Улаанбаатар хот 2022-2023 оны гуравдугаар сар хүртэл нийт 224 автобусаар парк шинэчлэл хийсэн талаар Д.Сумъяабазар дарга мэдэгдээд байгаа. Ингэхдээ худалдан авалтыг нууцын зэрэглэлтэй хийсний дүнд цаг хожсон хэмээж буй. Тэгвэл аудитаас нийслэлийн 2022 онд захиран зарцуулсан мөнгөнд шалгалт хийжээ.
Олон нийтэд ил тод мэдээлэл байх ёстой аудитын уг дүгнэлт автобусны худалдан авах үйл ажиллагаатай адил өнөөдрийг хүртэл хотын дарга нарын сейфэнд хадгалаастай байгаа гэдгийг энд тодотгох зөв байх. Шалгалтын дүнг, хотын удирдлагуудын олон нийтэд танилцуулж байсан мэдээлэлтэй харьцуулан хүргэе.
Аудитаас нийслэлийн удирдлагууд БНХАУ-аас “улаан” автобус худалдан авахдаа багагүй зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна. Тухайлбал, БНХАУ-ын “Xiamen golden dragon bus” буюу “Шимен голден драгон бас” үйлдвэрийн автобусны нэг бүрийн үнэ 640,781 юань гэж аудитаас тогтоожээ.
Үүнийг автобус худалдаж авах гэрээ байгуулсан 2022 оны арваннэгдүгээр сарын 10-ны валютын ханшаар бодож үзэхэд, нэг автобусны үнэ 300 гаруй сая төгрөг болж байна.
Тэгвэл хотын удирдлагууд өнгөрсөн нэгдүгээр сард “Xiamen golden dragon bus”-ний нэг бүрийн үнийг 561,081 юань буюу 265 сая төгрөг гэж олон нийтэд танилцуулсан. Бүр тодруулбал, хотын даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ 2023 оны нэгдүгээр сарын 17-нд “Шинэ автобусны үнэ. Тендерт ирүүлсэн санал. Энэ компани дэлхийн 40 гаруй улсад автобус экспортолдог” гэх мэдэгдлийг олон нийтийн сүлжээнд хийж байлаа.
Гэвч аудитын тайланд дурдсан болон хотын зүгээс зарласан үнийн дүн олон тэрбумаар зөрж байна. Үнийн зөрүүнээс үзвэл, 224 автобус худалдан авсан талаарх нийслэлийн удирдлагуудын танилцуулсан дүнгээс аудитын дүгнэлтийн мөнгөний хэмжээ нийт найман тэрбум төгрөгөөр давж байгаа. Хотын удирдлагууд автобусыг худалдааны гэрээнд заасан үнийн дүнгээсээ хямдруулан оруулаад ирэв үү. Эсвэл олон нийтэд хятад автобус хямд, чанартай гэдэг мессеж өгөхийг зорив уу.
Холбоотой мэдээ