Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэж буруутгагдсан яруу найрагч Ц.Хулан давж заалдахаар болжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд /2023.07.25/ Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ял оноосон.
Мөн шүүгдэгч Б.Отгонбаатарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтрах ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран орлцсон гэм буруутайд тооцож найман жилийн хорих ялыг тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүх бүрэлдэхүүн мөн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Хэргийг маш нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэн тул шүүх хурал хаалттай болсон юм.
Сануулахад, яруу найрагч Ц.Хуланг өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд Тагнуулын байгууллагаас баривчилсан. Мөн тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр хорих ангиас захидал бичсэн нь мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Захидалдаа "Эх орныхоо эрх ашгийн төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл, уран бүтээлийг минь гуйвуулж хэлмэгдүүлж байна. Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэж бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна. Миний бие хүнд өвчтэй, удаа дараа мөрдөн байцаалтын явцад ухаан алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрч байгаа ч би эрхээ хамгаалж өлсгөлөн зарлан тэмцэх болно гэдгээ мэдэгдье. Авлигад живсэн Монголын улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол би амиа өгөхөд ч бэлэн байна” гэж байв.
Холбоотой мэдээ