Эдийн засгаас илүү иргэний ёс зүй ярья!

Хуучирсан мэдээ: 2023.09.25-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Эдийн засгаас илүү иргэний ёс зүй ярья!

Эдийн засгаас илүү иргэний ёс зүй ярья!

Өнгөрсөн долоо хоног бидний хувьд үр хүүхэддээ хэр зэрэг хайхрамжгүй ханддаг, томчууд бид хариуцлагүй байдгийн гашууныг мэдэрсэн харамсалтай өдрүүд өнгөрөв. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд олноороо хоолонд эсвэл өөр зүйлд хордож, гарцан дээр явж байгаад л дайруулаад, гэмтчихсэн, нас барчихсан, бага насны хүүхдүүдийн зүй бус бичлэг, өсвөр насныхан нэгнийгээ шатаахыг завдсан гээд юу эсийг үзэв гэмээр…

Шашны сургуулийн хүүхдүүд нэгнээ хүчирхийлсэн гэх асуудал эцэслэн шийдэгдээгүй, хэн буруутай нь тогтоогдож амжаагүй байхад балчир хүүхдүүдийн хийж буй үйлдэл бид ямар хэмжээнд хүүхдүүдээ “хаясан”-ы илрэл. Үр хүүхдүүддээ тавих хараа хяналт ямар хэмжээнд байдаг вэ, хүүхдүүд нэгэндээ ямар үлгэр дууриалал үзүүлж байна вэ гэдэгт огтхон ч анхаардаггүй, анзаардаггүйн жишээ тэр хүүхдүүдийн гаргаж буй үйлдэл. Түүгээр зогсохгүй амьдрал үзээгүй өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ шатаахыг завдсан аймшигтай мэдээ дуулдав. Учир нь юу байхаас үл хамаарч хүүхдүүдээс ийм харгис үйлдэл гарна гэдэг харамсаад, халаглаад барамгүй.

Үүний цаана сургуулийн хүртээмжгүй байдал, багш нарын хүрэлцээ, боловсролын тэгш бус байдал, нийгмийг соён гэгээрүүлэх, соёлжуулах, ёс зүйтэй болгон иргэнээ төлөвшүүлэх төрийн бодлого гээд олон зүйл хөндөгдөнө. Гэвч юу юунаас илүү эцэг, эхийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болоод өнөөдөр хүүхдүүд олон түмний нүдэн дээр, айж ичих зүйлгүй "эмзэг" үйлдлүүд хийгээд байж байх. Өнөөдөр бид үр хүүхдүүдээ хаана хэнтэй яаж нөхөрлөж байгаа, юу хийж байгаа, сургуулийн орчинд юу сурч, үзэж, туулж байгааг нь анхаардаг билүү гэж нэг асуугаад, анзаараад үзээсэй.

Гарцан дээр явж байгаа хүүхдүүдийг нэг хүний хариуцлагагүй, хайнга үйлдлээс болоод дайрч гэмтээдэг, амь насыг нь хохироодог томчуудын үйлдлийг харахаар хүүхдүүдийн тэр бичлэг “тусгал” нь ч юм шиг.

Нэгэнт болоод өнгөрсөн мэт боловч цаашид бид хэрхэх вэ. Хүүхдүүдээ яаж хүмүүжүүлэх, яавал эрүүл аюулгүй орчинд амьдруулах, яавал нэг ч гэсэн том хүн хариуцлагатай байх вэ. Ардчилал бидэнд ирснээр хүн бүхэн хүссэнээ хийж, хэлж, ярьж, өнөөдөр нийслэл Улаанбаатар яаж хөгжиж, бид дэлхийн аль ч өнцөгт очих боломжтой болсон, техник, технологийн дэвшил гээд сайхан зүйлс, хөгжил дэвшил гээд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж буй. Цаашид ч бид илүү их хөгжиж, дэлхийн олон олон нээлттэй зэрэгцэн орших биз ээ. Гээд бид эргээд харахад хүнээ хөгжүүлэх тал дээр юу хийв, бид өнөөдөр яагаад ийм харгис, хатуу, энэрэнгүй бус, хариуцлагагүй болчихов гэж бодмоор. Нийгэм, цаг үеэ дагаад хүний хөгжил урагшилж, өөрчлөгдөж, шинэчлэгдэж буй гэх боловч хүнээ хөгжүүлж, хүнээ боловсролтой болгоход яаж хэрхэн анхаарав гээд бодвол бас л дутуу дулимаг бололтой.

Иргэд нь боловсролтой байх тусмаа хариуцлагатай, хариуцлагатай нийгэм  шаардаж чаддаг, хариуцлага нэхэж чаддаг, алдааг нь засуулдаг, буруутай шийдвэрийг өөрчлүүлж чаддаг байх гээд олон давуу талтай. Академик боловсрол, сэтгэлийн боловсрол гээд гоё нэртэй зүйл ярихаас илүү үйлдэл гаргадаг, өөрсдөө үүнээсээ суралцдаг байхыг томчуудад сануулсан  харамсалтай үйлдлүүд.

Хүүхэд, томчууд ялгаагүй эрхтэй шиг, хариуцлагатай, ёс зүйтэй байхад анхаарч, аливаа асуудлыг шуугиад өнгөрөх биш шийдэл гарц олдог, дахин ийм зүйл болохгүй байхад анхаардаг байхыг өнгөрсөн өдрүүдийн үйлдэл томчууд бидэнд сургав. Миний, чиний гэхээс илүү энэ бүхэн маргааш надад, танд тохиолдох учраас нийтээрээ эдийн засгаа сайжруулая гэж ярьдаг шигээ иргэн бүрээс ёс зүй, хариуцлага нэхдэг, өөрчилдөг болъё.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж