Монгол маягийн дээрэм буюу хөрөнгө оруулагчдаа хөөсөн бас нэгэн түүх

Хуучирсан мэдээ: 2023.09.25-нд нийтлэгдсэн

Монгол маягийн дээрэм буюу хөрөнгө оруулагчдаа хөөсөн бас нэгэн түүх

Монгол маягийн дээрэм буюу хөрөнгө оруулагчдаа хөөсөн бас нэгэн түүх

“…Өнгөрсөн 30 жилд хөрөнгө оруулагч нартай холбоотой тодорхойгүй байсан бүх асуудалд Монгол Улсын үе үеийн Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайдын хувиар уучлал хүсч байна…”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр жилийн өмнө 200 дахь хоногоо тайлагнаж байхдаа ингэж хэлж байлаа. “Үг хуучирна гэж байдаггүй. Үлддэг учраас тэр л дээ” гэж ухаантнууд хэлээд 2000-аас ч илүү жилийг давчихаад байхад Ерөнхий сайдын үг мартагдаж, хуучраад мөнөөхөн уучлал эрсэн хөрөнгө оруулагчаа хөөж гаргах дээрээ тулжээ. Үлдсэн үг хэрхэн хуучраад, хөрөнгө оруулагчаа чухам яаж гомдоосон гэдгийг товч зураглая.

Уг нь бид одоо Чехтэй хамтраад ураны хүдрийн олборлолтын эхний жим татчихаад, дараагийн хүрэх зүгээ хараад зогсох ёстой байлаа. Байлаа гэдгийн учир нь хөрөнгө оруулсан хэдээ хөөгөөд гаргадаг эмгэнэлт тавилангаа давтах болчихсон учраас ингэж тодорхойлж байгаа юм. Хөөгдөх дээрээ тулчихаад байгаа компани нь Монгол-Чехийн хамтарсан “Гурвансайхан” компани. Тэд дэлхийд шалгарсан технологиор, байгальд ээлтэй байх зарчмаар ураны хүдэр олборлох судалгаа хийх зорилго тээж 10 илүү жил ажиллажээ.

Энэ хооронд Чехийн талаас 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ч хийж. Үүнийхээ шанд яасан гээч олборлолтоо эхэлдэгийн даваан дээр нь “хууль зөрчигч” гэх шошго хадаад “хөөж явуулах” гэж байна.

САЙХАН ЦАГ

Түүхийн хүрдийг одоогоос 10 жилийн өмнөх рүү ухраая. Тухайн үед бид уул уурхайгаараа гайхагдаж эндээ хөөрч байхад гаднынхан биднийг “Minegolia” гэж өхөөрдөж байсан цаг. Яг энэ цаг мөчтэй давхцаад Монгол Улс эртний харилцаат Чех улсад ураны хайгуул олборлолтын салбарт хамтран ажиллах саналаа тавьжээ. Тухайн үед Ашигт малтмал, газрын тосны газраар дамжуулж хамтран ажиллахаа илэрхийлсэн нь Чехийн мэдээллийн цахим хуудсуудад одоо ч хадгалаатай бий. Удалгүй манай саналыг Чехийн талаас нааштайгаар хүлээн авч Чехийн Худалдаа, аж үйлдвэрийн яам хамтран ажиллаж болно гэдгээ илэрхийлжээ. Түүх ингэж эхэлсэн.

Эхлээд удаагүй байхад манай талаас Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар, Чехийн талаас Худалдаа, аж үйлдвэрийн яам хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байдаг. Энд дурдагдах цаг хугацаа нь 2012 оны дөрөвдүгээр сар.

Үүнээс хойш хоёр талын уулзалт, яриа хэлэлцээ эрчимжсэний эцэст Монгол-Чехийн хувь нийлүүлсэн ураны компанитай болохыг дэмжжээ. Дэмжих, дэмжихдээ хөрөнгө оруулагч Чехийн талаас “Ураниум Индустриал” компани, Монголын талаас төрийн өмчит “Мон-Атом” компани хамтран ажиллахаар болов. Түүх уг нь сайхан эхэлсэн. Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Чехийн нийслэл Прага хотноо 2013 оны наймдугаар сард болоход хоёр улсын хувь нийлүүлсэн уран олборлох компани байгуулахаар болж, албан протоколд “…хоёр улсын харилцааны тэргүүлэх төслийн нэг…” гэж тодорхойлов.

Түүх цаашаа сайхан үргэлжилнэ, уг нь. Бүгд найрамдах Чех улсын тухайн үеийн Ерөнхий сайд Иржи Руснок 2014 онд Монгол Улсын Ерөнхий сайдад ураны хүдрийн хайгуул, олборлолтын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлнэ.

