Эцэг, эх бүр хүүхэддээ “Эй дээ ногоон гэрэл асахаар л гарцаар гарна шүү. Томчуудыг дагаад гараарай” гэж өдөр бүр захидаг. Хүүхдүүд ч захиасын дагуу гарцаар гардаг. Харамсалтай нь, тээврийн хэрэгсэл жолоодож явж дүрмээ мөрддөггүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог, автомашин барих эрх аваагүй хэрнээ хөдөлгөөнд оролцдог, зам тээврийн осол гаргагчдад хүлээлгэдэг хуулийн хариуцлага дэндүү сул байгаа зэрэг нь “алуурчид” ар араасаа төрж, хохирогчид нь хүүхэд болсоор…
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын орчимд өчигдөр /2023.09.21/ гарцаар гарч явсан 12-13 насны хоёр хүүхэд автомашинд дайруулж, нэг нь амиа алдан, нөгөө нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн харамсалтай хэрэг болов. Энэ бол ганц л баримт.
Тээврийн цагдаагийн газрын мэдээгээр энэ оны эхний найман сарын хугацаанд зам тээврийн осол 589 гарч, 535 хүүхэд хохирсон бол 37 нь амь насаа алджээ.
Харин 2022 оны тухайд улсын хэмжээнд 280 хүн зам тээврийн ослоор өөд болсон байна. Осол гарч буй шалтгаануудын нэгд жолооч хурд хэтрүүлсэн, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэйгээр зорчсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдын амь насыг эрсдэлд оруулсан баримтууд олон байгаа юм. Мөн гэрэл солигдох үед автомашинтайгаа ухасхийж дайрах, гарцаар гарч явахад автомашинтайгаа шууд ухасхийж орж ирдэг гээд явган зорчигчдод гарцаар гарах боломж олгохгүй байгаа нь ч осол гарах шалтгаан болж буй.
Хүчин төгөлдөр үйлчилж буй өнөөдрийн Эрүүгийн тухай хуульд зааснаар дээрх тохиолдолд дараах хариуцлага ногдуулахаар заасан юм.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих:
Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг:
- 4.1.согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн;
- 4.2.энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Гэвч шүүхээр шийдэгдэж буй хэргүүдийн дийлэнхэд найм хүртэл жилийн ял оноодоггүй, цөөн тохиолдолд хоёр хүртэл жилээр хоригдох ял авах, эс бол тэнсэн харгалзах ял болж, өөрчлөгддөг байна.
Хоёр дахь кейсээр жишээ аван тайлбарлавал, өнгөрсөн 2022 оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны замд Ч.Маралмаа гэгч нь автомашин жолоодох эрхгүй атлаа жолоо барьж яваад хоёр хүүхэд гэмтээн, долоон машин мөргөж, зам тээврийн ноцтой осол гаргасан. Осолд өртсөн охины нэг нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад гарсан бол нөгөө нь хөнгөн бэртсэн тул гэртээ хэд хоног дэглэм барьсан.
Харин Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Маралмаад холбогдох энэхүү хэргийг шүүгээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь гурван жилээр хасч, зорчих эрхийг нь хоёр жилээр хязгаарласан юм.
Шүүхээс түүнд оноосон энэхүү шийдвэр хөнгөдөж байгааг олноороо шүүмжилсэн ч холбогдох хуульд жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл барьж, осол гаргасан этгээдэд ногдуулах хариуцлага сул байгаа нь ял завших боломж олгосон гэж хэлж болно.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих:
- 1.Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
- 2.Энэ гэмт хэргийг:
- 2.1.согтуурсан, мансуурсан үедээ;
- 2.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;
- 2.3.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж;
- 2.4.их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, зам тээврийн осол гаргах гэмт хэргийн тоо ч буурахгүй байгаа. Мөн л хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагатай тухай олон нийт хөндсөөр буй.
Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд зааснаар жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг 400,000 төгрөгөөр торгоно.
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах заалт үйлчилж байгаа юм.
Иймээс автомашин жолоодож яваад бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан, амь насыг нь хохироосон этгээдүүдэд ногдуулах ялын бодлогыг чангатгахгүйгээр Тээврийн цагдаагийн газраас янз бүрийн уриатай аян өрнүүлээд автомашины ослыг бууруулж чадахгүй нь нэг жилийн дотор 300 орчим хүн зам тээврийн ослоор амиа алдсан статистик харуулж байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