АЭХ-ны хурал өнөөдөр /2023.09.25/ болж ерөнхийлөгчөө сонгоно. Нийт долоон нэр дэвшигч ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж байна.
АЭХ-ны хурал хаалттай горимд шилжлээ
Өглөө 11.00 цагт эхэлсэн АЭХ-ны хурал 15.30 цагийн орчимд хаалттай горимд шилжлээ. Энэ үеэр нэр дэвшигч бүр 20 минутын хугацаанд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, асуулт хариултад хариу өгнө. Түүнчлэн зарим нэр дэвшигчдийн зүгээс энэ удаагийн сонгуулийг хайрцагласан хэмээн дүгнэсэн бол зарим нь гол өрсөлдөөн Б.Жаргалан, А.Адъяасүрэн нарын хооронд явагдаж байгааг үгүйсгэсэнгүй. Хөтөлбөр ёсоор бол санал хураалтын дүн 19.00 цагийн орчимд дуусах бөгөөд ялалт байгуулсан нэр дэвшигчид батламж гардуулах ажиллагаа болох юм байна. Уг хуралд нийт 660 гаруй эмэгтэй төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Мөн долоон жилд нэг удаа болж буйгаар онцлог зохион байгуулагчид хэлж байлаа.
Б.Жаргалан: Бүх шатанд эмэгтэйчүүдээ бодлогоор дэмжиж, ажиллана
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс мөрийн хөтөлбөрийнх нь талаар тодрууллаа.
Нэр дэвшигч Ц.Уянга:
-Би сүүлийн нэр дэвшигч учраас өөрийн “дугтуйг” задалмааргүй байна. Нийгэм АН-ыг их хүлээж байгаа. Улс орны нийгэм эдийн засгийн байдлыг бүгд мэдэж буй учраас иргэд АН-аас аврал хүлээсэн, горьдсон том хүлээлттэй байна. Энэ хүлээлтээс хамаарч бидэнд итгэлээ өгөх үү үгүй юу гэдгээс олон юм шалтгаална. Энэ хурлаас гарах сонголтоос хамаарч АН-ын дараагийн өрсөлдөөн явах уу, босгыг нураах уу гэдэг нь хамаарна. Би ч гэсэн хүлээж байгаа хүний нэг. Хоёрдугаарт, эмэгтэйчүүдийг бодлогын чанартай бүлэглэл, фракцад хуваагаад өөрсдийн гал хөлийн үзүүрийн нэг хэсэг байлгадаг буруу соёлыг арилгах ёстой. Эмэгтэйчүүд өөрсдөө манлайлж чадах уу, үгүй юу гэдэг сорилтод өөрийгөө сорьж байна. Хоёрдугаарт, би өөрийгөө үнэхээр манлайлагч мөн эсэхийг өөрөө, өөртөө шалгаж байна. Энэ хаалгаар орж ирэхэд би хүмүүстэйгээ танилцъя гэж бодсон.
Процессын хувьд шударга явахад итгэл төрөхгүй байна. Орж ирэхэд уур хүмүүсийнх нь уур амьсгал бие биеэсээ жийрхсэн байдаг юм байна.
Нам хүсэл санаан дээрээ эвлэрсэн үү эсвэл хуучин бугшсан аргаа шийдээгүйгээр “сонгууль” гэдгээр машинаа ажиллуулаад явах уу гэдэг том сорилтод ирж байна.
Нэр дэвшигч А.Адъяасүрэн:
-Ардчилсан эмэгтэйчүүд чуулж байна. Зөв шударга сонгууль болох байх гэж миний хувьд найдаж байна. Нийт оролцож буй эмэгтэйчүүддээ шударга зөв өрсөлдөөсэй гэж бодож байна. Нийтдээ 661 эмэгтэй чуулж байна. Саналынхаа эрхээр олонхын саналаа дагана. АН долоон жилийн дараа АЭХ-ны сонгуулиа хийх гэж байна. Тодорхой хэмжээний дүрэм журмын өөрчлөлт орох ёстой.
