Үл хайхрах хүчирхийлэл хамгийн түгээмэл тохиолдож байна   

Үл хайхрах хүчирхийлэл хамгийн түгээмэл тохиолдож байна   

Үл хайхрах хүчирхийлэл хамгийн түгээмэл тохиолдож байна   

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийтэй ярилцлаа.


-Манай улс хүүхэд, залуусын орон. Хүүхэд залуусынх нь дийлэнх нь нийслэл хотод амьдардаг. Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж буй дуудлагын 80 орчим хувь нь нийслэлийнх байдаг гэсэн статистик уншиж байсан. Танайх хэр ачаалалтай, ямар бэрхшээл, тулгамдсан асуудалтай ажиллаж байна вэ?

-Монгол Улсын хоёр хүн тутмын нэг нь нийслэлд амьдарч байна. Гурван хүн тутмын нэг нь хүүхэд залуус буюу 608,000 хүүхэд, 468,000 залуучууд гэсэн статистикээс үзсэн ч Монгол Улс үнэхээр хүүхэд залуусын орон. Хүүхдийн тусламжийн утсанд жилд дунджаар 11000 зорилтод дуудлага ирдэг.

Эдгээрийн 70-80 хувь нь нийслэлийнх, дээрх дуудлагын 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж буй хүчирхийлэл гэдгийг судалгаагаар тогтоосон.

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийллийг хэн үйлддэг вэ гэхээр ихэнхдээ хамгийн ойрын таньдаг хүн, хайр халамжаар хүмүүжүүлэх ёстой эцэг эхчүүд, асран хамгаалагчид нь байдаг. Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор нийслэлд 14 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж, нэг жилд 3600 хүнд үйлчилж байна.

Дээрх дуудлагуудын хүрээнд нийслэл, дүүргийн 170 гаруй мэргэжилтэн, албан хаагчид, хамтарсан багаар нэг хүн нэг жилд 130 гаруй кейс шийдвэрлэн үйлчилгээ үзүүлж байна.

Түр хамгаалах байрнаас гэртээ буцах боломжгүй, эцэг эх нь архины хамааралтай гэх шалтгаанаар асрамж халамжийн төвд ирдэг хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Нийслэлд асрамж халамжийн 17 байгууллагын 25 төвд 800 гаруй хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдийн 70 орчим хувь нь эцэг эх, асран хамгаалагчтай. Эцэг эх нь байгаа гээд тэднийг хүнд нөхцөл, хүчирхийлэлд нь үлдээж болохгүй учир эдгээр төвүүдэд авч үлддэг. Хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нь архины хамааралтай, тэжээн тэтгэх чадваргүй учраас асран хамгаалах эрхээс нь түдгэлзүүлчихдэг.

Үр хүүхэд төрүүлээд тэднийхээ өмнө хариуцлага хүлээх чадваргүй эцэг эхчүүд бий болоод байдаг түүнийг зохицуулах, хуулийн хариуцлага тооцох механизм манайд байдаггүй.

Учир нь манай одоо мөрдөж буй  Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан. Энэ хуулинд одоо үүсээд байгаа нийгмийн өөрчлөлт, гэр бүлийн асуудал, эцэг эхтэй холбоотой хариуцлагын асуудлууд зохицуулагдаагүй учраас олон хүндрэл үүсдэг. Тэгэхээр энэ тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлахаас эхлээд тулгамдсан асуудал манай салбарт цөөнгүй байна. Дашрамд хэлэхэд хүүхэд, гэр бүлийн асуудал зөвхөн нэг байгууллага, нэг салбарын асуудал биш салбар дундын зохицуулалт, иргэн бүрийн оролцоо дэмжлэгтэйгээр үр дүн нь аажимдаа харагддаг онцлог салбар юм.

Гэр бүлийн тухай хууль шинэчлэн батлагдвал танай салбарт ямар асуудлууд илүү тодорхой болох вэ ?

-Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байгаа дуудлага мэдээллийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд тэр дундаа эцэг эх хүчирхийлэл үйлдэж буй тухай мэдээлэл ирдэг. Дээрх дуудлага мэдээллийг шийдвэрлэхийн тулд олон байгууллага урт хугацаанд эцэг эхийн оролцоотойгоор гэр бүлийг дэмжих үйлчилгээнүүдийг үзүүлдэг. “Гэр бүлийн тухай хууль” батлагдвал гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний нэр төрөл тодорхой болохоос гадна эцэг эхийн үүрэг хариуцлага илүү тусгагдсан.