Дараа жил нь 2015 оны 1-р сард тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Чех улсад айлчлахдаа “…ураны хүдрийн геологи хайгуул, олборлолтын салбар нь хоёр улсын хамтын ажиллагааны гол чиглэл…” болохыг хамтарсан мэдэгдэлдээ тусгана. Дараа жил нь буюу 2016 онд төслийн гүйцэтгэгчээр хувь нийлүүлсэн “Гурвансайхан” компанийг сонгоно. Түүх ингэж л хөвөрч ирж. Хоёр улсын төрийн өндөр дээд түвшинд стратегийн салбараа тодорхойлоод компаниа сонгоод хайгуул судалгаагаа эхэлдэг дэлхийд тогтсон процесс.

ХӨӨГДСӨН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ АРБИТРТ ОЧНО ГЭВ

Хөрөнгө оруулалт татаад дэлхийн хөгжилтэй хөлөө нийлүүлэх. Эсвэл хөрөнгө оруулалтаа түлхээд байдагтаа эргэлдэх. Энэ бол бидний хийх ёстой сонголт. Ялангуяа гадаадын шууд хөрөнгө оруулалтаар “мөнгө хийдэг”, хоёр хөршөөсөө экспорт, импортын хараат манайх шиг улс орон эхнийхийг сонгохоос өөр арга байхгүй. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны судалгаанд дурдсанаар Монгол Улсад 1990-2023 оны эхний улирлын байдлаар нийт 41.1 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсний 73 хувь нь уул уурхайн олборлолт эзэлж байгаа гэх судалгаа гарчээ. Бүр харамсалтай нэг баримт байгаа нь 1990-2023 оны хооронд Монгол Улсад  хөрөнгө оруулсан нийт 14836 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгүүлснээс 5486 аж ахуйн нэгж татан буугдсан байна.

Бидний өгүүлж буй түүх, цаасан дээр байгаа дата хоёр хол зөрөхгүй байгаа биз. Хөрөнгө оруулагчид чухам юу хүсдэг вэ? Хариулт нь маш энгийн. Тэд сонгуулийн өнгө бүрээр дагаж өөрчлөгддөггүй хууль эрх зүйн орчинтой байхыг л хүснэ. Аль ч хөрөнгө оруулагч алдагдал хүлээе гэж олсон хэдээ өгөхгүй. Бидний өгүүлж буй жишээн дээр ч тэр. Уг нь гэрээ гэдэг их энгийн зүйл. Гэрээ байгуулсан “А” тал “Б” талууд харилцан ашигтай байна, харилцан адил эрх бөгөөд үүрэг хүлээнэ. Хүлээсэн үүргээ зөрчвөл хуулиар асуудлаа шийднэ. Харилцан ашигтай хөгжөөд ураны салбарт олборлолт хийе гэж байхад нь бид энд хууль зүйн маргаан үүсгээд тодорхойгүй нөхцөл байдал үүсгэчихлээ. Хэрэв асуудлаа шийдэж чадахгүй бол хөрөнгө оруулагч тал олон улсын арбитрын шүүхэд хандахаа илэрхийлсэн байна лээ. Ер нь бид уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдаа элдэв төрлөөр хэмлэдэг, хэмлэсээр сүүлдээ хөөж явуулдаг хэлтгий заяатай улс аж. Чехээс ураны салбарт хамтран ажиллаач гэж гуйж байх тэр цаг үед Канадын өөр нэгэн хөрөнгө оруулагчаа “хууль зөрчигч” гэж үзээд лицензийг нь үндэслэлгүй цуцалснаас хойш 100 гаруй сая ам.долларын төлбөрт унаж байлаа. Нэгээс нь гуйж, нөгөөг нь үргээсэн салбар нь ураны салбар байсан нь хувь заяаны тохуурхал гэлтэй.

Бид шүүхээр тонгорч болно. Бидэнд тонгоруулсан ч олон улсад очно. Тэд олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр шийднэ. Зөрчсөн гэж үзвэл төлбөрт унана. Унавал Монголын төр төлнө. Гэвч төрийн мөнгө биш ард түмний мөнгө л гэж бий. Эцэс нь иргэдийн мөнгөөр төлбөрөө төлнө. Хамгийн хохиролтой нь бидний мөнгөөр хөрөнгө оруулагчаа үргээхдээ дараагийн хөрөнгө оруулагчаа хөөж явуулж байгаа гэдгийг санахад гэмгүй.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж