Сэргээгдэх эрчим хүч яагаад чухал ач холбогдолтой вэ?
Мөнх хөх тэнгэрийн орон болох Монгол Улс байгалийн асар их баялагтай. Монгол Улсын эдийн засаг боловсруулаагүй ашигт малтмалын экспорт дээр тогтсон хэвээр байна. Гэвч Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлснээр ард иргэд болон байгаль орчинд үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асар их боломжтой билээ. Дэлхий нийт илүү тогтвортой ирээдүй рүү тэмүүлэхийн хэрээр Монгол Улс өөрийн сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бололцоогоо ашиглаж, ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэнд, хөгжил дэвшлийг хангах боломж дүүрэн байна. Түүнчлэн, Монгол Улс дотоодын өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангахын тулд шинэ эх үүсвэртэй болох, хуучирсан, үр ашиг муутай, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг яаралтай солих шаардлагатай байгаа билээ.
Дэлхий дахинд нар, салхины болон усан цахилгаан станцуудыг илүү ихээр ашиглах болсон байна. Учир нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд нь агаарын бохирдол болон хүлэмжийн хийг бараг ялгаруулдаггүй бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд голлох үүрэг гүйцэтгэдгээрээ шатах ашигт малтмалаас ялгаатай юм. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй орнуудын нэг учраас энэ нөлөөг бууруулах чиглэлээр арга хэмжээ авах нь Монголын ирээдүйн эрүүл байдалд зайлшгүй шаардлагатай. Сэргээгдэх эрчим хүчийг дэлхийн нөхөн сэргээгдэшгүй, үнэ цэнтэй нөөцийг шавхахгүйгээр ашиглах боломжтой. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь эдийн засгийн хувьд илүү ашигтай болж байгаа төдийгүй эрчим хүчний импортын хараат бус байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүч ямар ач холбогдолтой вэ?
Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг ашиглан өсөн нэмэгдэж буй дотоодын хүн ам болон бусад эрэлт хэрэгцээг найдвартай, боломжийн үнэтэй эрчим хүчээр хангах онцлог байршилд байна. Жишээлбэл, Говийн бүс нутаг жилдээ 260 гаруй өдөр цэлмэг, байнгын нартай, мөн хүчтэй салхины урсгал ихтэй байдгаас үүдэн дэлхийд нар, салхинаас эрчим хүч гаргаж авах боломж хамгийн ихтэй газруудын нэг хэмээн тогтоогдсон байна.
Мөн нар, салхи нь шинээр эрчим хүчний үүсвэр нэмэх хамгийн хямд шийдэл болсон тул дэлхий дахинд шинээр баригдаж буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн дийлэнх хувийг эзэлж байгаа нь гайхмаар зүйл биш юм. Сүүлийн арван жилийн хугацаанд технологийн инновац, масс үйлдвэрлэл, бодлогын тогтвортой орчин болон өрсөлдөөнт тендерийн ачаар хуурай газрын салхи болон нарнаас эрчим хүч үйлдвэрлэх өртөг эрс буурч, улмаар бүх төрлийн эрчим хүчний хамгийн хямд эх үүсвэр болоод байна. Дэлхийн улс орнууд өрсөлдөөнт үнэ тогтоох системийг бүрдүүлснээр эрчим хүчний хямд тарифыг тогтоож чадсан билээ.
Монгол Улс хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгосноор, байгалийн их нөөц бололцоогоо ашиглан хямд өртөгтэй сэргээгдэх эрчим хүчний үр ашгийг хүртэх боломжтой болох юм.
Нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл нь хямд зардалтайгаас гадна, дотоод нөөц баялагт тулгуурладаг тул Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, хараат бус байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулна. Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлснээр Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг эрс багасгаж, агаарын хэмийн өсөлтийг хязгаарлах дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах боломжтой. Мөн, хот суурин газруудад сэргээгдэх эрчим хүч ашиглах нь агаарын бохирдлыг эрс бууруулж, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, амьсгалын замын болон халдварт бус өвчлөл болон хүн амын эрт нас баралтыг бууруулахад ач холбогдолтой аж.
Монгол Улс байгалийн асар их нөөц баялгаа ашиглаж, сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжилд анхаарлаа хандуулбал уг шинэ эрчим хүчний салбарт ажлын байр шинээр нэмэгдэх ба гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах боломжтой. Урт хугацаандаа уур амьсгалын болон эрчим хүчний шилжилтийн улмаас бусад улс орны эрчим хүчний нүүрсний импорт буурах хандлагатай байна. Энэ тохиолдолд Монгол Улс цэнэг хураагуур үйлдвэрлэх болон эрчим хүчний бусад технологид ашиглагддаг байгалийн баялгийн олборлолт, экспортоор тэргүүлэгч улс болох боломжтой. Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний зах зээлийг бэхжүүлэх нь эдийн засгийг төрөлжүүлэхэд нэмэр болж мөн цэвэр технологи ашиглан экспорт хийх үйлдвэрүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, эрэлт өндөртэй байгаа дэлхийн зах зээлд нийлүүлэх боломж бүрдэнэ.