Урт хугацаа гэдэг нь хэдий хэр хугацаанд ажиллах шаардлагатай гэсэн үг вэ?

-Жишээ дурдахад нэг дүүрэгт гурван хүүхэдтэй эцэг эх амьдардаг. Эцэг, эх нь архины хамаарлаас болоод хүүхдүүдээ үл хайхарч хараа хяналтгүй, хичээл сургуульд нь хүртэл явуулдаггүй. Нөхөр нь эхнэрээ зодож дарамталдаг. Энэ айлтай холбоотой дуудлага Хүүхдийн тусламжийн утас 108-д байнга ирдэг.

Хүүхдүүд нь гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр жилд дунджаар 4-5 удаа үйлчлүүлж нэг удаадаа нэг өдрөөс гурван сарын хугацаатай байдаг байсан.

Энэ тохиолдолд хүүхэд хамгааллын дуудлага мэдээлэл нь зөвхөн гэр бүлийн асуудал юм шиг харагдах боловч тухайн гэр бүлийн энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд асар их цаг хугацаа, олон байгууллагын хүн хүч, төсөв шаардагдаж байдаг. Зөвхөн энэ айлын асуудлыг шийдвэрлэхийн тулд 2,5 жил зарцуулж эцэг эхийг нь архины хамаарлаас гаргаж, ажил орлоготой болгон хүүхдүүдийг болон гэр бүлийг нийгмийн бүх үйлчилгээнд хамруулан асуудлыг нь шийдвэрлэсэн. Тэгэхэд тухайн дүүргийн Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 16 хувиар буурсан жишээ байдаг. Энэ бол зөвхөн нэг жишээ. Гэтэл үүнтэй ижил тулгамдсан асуудалтай айл өрхүүд маш олон.

Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж буй дуудлагын ихэнх нь ямар төрлийн гомдол байдаг вэ?

-Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж буй нийт дуудлагын 92,48 хувийг хүүхэд хамгааллын дуудлага эзэлж байгаа бол үл хайхрах хүчирхийлэл нийт дуудлагын 29,61 хувийг тус тус эзэлж байна. Хүчирхийлэлд өртсөн нийт 8031 хүүхдийн 60 гаруй хувь нь өсвөр насны хүүхдүүд байна.

Хүчирхийлэл гэхээр хүмүүс бэлгийн хүчирхийлэл, бие махбодийн хүчирхийллийн талаар илүү мэдээлэлтэй байдаг. Гэтэл сэтгэл санааны хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийллийн талаар ярьдаггүй, зарим нь бараг мэддэггүй.

Энэ нь хүүхдэд хамгийн их хор уршигтай, сөрөг үр дагавар нь хожим илэрдэг төрлийн хүчирхийллүүд бөгөөд дуудлага мэдээллийн 60 гаруй хувийг эзэлдэг. Жишээ нь, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд өөрсдөө гэр бүл зохиох үед хайр халамжаар хүүхдээ дутаах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, архи, цахим тоглоом, мансууруулах бодист донтох гэх мэт сөрөг үр дагаварууд нь хожим илэрдэг.

-Үл хайхрах хүчирхийлэл гэхээр?

Үл хайхрах хүчирхийлэл гэж асран халамжлах үүрэг хүлээсэн хэн нэгэн этгээд хүүхдийн суурь хэрэгцээг гачигдуулсны улмаас хүүхдэд гэм хор учруулсан, эсхүл учруулахаар завдсан үйлдэл, эс үйлдлийг хэлнэ. Хүүхдэд өгөх ёстой хайр энэрэл, орон байр, боловсрол, хувцас хунар гэх мэт хэрэгтэй зүйлсээр нь гачигдуулах, наад захын хэрэгцээгээр хангахгүй байна гэсэн үг. Эцэг эх эсвэл асран хамгаалагч нь анхан шатны хэрэгцээг хангах нэн шаардлагатай, үйлчилгээ, үйл ажиллагаагаар гачигдуулж нэн ялангуяа хайраар дутаах, яриаг нь сонсохгүй байх, харилцан ярихгүй байх, нууцыг нь задруулах, доромжлох, бусадтай харьцуулах гэх мэт үйлдлүүд нь хүүхдийг сэтгэл санааны дарамтад оруулдаг. Харамсалтай нь энэ нь нотлоход хамгийн хэцүү хэлбэр бөгөөд ийм төрлийн хүчирхийллийн хэргүүд ихэвчлэн нуугдмал байдаг.

