Тахилт орчимд гарсан зам тээврийн ноцтой ослын талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодрууллаа.
Тэрбээр “Энэ оны эхний найман сарын хүүхэд өртсөн зам тээврийн осол 589 гарснаас 535 хүүхэд хохирсон. Үүний 37 нь амь насаа алдсан харамсалтай мэдээлэл байна. Өчигдөр 12:44 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэг Тахилтын 4-р буудал орчимд 12-13 насны хоёр эмэгтэй хүүхэд авто машинд мөргүүллээ гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ дагуу Тээврийн цагдаагийн мөрдөн байцаах газраас шалгалтын ажиллагаа явуулахад приус маркийн авто машин зорчиж явсан хоёр хүүхдийг мөргөсөн осол гарсан. Ослын улмаас 12 настай охин газар дээрээ амь насаа алдаж, 13 настай Х нь ГССҮТ-өөс эмнэлгийн тусламж авч байна.
Иймд жолооч нар сургууль орчмын бүсэд хурдаа тохируулахыг хүсч байна. Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараатай авч байгаа ч хүүхэд өртсөн ослын тоо буурахгүй байна. Иймээс хурдаа тохируулж явах шаардлагатай байна”гэлээ.