Үүнээс гадна, сэргээгдэх эрчим хүч ашиглах, үр ашгийг нэмэгдүүлэх нь уул уурхайн олборлох салбарыг бүтээмжтэй, хэмнэлттэй болгоход тустай бөгөөд тус салбарын өрсөлдөх чадварыг хадгалахад үр дүнтэй юм.
Бид сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн суурь орчныг бий болгох замаар Монгол Улс эрчим хүчний тогтвортой, найдвартай байдлыг хангах “эрчим хүчний тэнцвэрт” байдал руу шилжилт хийхийг дэмжиж байна. Харин урт хугацаандаа Монгол Улс эрчим хүчний хэрэгцээгээ сэргээгдэх эрчим хүчнээс түлхүү авахыг эрмэлзэх, шатах ашигт малтмалыг нөөц хувилбар байдлаар ашиглах нь зохистой юм.
Түгээмэл асуудлууд
Нар, салхи болон ус зэрэг сэргээгдэх эрчим хүч нь их хэмжээний анхан шатны хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт шаардлагатай хэдий ч урт хугацааны үр өгөөжөөс эдгээр хөрөнгө оруулалтын зардлуудыг нөхөх боломжтой. Хувийн хэвшил дунд өрсөлдөөнт тендер зарлаж сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх зэрэг арга барилыг ашиглах нь сэргээгдэх эрчим хүчний байгаль орчны болон санхүүгийн үр ашгийг хадгалж, төрийн зүгээс хийх анхан шатны хөрөнгө оруулалтын зардлыг дорвитой бууруулахад хувь нэмэр оруулж болох юм.
Нар, салхины цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний технологитой холбоотой түгээмэл асуудлуудын нэг нь эдгээр эх үүсвэрийн үйлдвэрлэж буй эрчим хүчний тогтворгүй байдал байдаг.
Өөрөөр хэлбэл, эдгээр эх үүсвэрээс гаргаж буй эрчим хүч нь нар, салхины нөлөөллөөс хамааран хувьсаж байдаг тул эрчим хүчний сүлжээний шинэ менежментийн технологи, арга барил шаардагддаг. Эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний өндөр нэвтрэлтийг хангахын тулд эрчим хүчний систем, ялангуяа цахилгаан дамжуулах сүлжээг илүү том, хүчин чадалтай, ухаалаг болгох хэрэгтэй. Иймд шаардагдах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх гол арга хэмжээнүүдийн нэг нь нөөц цэнэг хураагуур (батарей, усан цэнэгт цахилгаан станц) суурилуулах эсвэл ирээдүйд ногоон устөрөгч үйлдвэрлэх явдал юм.
Эхний хэрэгжүүлсэн туршлагаас үзэхэд Монгол Улс эдгээр болон бусад тулгарч буй саад бэрхшээлүүдийг даван туулахад бэлэн байна. Жишээлбэл, Азийн Хөгжлийн Банк нь Монгол Улсын анхны ахисан түвшний хэрэглээний эрчим хүчний цэнэг хураагуурын системийг Улаанбаатар хотын ойролцоо барих төслийг санхүүжүүлж байна. Үүнээс гадна Япон Улс Дархан дахь цахилгааны дэд станц дээр цэнэг хураагуурын системийг суурилуулахад дэмжлэг үзүүлж байна. Эдгээр байгууламжийн тусламжтайгаар эрчим хүчний оргил ачааллын үед цэвэр эрчим хүч нийлүүлэх, мөн эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний нэмэлт эх үүсвэрүүдийг холбох боломжтой юм. Энэ мэт санаачилгууд нь сэргээгдэх эрчим хүч ашиглахад тулгарах эрсдэлүүдийг давах, улмаар цаашид их хэмжээгээр үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх болно.
Санхүүгийн талаас авч үзвэл, Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалт гол үүрэг гүйцэтгэнэ. Хэрвээ Монгол Улсын эрх баригчид сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчидтэй байгуулсан эрчим хүч худалдан авахад үүсээд буй тарифын асуудлыг гэрээний дагуу бүрэн шийдвэрлэж хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхгүй бол цаашид гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулахад эргэлзэх нөхцөл бүрдээд байна.
