиор 2023” аялал нь (2023.08.06 – 2022.08.17)–ны хооронд үргэлжилсэн.
- Аяллын үеэр нийт Өмнөговь аймгийн Баяндалай – Ноён – Гурван тэс – Сэврэй – Булган -Ханхонгор сумдын нутгаар дайран өнгөрч, байгалын үзэсгэлэн бүрдсэн Ёлын ам – Мухар шивэрт – Ноён богд – Сайн саран хөндий – Ханын хэц – Толь хад – Хэрмэн цав – Наран даац – Зулганайн гол – Нэмэхтийн цав – Хонгорын элс – Баян заг зэрэг газруудаар аялжээ.
Холбоотой мэдээ