Манай намд шинэ салхи өөрчлөлтийг авчрах үйл явц болж байна. Би үндсэн таван зүйлийг тулгуурлаж ярьж байгаа. АЭХ бол хүчирхэг холбоо байх ёстой. Эмэгтэйчүүд хэчнээн боловсролтой ч улс төрд ороход ганцхан зүйл дээр гацдаг. Тэр бол санхүү. Иймээс АЭХ-г санхүүгийн хувьд хүчирхэгжүүлэх бодлого тавьж байгаа. Хоёрдугаарт, дотоод асуудал руугаа анхаарал хандуулсан мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байна. Би Баянхонгор аймгийн АЭХ-ны тэргүүнээр ажилладаг. Манай орон нутгаас АН-аас сонгогдсон ганц эмэгтэй гишүүн бол би. Орон нутгийн зовлон жаргалыг сайн мэддэг учраас Баянхонгор аймагт эмэгтэйчүүдийн манлайллын төслийг хэрэгжүүлсэн. Аймгынхаа 21 сумыг бүгдийг нь цахимжуулсан. Сайн туршлага дээрээ үндэслээд улс даяар цахимжуулах бодлогыг баримталж байна.
Миний хувьд жагсаалтад орох нь миний сонирхол биш. Миний хувьд УИХ-ын гишүүн, эмэгтэйчүүдийнхээ манлайллыг дэмжих, улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх квотыг 30 хувь болгоход оролцсон хүний хувьд туршлага, чадвар, мэдлэгээ практикт хэрэгжүүлнэ. Аль болохоор олон эмэгтэйг улс төрд оруулж ирэх зорилгоо пракикт хэрэгжүүлье гэж бодоод нэрээ дэвшүүлсэн.
Жагсаалт гэдгийг би спорттой зүйрлэж байгаа. Жигшээ багийн тамирчид жагсаалтад орох ёстой. Намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулах, тойрогт өрсөлдөж буй гишүүддээ дэм болох хүмүүсээ жагсаалтад оруулах ёстой.
Нэр дэвшигч Б.Жаргалан:
-Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн эрх зүйн орчин өөрчлөгдсөн. Түүн дотроо жендерийн квот 30 хувь болж босго оноо тавигдсан. Үүнийг нэмэгдүүлж, 40, 50-д хүргэнэ гэсэн бодлого дэвшүүлж байгаа.
Ардчилсан намаас бүх шатанд 40 орчим хувийн нэр дэвшилтийг эмэгтэйчүүдээ хийнэ гэсэн. Бид шат шатандаа буюу Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд эмэгтэйчүүдийг олноор нэр дэвшүүлж, нь төрүүлэх шаардлага байгаа. Тийм учраас Орон нутгийн сонгуулийн тухай хуульд анхаарч ажиллана.
Нам дотроо дотоод ардчиллын хүрээнд бүх шатанд эмэгтэйчүүдээ бодлогоор дэмжиж ажиллана гэдэг асуудлыг мөрийн хөтөлбөртөө багтаасан. Аль болох олон эмэгтэй нэр дэвшигчийг оруулж ирж, намынхаа удирдах албан тушаалд эмэгтэйчүүдээ тавьж чадах юм бол ирэх жилийн сонгуульд Ардчилсан намын мөрийн хөтөлбөр болоод Засгийн газрын мөрийн хөтөлбөр болох зүйлүүдэд нийгмийн хамгаалал зэрэг эмэгтэйчүүдийн маш сайн ойлгодог чимхлүүр асуудлууд дээр Ардчилсан нам өөр өнгө төрх үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Нэр дэвшигч Д.Эрдэнэсувд:
-Гурван үндсэн зарчим барьж ажиллана. Би биш бид төвтэйгээр ажиллах ёстой. Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш эв нэгдэлтэй нам байж чадаагүйгээсээ өнөөдөр бодлого боловсруулах төвшинд цөөнх байгаа. Эвлэрлийг эмэгтэйчүүд манлайлах ёстой учраас эв нэгдэлтэйгээр энэ чуулганаа хийгээд, ялсан ялагдсан нь хамтраад ажиллах ёстой гэдэг зарчим барьж байгаа. Ардчилсан нам ирэх оснгуульд өрсөлдөх нэр дэвшигч эмэгтэйчүүдээ одооноос бэлтгэх ёстой.
