Нийслэлийн хэмжээнд хэд хэдэн сургууль зайлшгүй шалтгаанаар цахимаар хичээллэж буй. Тухайлбал, сургуулийн үндсэн хичээлийн байр хүрэлцээгүйгээс болж сурагчид зориулалтын бус түрээсийн байранд хичээллэх, байр нь шийдэгдээгүй тохиолдолд цахимаар сургалтыг үргэлжлүүлж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт 18 дугаар сургууль мөн түр хугацаанд цахимаар хичээллэх шийдвэр гаргасан. Тиймээс цахимаар хичээллэж байгаа зарим сургуулиас танхимын сургалтад шилжих хүртэл ямар зохицуулалт хийж байгааг сурвалжиллаа.
6-8 АНГИЙНХАН ЗАЙН СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
12, 18 дугаар сургуулийн хувьд дунд ангийнхнаа цахим сургалтад шилжүүлжээ. Нийслэлийн 12 дугаар дунд сургууль хичээлийн байргүй болоод гурван жил өнгөрч байгаа юм. Сургуулийн удирдлагууд 3500 орчим сурагчийг түрээсийн байранд харин 6,7 дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлэх зохицуулалт хийжээ. Гэвч цахимаар хичээллэж байгаа нь сурагчдын эрүүл мэнд, нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлж байгааг эцэг, эхчүүд нь хэлж байна.
Цахимаар хичээллэж байгаа сурагчид 08:00 цагаас эхлэн 6-7 төрлийн хичээлийг цахимаар судалдаг байна. Удаан хугацаанд дэлгэц ширтэн хичээл хийх нь нүдний хараа муудах, нуруу өвдөх зэрэг олон эрсдэл тулгардаг. Гэхдээ цар тахлын жилүүдэд цахим хичээлийг судалж сурсан нь туршлага болжээ.
Сурагчид энэ хичээлийн жил анги дэвшин дунд ангид суралцаж байгаа. Зуны амралтын турш найзуудтайгаа уулзахыг мөрөөдөж, шинэ сонирхолтой хичээл үзэхийг хүлээсэн ч сургууль нь хичээлийн байргүйн улмаас цахимаар хичээллэх болсонд хүүхдүүд сэтгэл дундуур хүлээж авсан байна. Гэхдээ үүнээс өөр зохицуулалт одоогоор хийх боломжгүй байна.
Харин 18 дугаар сургуулийн дунд ангийн сурагчдын тухайд зайлшгүй онцгой шалтгаанаас болж цахим сургалтад шилжсэн. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт байрлах тус сургуулийн зургадугаар ангийн 21 сурагч ангидаа байхдаа хордсон. Улмаар эмнэлгийн байгууллага, сургуулийн удирдлага, холбогдох шинжээчдийн баг газар дээр нь ажиллаж шуурхай хязгаарлалт тогтоож сургуулийг лацаджээ. Хүүхдүүдийн толгой эргэж, бөөлжиж, суулгасан бөгөөд Нийслэлийн Боловсролын газраас эхний ээлжид яаралтай арга хэмжээ авч сургуулийг түр хаагаад байгаа юм. Ийнхүү 18 дугаар сургуулийн 6-8 дугаар ангийн бүх сурагч цахим хичээлд шилжсэн.
Хүүхдүүд хордсон асуудлаар мөн цахим сургалтын хөтөлбөр боловсруулсан эсэх, нийт хэчнээн сурагч цахимаар хичээллэж байгаа талаар тус сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын менежер Б.Октябриас тодруулах гэсэн боловч тэрбээр хариулт өгөхөөс татгалзсан юм.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодруулахад "Монгол дээд сургуулийн түрээсийн байранд 18 дугаар сургуулийн хүүхдүүд суралцаж байсан. 20 хүүхэд эмнэлэгт үзүүлсэн. Одоогоор таван хүүхэд эмнэлгийн байгууллагад үзүүлснээс таван хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Шалтгаан нөхцөлийг тодруулахаар шинжээч томилсон" гэв. Тус сургуулийн үндсэн хичээлийн байрны багтаамж хэтэрсэн учир дунд ангийнхнаа ийнхүү түрээсийн байр руу шилжүүлсэн байна.
