Украины арми Запорожье мужийн баруун хэсэгт Оросын хамгаалалтын эцсийн шугамд хүрснийг Дайны судалгааны хүрээлэнгээс мэдэгдлээ. Мэдэгдэлд "Есдүгээр сарын 21-нд нийтэлсэн газарзүйн байршлын дүрс бичлэгээс үзэхэд Украины хуягт машинууд Оросын танк эсэргүүцэх шуудуу, "Луугийн шүд" саадыг давж, гурван давхаргат хамгаалалтын нэг хэсэг болох Вербове хотоос баруун тийш байлдааны ажиллагаа явуулж байна. Гэхдээ Украины хүчин энэ байр сууриа хадгалж үлдэх эсэх нь тодорхойгүй байна" гэжээ.
ОХУ-ын одоогийн хамгаалалтын давхаргын сүүлчийн шугамын цаана Украины хуягт машин байгаа нь тэд эхний хоёр шугамыг давсныг илтгэнэ гэж үзэв. Украины хуягт машинууд Оросын хамгийн хүчирхэг хамгаалалтад тулж ирэх нь сөрөг довтолгооны ахиц дэвшлийн чухал шинж тэмдэг гэж Дайны судалгааны хүрээлэн мэдэгдлээ.
Оросын арми хамгаалалтын үйл ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд харьцангуй элит ангиудыг Запорожьегийн баруун хэсэгт шилжүүлж байгаа аж. Тус бүс нутагт Украины арми удаан боловч тогтмол урагшилж байна.
Нэмж дурдахад, Украины арми Крымийн хойг дахь Оросын нисэх онгоцны буудалд хэд хэдэн удаа нисгэгчгүй онгоц болон пуужингаар цохилт өгч, Оросын нисэх онгоцыг гэмтээсэн байж болзошгүй байна. Мөн есдүгээр сарын 20-нд Крым дахь Хар тэнгисийн флотын командлалын 744 дугаар холбооны төвд украинчууд цохилт өгсөн болохыг хиймэл дагуулын зургаас баталжээ. Украины цохилтод Севастополоос зүүн хойш 16 км-ийн зайд орших Верхниосадовын ойролцоох командын штабын томоохон хэсэг устжээ.
ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