Цагдаагийн ерөнхий газраас Сонгинохайрхан дүүргийн Тахилт орчимд гарцан дээр хүүхдүүд дайрсан жолоочийн талаар тодрууллаа.
Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай:
-Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу есдүгээр сарын 21-ний өдрийн 12.41 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 33 дугаар хороо, Тахилт орчим буюу дөрөвдүгээр буудал дээр замын гарцаар гарч явсан хоёр хүүхдийг машин мөргөсөн гэх дуудлага мэдээллийг өгсөн. Дуудлагын дагуу Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгалт хийсэн. Осол болсон газарт гарцаар гарч байсан 12-13 насны хоёр хүүхдийг "Тоёото приус" маркийн автомашинаар мөргөж, ослын газарт 12 настай эмэгтэй Н гэгч нас барсан. Харин 13 настай Х гэгч охины биед хүнд гэмтэл учирч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг ТЦА-ныхан хийж байна.
Осол гаргасан жолооч тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг багажаар шалгахад урьдчилсан байдлаар архи хэрэглэсэн нь тогтоогдоогүй.
Мөн мансуурсан байсан эсэх талаар шинжээч томилсон. Шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй байна. Жолоочийн хувьд 27 настай, эрэгтэй хүн байсан. Нийт эцэг эхчүүд болон жолооч нар тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа хором мөч бүртээ анхаарал болгоомжтой байж, сургуулийн орчинд тээврийн хэрэгслийнхээ хурдыг сааруулж зорчих хэрэгтэй. Бага насны хүүхдүүдийг хичээл тарах үеэр гараас гарт хүргэж, хүргэж, авч байх нь зүйтэй. Таны анхаарал болгоомжгүй байсан нэг хором хүний амь нас, эд хөрөнгөд нөхөж баршгүй хохирол учруулдаг гэдгийг анхааруулъя.
Холбоотой мэдээ