Улсын III төв эмнэлэгт Зүрх судасны үндэсний 21 дэх удаагийн чуулга уулзалтыг өнөөдөр /2023.09.22/ зохион байгуулж байна.
Энэ үеэр Монголд эмчлэх боломжгүй зүрхний 26 өвчний таван онош дээр монгол, солонгос эмч нар хамтарч хагалгаа хийнэ гэдгийг эмч мэргэжилтнүүд хэллээ. Люксембургийн их гүнт улсын санхүүжилтээр явагддаг зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах төслийн дараагийн шинэ төсөл энэ жил эхэлж байгаа аж.
Шинэ төслийн хүрээнд зүрх судасны өвчний тусламж үйлчилгээнээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээнд илүү анхаарал хандуулж байгаагаараа онцлог гэдгийг эмч нар хэлсэн юм.
Энэ удаагийн чуулга уулзалтыг 13 хэсэгт хуваан зохион байгуулж байна. Иргэдэд зүрх судасны өвчлөлийн талаарх зөвлөгөө, мэдээллийг өгч байна.
Зүрх судасны мэс засалч эмчээр ажиллаж буй төр болон хувийн хэвшлийн эмч нар нэгдэж “Монголын зүрх судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэг” ТББ-ыг байгуулан зүрх судасны мэс заслын тусламжийг олон улсын түвшинд хүргэх, цаашид зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулах алсын зорилготой ажиллаж байна.
Тодруулбал, Монголд эмчлэх боломжгүй зүрхний 26 төрлийн өвчнөөс тавыг нь эхний ээлжид солонгос, монгол эмч нар хамтарч хийхээр боллоо.
Цаашид эмч нарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдгийг мөн онцоллоо.
Холбоотой мэдээ