Бусад улс орны жишээ
Сайн мэдээ гэвэл эдгээр сорилтуудыг шийдвэрлэх боломжтой ба дэлхийн олон улс орнууд хувьсамтгай эрчим хүчний эх үүсвэрүүдийг одоо ажиллаж буй эрчим хүчний системүүдэд их хэмжээгээр холбосоор байгаа юм. Сайн жишээ гэвэл Ирланд Улс эрчим хүчнийхээ 35 гаруй хувийг хуурай газрын салхин цахилгаан станцаас гарган авч байна. Ирланд Улс нь бусад улс орнуудтай хийсэн эрчим хүчний сүлжээний холболт цөөхөн бөгөөд өөрийн эрчим хүчний сүлжээний тэнцвэрийг хангадгаараа Монгол Улстай төстэй юм.
Узбекистан Улс зэрэг Төв Азийн бүс нутаг дахь Монгол Улсын хөрш орнууд, салхины эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлаа эрс нэмэгдүүлж байна. Узбекистан Улс нь сэргээгдэх эрчим хүчний дуудлага худалдааны хөтөлбөрийг баталсан бөгөөд өрсөлдөхүйц хямд тарифаар шинэ эх үүсвэрүүдийг амжилттай гэрээлсэн. Узбекистан Улс 2030 он хүртэл 7ГВт нарны эрчим хүч, 5ГВт салхины эрчим хүч үйлдвэрлэх, улмаар өөрийн эрчим хүчний хэрэгцээний 25 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авах зорилт тавиад байна.
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болон эрчим хүчний сүлжээ нь хоорондоо асар их зайтай, мөн нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас ихээхэн хамааралтай байдгаараа Монгол Улстай ижил Австрали Улс 2030 он хүртэл эрчим хүчний хэрэгцээнийхээ 82 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гаргаж авах зорилт тавин хэрэгжүүлж байна. Австрали Улс 2017 онд нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 17 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гаргаж байсан бол өнөөдрийн байдлаар энэ үзүүлэлт 36 хувьд хүрэн нэмэгдсэн байна.
Дүгнэлт
Монгол Улс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих замналаар явж, тогтвортой хөгжлийг идэвхтэй дэмжигч улс болох сонголтын өмнө ирээд байна. Монгол Улс нь Парисын Хэлэлцээр зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн, заавал дагаж мөрдөх олон улсын конвенцод нэгдэн орсон бөгөөд 2030 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь бууруулах томоохон зорилтыг дэвшүүлсэн билээ. Сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах хууль эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх нь энэхүү хүлээсэн амлалтаа биелүүлэхэд чухал алхам болох юм.
Бүх улс орнууд ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх сорилттой тулгараад байна. Энэ бол мэдээж ганц хоногийн дотор хүрэх зорилт биш юм. Монгол Улсын хувьд эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрс хэвээр байж болох хэдий ч цаашид хязгаарлагдмал, харин сэргээгдэх эрчим хүч бол ирээдүйтэй юм. Сэргээгдэх эрчим хүч рүү шилжих нь Монголчуудын байгаль дэлхийгээ дээдлэх уламжлалт ёс заншилтай ч нийцэх юм.
Монгол Улс нь тогтвортой хөгжлийн чиглэлээр бусад улс орнуудыг манлайлах онцгой бололцоотой, мөн хөрөнгө оруулалт татахаас гадна бүс нутгийн бусад улс орнуудад байгаль хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүний хөгжил, эрүүл мэндийг дэмжих, хөрөнгө оруулах чиглэлээр жишиг загвар тогтоох боломжтой.
Дүгнэж хэлэхэд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах нь олон талын ач холбогдолтой юм. Энэ нь Монгол Улсын байгаль орчин, ард түмэнд үр өгөөжтэй ба эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдал, хараат бус байдлыг хангахад чухал нөлөөтэй. Боломж байгаа учраас түүнийгээ ашиглах, хөрөнгө оруулах хэрэгтэй. Ингэснээр ирээдүй хойч үедээ илүү хөгжингүй, эрүүл, гэрэлт ирээдүйг бий болгох бөгөөд энэ тал дээр Монгол Улсын хөгжлийн түншүүд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.
Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих түншүүд доор гарын үсэг зурав.
- Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
- Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
- Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газар
- Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
- Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
- Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
- Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
- Швейцарын Холбооны Улсын ЭСЯ-ны Консулын хэлтэс
- Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
- Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
- Aзийн Хөгжлийн Банк
- Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк
- НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр
- НҮБ-ын Суурин Зохицуулагчийн ажлын алба
- Дэлхийн банк
Холбоотой мэдээ