ЕСДҮГЭЭР САРД БАГТАЖ СУРГУУЛИЙН БАЙРГҮЙ СУРАГЧДЫН АСУУДЛЫГ ШИЙДНЭ
Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос есдүгээр сарын 5-нд тодруулахад "Энэ хичээлийн жилд асуудал үүсч байгаа 10 сургууль байна. Барилга нь ашиглалтад ороогүй, гурван ээлжээ шилжүүлэх хүрээнд засвар хийгдэхгүй байгаа эдгээр сургуулийн хувьд бид аравдугаар сарын 1-н гэхэд тохиргоо хийнэ. Энэ сарыг дуусахаас өмнө бид асуудал үүссэн сургуулиудад зохицуулалт хийхээр ажиллаж байна. Тухайлбал, 12, 31, 32, 71, 161 гэхчлэн 10 сургууль бий. 161 дүгээр сургуулийн хувьд энэ хичээлийн жилд 100 хувь цахимаар хичээл орно гэдэг ташаа мэдээлэл.
Ямар ч байсан зайны сургалтыг аль ч сургууль дээр 21-ээс дээш хоног үргэлжлүүлэхгүй.
21-ээс дээш хоносон тохиолдолд түрээсийн барилга зэрэг бусад аргыг яаралтай хэрэгжүүлнэ" гэсэн юм.
12, 5, 84, 62, 44 ГЭХЧЛЭН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУД БАЙРГҮЙ
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан наймдугаар сарын 23-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар тендер авч сургуулийн барилга эхлүүлээд, ашиглалтад хүлээлгэн өгдөггүй жил, төсөв нэмүүлээд явж буй компаниудын нэрийг зарлаж, тухайн сургуулиудын барилгыг яаралтай ашиглалтад оруулах талаар мэдэгдсэн. Гэвч энэ хичээлийн жилд сургуулийн байр нь ашиглалтад ороогүй, өргөтгөл нь баригдаагүйгээс хичээлийн анги танхим нь хүрэлцээгүй болсон сурагчид, эцэг эхчүүд бухимдалтай байгаа юм. Аймгууд 100 жилээ тэмдэглэж, ойн үеэр орон нутаг, улсын төсвийн хөрөнгөөр ч бүтээн байгуулалтууд баригдсан. Угтаа хөшөө дурсгал, соёлын төв, музейн бүтээн байгуулалтаас илүү сургууль, цэцэрлэгийн байр Монголд дутагдалтай байгаа. Зуны дэлгэр цагт ядаж гүйцэтгэл өндөртэй барилгын ажлуудаа яаравчилж, зарим сургуулийн өргөтгөлийн байрыг ашиглалтад оруулах боломжтой байсан ч салбар яам нь анхаараагүй. Энэ асуудал жил бүр яригддаг бөгөөд төсөв хөрөнгийг нь шийдэж, сурагчдыг түрээсийн байранд биш төрийн өмчийн сургуулийнхаа анги танхимд хичээллэх боломжийг нь хааж байгаа нь шийдвэр гаргагчид хамаарна.
Тухайлбал, нийслэлийн 12, 5, 84, 62, 44 гэхчлэн ерөнхий боловсролын сургуулиуд байргүй, анги танхим нь хүрэлцээгүйгээс хичээлийн шинэ жилээ зориулалт, стандарт шаардлагад нийцээгүй нөхцөлд угтлаа.
Мөн цахим сургалтын хэлбэрт шилжсэн нь олон сурагчдын сурах эрх чөлөөнд халдаж байна.
ЗАРИМ СУРГУУЛИЙН БЛОКЫГ 12 ДУГААР САРД БАГТААЖ ХҮЛЭЭЖ АВНА
Цахим хичээл сургалтын үйл ажиллагаа нь шат дамжлага, сургалтын төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхээс эхлээд олон шат дамжлагатай амаргүй байдгийг багш нар хэлж байлаа.
Мөн сурагчид ч танхимын хичээлтэй дүйцэхүйц мэдлэг, ойлголт авч чаддаггүй байна. Тиймээс зайн сургалтын үр өгөөжгүй байдлаас болж дөнгөж анги дэвшиж байгаа дунд ангийн сурагчид хохирох ёсгүй.
Албаныхан яаралтай зохицуулалт хийхээ мэдэгдээд байгаа ч сурагчдын сурах эрх ашгийг харгалзсан бол хичээлийн шинэ жил эхлэхээс даруй 3-4 сарын өмнө зохицуулалтаа хийх байсан. Одоогоор нийслэлийн хэмжээнд 10 орчим сургууль цахим сургалттай явж байгаа. Ямартай ч боловсролын газрынхан эдгээр сургуулиудыг энэ сардаа багтаж танхимд шилжүүлэхээ мэдэгдлээ. Харин бид дараагийн сурвалжлагаар зориулалтын бус байранд хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудыг онцолно. Мөн нийт хэчнээн жил барилга нь саатаж, хэдэн төгрөгийн санхүүжилтийг түрээсэнд гаргасан талаар нэгдсэн мэдээллийг хүргэх болно.
Холбоотой мэдээ