Би Ардчилсан намын Гадаад харилцаа сургалтын хэлтсийн даргаар ажллаж байхдаа эмэгтэйчүүдээ БНСУ, Англи, Америкт сургаж байсан. Одоо орон нутагт нэр дэвших эмэгтэйчүүдээ мөн бэлтгэнэ гэсэн зорилт тавьж байна.
Нэр дэвшигч Д.Үүрийнтуяа:
-Миний хувьд 30-аад жил Ардчилсан намын гал тогоонд нь ажиллаж ирсэн. Эмэгтэйчүүдийн байгууллагад ямар ажлууд хийх вэ гэдгийг түлхүү мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн. Ардчилсан намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг бол баруун төвийн үзэл баримтлалын төлөө ардчилсан үнэт зүйлтэй эмэгтэйчүүдийг төлөвшүүлж, улс төрийн намдаа дэмждэг үзүүлэх ёстой байгууллага. Тэр утгаараа яавал эмэгтэйчүүдийн байгууллагыг чадавхижуулах вэ, дараа дараагийн сонгуульд нь шийдвэр гаргах төвшинд нь олноор оруулж дэмжих вэ гэдэг бодлого хэрэгжүүлнэ. Дотоодоос гадна гадаад руу хандсан ажлыг хийнэ. Залуу, дунд, ахмад насныхан руугаа хандсан бүх л арга хэмжээг хийж хэрэгжүүлнэ.
С.Одонтуяа: Хэн ялах нь чухал биш цаашид АН-ыг ялахад бүгд хамтраад явах ёстой
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны чуулган эхэллээ. Энэ удаагийн чуулганаар холбооны ерөнхийлөгчөө шинэчлэх асуудал яригдах юм.
Одоогийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл өглөө. Тэрбээр, Ардчилсан намыг хүмүүс залуу үед хариуцлага үүрүүлдэггүй, сонгуулийн өмнө залуу үед хүнд ачааг нь үүрүүлж сур гэдэг. Ардчилсан намд 20, 30 жил бэлтгэгдсэн, шинэ залуучууд орж ирж байгаад баяртай байна. Хэн ялах нь зорилго биш ардчилалтай байж, нэгдээд, хамтраад явах хэрэгтэй. Ардчилсан нам дээрээ жигдэрсэн, намын Улс төрийн зөвлөл ажиллаж байгаа. Бид яаж Ардчилсан намыг ялуулах вэ гэдэг дээр л санал нэгдэж байх ёстой. мэдээж өрсөлдөхөд нэг, нэгийгээ дэмждэг асуудал бий ч хэн нь ч сонгогдсон бие биенийгээ дэмжээд хамтраад явах нь л чухал” гэлээ.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо ерөнхийлөгчөө сонгоно
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган өнөөдөр /2023.09.25/ болж, ерөнхийлөгчөө сонгоно. Тус чуулганд 21 аймаг есөн дүүргийн 800 гаруй төлөөлөл оролцож АЭХ-ны шинэ ерөнхийлөгчийг сонгон баталгаажуулна. Одоо тус холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажиллаж байгаа бөгөөд тэрбээр өөрөө дахин өрсөлдөхгүй, бусад эмэгтэйчүүддээ боломж олгоно гэдгээ мэдэгдээд юм.
АРДЧИЛСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНД НЭР ДЭВШИГЧИД:
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан
- "М-Ойл" группийн захирал Б.Пунсалмаа
- Ашигт малтмалын газрын дарга асан Д.Үүрийнтуяа
- ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэсувд,
- АН-ын гишүүн Ц.Уянга,
- АН-ын гишүүн Н.Одонгуа
Холбоотой мэдээ