Монголын кино урлагийнхны мөрөөдөл болсон олон улсын наадмын улаан хивсээр алхаж, шагнал хүртэнэ гэдэг их том аз завшаан. Энэ алтан боломжийг Монголын шинэ залуу эмэгтэй найруулагчид эх орондоо авч ирэв. Тэд олны танил жүжигчин, хөрөнгө мөнгөтэй эрхэм биш. Өөрийн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн жирийн нэг бүсгүй, ээж, эхнэр, уран бүтээлч. Тэд бол найруулагч Пүрэвдашийн Золжаргал, Пүрэв-Очирын Лхагвадулам нар юм.
Дэлхийн А зэрэглэлийн хамгийн том кино наадам болох Францын Каннын кино наадамд монгол найруулагч бүсгүйн кино албан ёсоор сонгогдсон. Түүхийн хуудас эргүүлсэн энэ уран бүтээл бол П.Золжаргалын “Баавгай болохсон” уран сайхны кино. Харин найруулагч П.Лхагвадуламын бүтээл "Сэр сэр салхи" уран сайхны кино нь 80 дахь удаагийн Венецийн олон улсын наадамд амжилттай оролцож, "Алтан арслан"-гийн эзэн болсон нь Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх түүхэн үйл явдал байв.
Монголын кино урлагт эмэгтэй найруулагч хуруу дарам цөөн. Харин П.Золжаргал, П.Лхагвадулам нар кино урлагийн шинэ үеийн салхи.
Тэднийг олон улсын кино наадмын шүүгчид маш авьяаслаг уран бүтээлч гэж сайшаахын зэрэгцээ Монголын киноны сэдэв өөрчлөгдөж байгаагийн тод жишээ гэж үнэлсэн байна. Энэ тухай Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүн, багш Б.Пүрэвдорж ярихдаа "Монголын кино урлагт хоёр ч кино том амжилт гаргаад байна. Эндээс олон уран бүтээлч урам зориг авч, олон улсын наадамд оролцож, шүүмжлэгч, шүүгч нар ямар бүтээлийг үнэлж дүгнэж байгааг мэдэж, нүдээ нээх цаг болсон.
Уран бүтээлчид боломжгүй гэж ярьдаг байсан цаг ард хоцорсон.
Маш богино хугацаанд том том үйл явдал болж байна. Кино төсөл эхлээд цаасан дээр, итгэл дээр тогтдог. Энэ хоёр төсөл амжилттай хэрэгжиж, шагнал авсанд баяртай байна. Маш их сургалтууд явагдсан. Ирэх жилүүдэд улам чанар нь сайжрах байх. Өнгөрсөн жил Бусаны олон улсын наадамд очиход Монголын киноны сэдэв өөрчлөгдөж байна гэдгийг хэлж байсан" гэсэн юм.
Соёлын яамны урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн 80 дахь удаагийн Венецийн наадамд яамаа төлөөлөн оролцжээ. Тэрбээр "Венецийн кино наадмын захирал Алберто Барбера Монголын уран бүтээлчдийн хөндөж байгаа сэдэв энэ жилийн наадмын сэдэвтэй нийцэж байна.
Бусдын соёлд хүндэтгэлтэй харьцах, бидний анзаардаггүй тэр соёлын өвийг "Сэр сэр салхи" уран сайхны кино хөндсөнөөрөө онцлог байсан" гэж сайшаасан тухай ярилаа.
Тэрбээр "Венец бол зөвхөн уран бүтээл тал дэр фокусладаг наадам. Тийм учраас жижиг арал дээр уран бүтээлч, үзэгч, туурвигчдыг уулзуулж, гинжин холбоог бий болгодгоороо онцлог наадам" гэдгийг хэлсэн үгэндээ онцолсон юм.
Найруулагч П.Золжаргалын хувьд 2008 онд Япон улсын “Обирин” хувийн их сургуулийн кино найруулагчийн ангид суралцах 100 мянган ам.долларын тэтгэлэгт тэнцэж, төгссөн. Тэрбээр "Баавгай болохсон" уран сайхны киноныхоо зохиолыг 2016-2017 оны өвлөөс бичиж эхэлсэн. Кино төслөө олон улсын залуу найруулагчдад зориулсан сангийн сургалтуудад оролцож ирсэн.
Хамгийн анх 2017 онд залуу найруулагчдад зориулсан "Talents Tokyo”-д кино зохиолтойгоо оролцож, “Баавгай болохсон” кино төслөө танилцуулан 3000 ам.долларын шагналын сантай уралдаанд түрүүлсэн.
Тэндээс би үнэ цэнэтэй түүх бичиж байна гэдгээ ойлгосон гэх үү. Мөн надад кино зохиолоо улам хөгжүүлэх тэтгэлэг олгож, тэнд франц продюсертэйгээ анх танилцсан байдаг. Франц улсын Urban Sales компанийн ерөнхийлөгчөөр ажилладаг хүн. Тэр цагаас хойш зургаан жилийн дараа бидний киноны ажил маань дуусч байна" гэдгийг хэлж байлаа.
Харин П.Лхагвадулам найруулагч Португалийн Лиссабон хотын Лусофона их сургуульд кино зохиолын чиглэлээр докторын зэрэг горилж байгаа бөгөөд тэрбээр "Сэр сэр салхи" бүтээлийнхээ талаар ярихдаа "Би 2014 онд ээжтэйгээ хамт бөө дээр очсон юм. Бөөгийн зан үйл болсны дараа гадаа ээжийгээ хүлээж суусан. Тэгэхэд миний хажууд 18 настай гэмээр залуу хүү чихэндээ ээмэгтэй, хоёр гарандаа шивээстэй, "күүл" стиль имижтэй бөө сууж байсан. Энэ киног хийх санаа тэр мөчид төрсөн. Тэр үед оюутнуудад багшилж байхад оюутнууд дунд маань ч ганц хоёр бөө хүүхэд байсан. Орчин цагийн монгол залуус ямар асуудлыг давж гардаг вэ гэдгийг бодож 2017 онд кино зохиолын магистрт сурч байхдаа анх зохиолоо цаасан дээр буулгаж байсан. Зохиолоо бичээд хэнд хандахаа мэдэхгүй, хаанаас санхүүжилт авахаа мэдэхгүй байлаа. Тэр үед кино урлагийн зөвлөл байгуулагдаж, тэр үед олон азтай зүйлс болж өнгөрсөн. Таван жилийн дотор хүсэл мөрөөдөл маань биеллээ. Энэ хугацаанд үр дүнд гарахгүй бол энэ ажлаа хаяна гэж өөртөө амласан" тухайгаа ярьсан юм.
Тэд ашиг олох гэж биш уран бүтээл хийх чин хүсэл эрмэлзэлтэй. Зөв амбицтай уран бүтээлчид. Элдэв сурталчилгаа, маркетинг хийхээс илүүтэй хийж байгаа уран бүтээлээрээ нийгэмд "дуугарах"-ыг илүүд үздэг.
Тэд одоо Өмнөд Солонгос улсад зохион байгуулах Бусаны олон улсын наадам руу явахаар бэлдэж байна. Үүний дараа ч олон наадам тэднийг хүлээж байна.
Холбоотой мэдээ