Б.Хашчулуун: Цээжний хөндий болон дурангийн хагалгааг шинэ түвшинд хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.09.22-нд нийтлэгдсэн

Б.Хашчулуун: Цээжний хөндий болон дурангийн хагалгааг шинэ түвшинд хийнэ

Б.Хашчулуун: Цээжний хөндий болон дурангийн хагалгааг шинэ түвшинд хийнэ

Зүрх судасны мэс засалч эмчээр ажиллаж буй төр болон хувийн хэвшлийн эмнэлгийн  эмч нар нэгдэж “Монголын зүрх судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэг” ТББ-ыг манай улсад анх удаа байгууллаа.

Тус ТББ нь зүрх судасны мэс заслын тусламжийг олон улсын түвшинд хүргэх, цаашид зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулах алсын зорилго тавьжээ. Мөн нийгэмлэгийн анхдугаар хурлаа уламжлал ёсоор “Зүрх судасны үндэсний конференци”- тэй хамтран зохион байгуулав. Анхдугаар хурлын үеэр “Монголын зүрх судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэг” “БНСУ-ын цээжний хөндий, зүрх судасны мэс заслын нийгэмлэг”- тэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Монгол Улсад эмчлэх боломжгүй 26 өвчний тав нь буюу титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, хавсарсан гажиг, агших боломжгүй болсон гэх мэт хүнд төрлийн өвчин байдаг. Монгол эмч нарын хувьд дээрх таван оношийн хоёрт нь Солонгосын эмч мэргэжилтнүүдтэй хамтран мэс засал хийж эхэлсэн бөгөөд улмаар нутагшуулах зорилготой юм.

-Б.Хашчулуун: Сонгдо эмнэлэг жилд 300 хүүхдэд зүрхний хагалгаа хийдэг-

Тэгвэл эл үйл явдалтай холбоотойгоор зарим мэдээллийг Сонгдо эмнэлгийн Зүрх судас, цээжний хөндийн мэс засалч Б.Хашчулуунаас тодруулсан юм.


-Зүрх судас, цээжний хөндийн салбарт өнөөдөр чухал үйл явдал тохиолоо. Анх удаагаа нийгэмлэгтэй болж байна шүү дээ?

-Өнөөдөр "Монголын зүрх судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэг"-тэй боллоо. Гол ач холбогдол нь зүрх болон цээжний хөндийн хагалгаа хийх юм. Нэг үгээр бол зүрхний хагалгаа гэдэг нь зүрхийг нээлттэйгээр, зогсоож байгаад хагалгаа хийх явдал. Нөгөө талаар уушгины буюу цээжний хөндийн дурангийн хагалгааг хийхдээ илүү дэвшилтэт технологи ашиглаж, солонгос эмч нартай хамтрах юм.

-Хоёр улсын хамтын ажиллагааны талаар дэлгэрүүлбэл?

-Нийгэмлэг гэдэг нь аль эмнэлэгт харьяатай байх эсэхээс шалтгаалахгүй. Тухайн нийгэмлэг нь нэг бодол санаатай хүмүүс хамтарсан газар. Энэ нийгэмлэг нь БНСУ-ын нийгэмлэгтэй хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Үүнд, сургалт, судалгаа, хамтарсан хагалгаа болон судалгааны мэдээллүүдийг нь бүрэн гүйцэд авах боломжтой болно. Цаашид манай улсын цээжний хөндий хийгээд зүрх судасны хагалгаа дараагийн түвшинд гарах том боломж нээгдэж байгаа юм.

-Зүрх судасны өвчлөл манай улсад нэмэгдсэн гэж ярьж байгаа. Өдөрт хэчнээн хүн эл өвчнөөр нас барж байгаа вэ?

-Сүүлийн үеийн судалгаагаар өдөрт 17 хүн зүрх судасны өвчлөлөөр нас барж байна гэх тооцоо бий. Дайн байлдаантай улсад ч ийм өндөр тоо байхгүй. Уг асуудалд манай нйигэмлэг зүрхнийн хагалгаа хийх шаардлагатай буюу хийх боломжтой бүхий л хүмүүсийг хамруулах зорилготой.

-Тухайлбал, Сонгдо эмнэлэгт жилд хэчнээн хүн зүрхний хагалгаанд ордог бол?

-Зөвхөн хүүхдэд гэж тооцоолоход л жилд 300 орчим хүүхдийн зүрхний хагалгаа хийдэг.

-Ярилцлагын төгсгөлд нийгэмлэгийн хэтийн зорилго нь зүрх шилжүүлэн суулгах гэсэн шүү дээ. Энэ бол маш чухал зүйл. Одоогийн манай улсад энэ тал дээр их дутмаг байх шиг?

-Тийм ээ. Хэтдээ бид зүрх шилжүүлэн суулгахыг зорьж байгаа. Одоогоор манай улсад энэ чиглэлийн эмч байхгүй. Тиймээс бид хоёр улсын нийгэмлэгийн хамтын ажиллагаагаар энэ чиглэлд зорино гэсэн үг. Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн нутагшуулна гэдэг нь хагалгааг бүрэн хийж сурах явдал юм. Зүрхний дутагдлын хам шинжтэй хүн бүр уг хагалгаанд орох ёстой гэж үздэг. Уг хам шинжид амьсгаадах, бачуурах, хавагнах, болон бүх эрхтэн хямрах гэх анхан шатны шинжүүд илэрдэг юм.

-Ярилцсанд баярлалаа.

Мөн уг хуралдаанд оролцохоор БНСУ-ын талаас Ким Кёнг Хван, Чой Чанг Хю, Лим Чёнг, Пак Ин Кю эмч нар ирсэн бөгөөд “Насанд хүрэгчид болон хүүхдийн зүрх судас, цээжний хөндийн мэс засал” сэдвээр Монголын зүрх судас, цээжний хөндийн мэс заслын эмч нартай хамтран  илтгэл хэлэлцүүлгүүдийг хийлээ.

Цаашдаа хамтын ажиллагааг өргөжүүлж, гадны мэргэжилтнүүдийг Монголдоо урьж, хамт мэс засал хийж тэднээс суралцах, дараа нь багаараа бие даан хийх гэх мэт шат дараатай олон ажил хийхээр төлөвлөж байгаа талаар эмч нар онцолж байлаа. Мөн аль ч мэс заслын салбарын хөгжлийн эцсийн зорилго нь эрхтэн шилжүүлэх боломжийг бүрдүүлэх явдал байдаг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж