Оросоос зугатаад нүүж чадах уу?!

Хуучирсан мэдээ: 2023.09.22-нд нийтлэгдсэн

Оросоос зугатаад нүүж чадах уу?!

Оросоос зугатаад нүүж чадах уу?!

ОХУ-ын төрийн Думын дарга В.Володиныг Монголд ирэх үеэр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг зарим иргэд сошиалд уриалжээ. Ардчилсан улсын хувьд  иргэд үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт эрхтэй. Энэ нь Үндсэн хуулиар хамгаалагдсан. Өмнө нь, 2014 онд Хятадын удирдагч Ши Жиньпин Монголд айлчлах үеэр Х.Баттулга парламентын гишүүн байхдаа эсэргүүцлээ илэрхийлж, Н.Түвшинбаяртай хамт гүйж байгаа баримтат зураг байдаг.

Гэвчиг Монгол газарзүйн байршлын хувьд “хориг”-той улс. Хоёр том гүрний, хоёулаа авторитори дэглэмтэй улсын дунд оршдог далайд гарцгүй жижиг улсын зовлон их. Экспорт, импорт нь Хятадаас, эрчим хүч, шатахуун нь Оросоос шууд хараат жижиг улс “хөлийнхөө хэрээр” хөлөө жийхээс өөр аргагүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн хавар ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн. Уг айлчлалын үеэр Төрийн Думын дарга В.Володиныг урьсан бөгөөд тэрбээр энэ сарын 23-26-ны хооронд Монгол албан ёсны айлчлал хийх тов зарлагджээ.

Олон нийтийн зүгээс Оросын парламентын дарга В.Володиныг эсэргүүцэж болох ч эрх баригчдын хувьд аливаа улсын элчийг хөөж явуулах нь дипломат бодлогодоо ч, хөршийн харилцаандаа ч харш. Монгол Улс гадаад харилцаандаа төвийг сахисан, олон тулгуурт  бодлого хэрэгжүүлдэг.

Аль ч улсын элч төлөөлөгч улс орны эрх ашгийг нэгд тавьдаг. Монгол Улс ялгаагүй эх орныхоо эрх ашгийг илүүд тавих ёстой. В.Володины айлчлал энэхүү бодлогын хүрээнээс хазайхгүй нь ойлгомжтой. Энэ нь хөршийн дарга ирлээ гээд хөл алдах эсвэл хөсрий царайлаад угтах ёсгүй гэсэн үг. Монгол Улсын эрх ашиг бол нь  хоёр хөрштэйгөө эвтэй, гуравдагч орнуудтай нээлттэй харилцах юм. Авторитори дэглэмтэй, дайн байлдаантай, үймээн самуунтай гээд монголчууд бид газар нутгаа үүрээд явах боломжгүй. Дайн мөнхөд үргэлжлэхгүй ч Монгол, Орос хоёр мөнхөд хөршилнө.

Сүүлийн жилүүдэд Монголын гадаад харилцаа шинээр сэргэж, дэлхийн геополитикийн тавцан дээр  улс төр, шашны хувьд бид энх тайвны БЭЛГЭ ТЭМДЭГ болж харагдаж, үнэлэгдэх болсон билээ.

Гүюг хааныг хаан ширээнд залах ёслолоос 777 жилийн дараа Гэгээн ширээт Улсын төрийн тэргүүн , Пап Францис Их Монгол улсын гал голомтод зочлон ирсэн бол түүний өмнө Польш, Франц, Киргизийн удирдагчид Монголд морилон саатсан нь олон тулгуурт гадаад бодлогын үр дүн.

Их гүрнүүдийн сөргөлдөөн, зөрчил дунд Монгол Улс ардчилал, аюулгүй байдлаа хамгаалж үлдэх арга тактик нь Орос, Хятадтай эн тэнцүү, гуравдагч орнуудтай эн дүйцэхүйц харилцах юм.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны  хоёр нь болох нэг нь эдийн засгаараа дэлхийд хоёрт ордог, нөгөө нь цөмийн зэвсгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг, авторитори дэглэмтэй Орос, Хятадын дунд  оршдог нь бидний эрсдэл боловч, нөгөө талаасаа царь, хуанди хоёр Монголын асар, басар нь болж байдаг.  Тиймээс аль нэгийг нь “ах” гэж өргөмжилж, аль нэгийг нь ад шоо үзэлгүйгээр энэ тэнцүү харилцах нь Монголын аюулгүй байдал болоод ардчиллын баталгаа юм.

Ромын Пап, Эммануэл Макрон, Анджэй Дудатай эн дүйцэхүйц зочин биш байж болно. Гэсэн ч Эзэн Чингис хаанаас эхлэлтэй төрт ёсоо дээдлэх, эв эеийг хичээх, улсынхаа амар амгаланг цогцлоох нь хэдэн зуунаас өвлөгдөж ирсэн гадаад харилцааны бодлого. Гадаад харилцаа, дотоодын амар амгалангаа бодоод ч болтугай В.Володиныг стратегийн түнш орны элчийн хувиар эн дүйцэхүйц хүндэтгэл үзүүлээд буцахаас аргагүй.

Улс төрд мөнхийн найз гэж үгүй байж болох ч улс орны хувьд мөнхийн хөрш гэж бий. Газар нутгаа ачаад нүүдэгсэн бол өмнөөс чулуу шидээд, өшиглөөд явуулчихаж болно гэхсэн. Гэвч бид улсаа ачаад нүүж чадахгүйгээс  хойш Украины төлөө Монголын төр боож үхэж болохгүй юм. Дайны хөлд нэрвэгдсэн Украины зовлон, уй гашууг бид туурга тусгаар улсын хувьд хуваалцах ёстой. Гэлээ гээд Монголын эрх ашиг бол ердөө монголчуудын амар амгалан билээ. Монголчуудын амар амгалан аюулгүй байдал бол эв найрамдал, энх тайван юм. Ромын Пап хүртэл монголчуудад хандаж, аливаа асуудалд Тэнгэр шиг байхыг сануулаад буцсан бус уу.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж