Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухайн конвенц нь дэлхийн улс орнууд хүүхдийнхээ эрхийг сахин хамгаалахаа амласан чухал хэлэлцээр юм. Хүүхдийн эрхийн тухайн конвенцод хүүхэд гэж хэнийг хэлэх, тэд ямар эрх эдлэх, тэдгээр эрхийг хэрэгжүүлэхэд төр ямар үүрэгтэйг тайлбарласан байдаг. Хүүхдийн бүх эрх хоорондоо салшгүй холбоотой, бүгд эн тэнцүү ач холбогдолтой, тэдгээрийг хүүхдээс булаан авах эрх хэнд ч байхгүй.
Тэгвэл хүүхэд гэж хэн бэ….
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд 18 нас хүртэлх бүх хүнийг хүүхэд хэмээн тунхагласан. Гэтэл Монголчууд бид хүүхэд гэх ганц ангиллыг нэг биш нэжгээд олон болгож өөрчилсөн бас ойлгосон. Яг тэр ялгаатай ойлголтынхоо хүрээнд тэдэнд ялгавартай ханддаг. Угтаа 18 нас хүрсэн хүн бие даан шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийнхээ үр дагавар, үүрэг хариуцлагыг бүрэн хүлээх чадвартай гэж үздэг. Тийм учраас 18 нас хүрээгүй хэн бүхний өмнө асран хамгаалагч, эцэг эх, албан байгууллагын удирдлагууд, нийгмээрээ нийтээрээ томчуудын хүлээх хариуцлага өндөр байдаг.
Хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч хөгжих боломж, орчин нөхцлийг бүрдүүлж чадаагүй бол томчууд хариуцлага хүлээх нь зүйн хэрэг.
Өнгөрсөн долоо хоногт гарцаар гарч байгаад авто тээврийн осолд өртөж нэг нь газар дээрээ амь насаа алдаж, нөгөө нь гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн 12-13 настай хүүхдүүдийн мэдээлэл олныг айдаст автуулав. Тийм учраас жолоо барихдаа дүрэм зөрчсөн этгээдүүдэд хүлээлгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх талаарх асуудлыг иргэд болоод олны танил эрхэмүүд, хууль тогтоогчид хөндөж эхлэв. Тухайлбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатарын мэдээлснээр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны наймдугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд авто ослоор 228 хүүхэд амиа алдсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 151,212 зөрчил гарснаас 31,166 нь эргээд замын хөдөлгөөнд оролцон журамлагдсан талаар мэдээ танилцуулав. Тэрбээр аравдугаар сард эхлэх намрын чуулганаар хэлэлцэх Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах агуулгаар нь засаж, шинэчлэн замын хөдөлгөөний танхайрал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үеийн хариуцлагыг чангатгах заалтуудыг ажлын хэсгийн ахлагчийн хувьд оруулна гэдгээ цахим хуудсаараа дамжуулж олон нийтэд илэрхийлсэн.
Одоогийн мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуульд зааснаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 мянган төгрөгөөр торгодог. Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсвэл жолоодох эрх нь дууссан хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин барьсан бол албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж байгаа билээ. Тиймээс хариуцлага алдсан, анхаарал болгоомжгүй байсан, хууль зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлье гэв. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болоод хурд хэтрүүлж давхисан хууль зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэх нь зүйтэй. Түүнчлэн бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлээгүй томчуудад хүлээлгэх хариуцлагыг орхигдуулж болохгүй.
Тэр дундаа төрсөн үр хүүхдэдээ тавих анхаарал болгоомж, хайр халамж, цаг заваа багасгасанаар эрсдэлд оруулсан эцэг эхчүүдэд хариуцлага тооцъё.
Ямар нэгэн байдлаар хүүхэд холбогдсон гэмт хэрэг, хохирсон зөрчил, цаашлаад амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүрийн цаана буруутай этгээд байдаг ч үр хүүхдээ болзошгүй эрсдлээс хамгаалж чадаагүй хариуцлагагүй эцэг эхчүүдэд ямар хариуцлага хүлээлгэв.
“Эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй” гэх мэргэжлийн байгууллагуудаас өгдөг мэдээлэл уриа лоозон биш улиг домог болчихсон. Хүүхдийг гэмт хэргийн ертөнцөд хөл алдахад хүргэсэн, цаашлаад амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохироход хүргэсэн хамгийн хариуцлагагүй хүмүүс нь тэдний аав, ээж ар гэрийнхэнтэй шууд холбоотой байдаг. Хүүхдүүддээ тавих харахаа хяналтаа сулруулсантай шууд холбоотой байдаг. Хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг санаан зоргоор асуудал юм уу, санаандгүй үйлдлийн үр дагавар байдаг хэнэггүй байдлыг таслан зогсооё. Хүүхэд төрөх бүрд хүлээх хариуцлага, үүрэх ачаа, өсгөх орчинг нарийн тооцдог тогтолцоонд хуулийн дагуу шилжье.
Төрүүлсэн үрээ битгий хэл төөрсөн муур, нохой, амьтдыг өсгөх, үржүүлэх, үрчлүүлэх талаарх хууль эрх зүйн орчин нөхцөл эрс сайжирсан.
Тэгвэл усанд унаж, галд шатаж, автомашинд дайруулж, ар араасаа айдас дагуулах мэдээний гол дүр хүүхэд байдаггүй нийгмийг бүтээхийн төлөө ээж, аав байхын тулд хүлээх хариуцлагыг нэмье. Үр хүүхдээ ирээдүйн сайн сайханд үлгэрлэж чадаагүй эцэг эхчүүдийг аав, ээж байх эрхээс нь татгалзуулахаас гадна, эдийн засгийн, эрх чөлөөний хоригт оруулъя. Төрүүлсэн үр хүүхэддээ төөрсөн муур нохойноос илүү анхаарал хандуулах шаардлагатай байна.
Холбоотой мэдээ