Цаашилбал, хүүхдэд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөөг зохих хэмжээнд үзүүлж чадахгүй байх, хүүхдийг багаас нь шим тэжээлгүй хоол идүүлж, тэжээлийн дутагдалд оруулах, улирал цаг агаарт тохиромжгүй хувцас өмсүүлэх, бэлэн бүтээгдэхүүнээр хооллох, гар утас, телевизээр аргацаах, цагт нь унтуулахгүй байх зэрэг нь хүүхдийн эрхийн зөрчил үүсгэдэг, хүүхдийн эрүүл мэнд, амьдралын хэмнэлд насан туршид нь хор хохирол учруулах нөлөөтэй хүчирхийллийн нэг хэлбэр гэж үздэг болсон.

Манай уламжлалт соёл, хандлага түүнчлэн хуулиа мэддэггүй байдал, ингээд л өсчихсөн юм, буруудсан, муудсан юм алга гэж цөөнгүй эцэг эхчүүд ярьдаг.

Гэтэл эдгээр нь нь хүүхдийн эрхийн зөрчил гэдгийг эцэг эхчүүд ойлгож, хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавьж хүндэтгэн дээдлэх хэрэгтэй байна. Сэтгэл санааны болон үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гадуурхагдсан, гологдсон, хаягдсан, тусгаарлагдсан мэт санагддаг. Ер нь хүүхэд бүр гэр бүлдээ байхдаа л аз жаргалтай байдаг гэдгийг мартаж болохгүй.

-Үнэндээ бид ч өөрсдөө хүчирхийлэл үйлдэж байна гэж бодохгүйгээр үйлдэгдэх хүчирхийллийн хэлбэрүүд энэ дунд чинь байна шүү дээ. Ер нь generation /үе/, соёлын ялгаа ялангуяа нийгмийн салбарт маш эмзэг, мэдрэг тусдаг байх шүү?

Нийгмийн салбар тэр тусмаа нийгмийн бүхий л хүрээг хамардаг салбар учраас үе хоорондын ялгаа, соёлын ялгаанд их мэдрэг. Тиймээс л тэртээ 1999 онд батлагдсан “Гэр бүлийн тухай хууль” нь одоогийн нөхцөл байдалд нийцэхгүй байна. Хуулийг баталснаар эцэг эхийн үүрэг хариуцлага, үйлчилгээ, гэр бүлийн маргаантай харилцааг зохицуулах зэрэгт нэн шаардлагатайгаас гадна эдгээр асуудлуудыг шийдвэрлэх төрийн байгууллага, орон нутгийн бүтэц үйл ажиллагаа, үйлчилгээнүүд энэ хуулиар зохицуулагдана.

Гэр бүлийн харилцаа, маргаантай асуудлаас үүдэн хүүхдийн эрх маш их зөрчигдөж байгаа нь энэ хуулийн хүлээлтийг үүсгэж байгаа юм.

Бас нэг жишээ дурдъя. Гэр бүл салах болоход хүүхдийг хэн нь авах вэ гэдэг маргаан үүсдэг. Энэ нь хүүхдийн эрхийг маш ихээр зөрчдөг болохыг манай ихэнх эцэг эхчүүд мэддэггүй. Хүүхдээ асран хамгаалахаар болсон тал дундын өмчөөс ахиу авдаг учраас хүүхдийг өмч шигээ харж, дээр хэлсэн үл хайхрах, сэтгэл санааны хүчирхийллэлд өртүүлж байдаг. Иймд олон улсын жишгийн дагуу гэр бүлийн тусгайлсан шүүхтэй байх нь хүүхдийн эрхийг хангахад нэн чухал юм.

Хүүхдийн эрхийн хэрэгжилт, хүүхэд хамгааллын асуудал ямар түвшинд байна вэ. Энэ талаар ? 

-Манай улс Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсон хүүхдийн эрхийг дээдлэгч орон. Энэ утгаараа хүүхдийн дөрвөн үндсэн эрхийг /эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалах, оролцох/ агуулсан хүүхдийн эрхийн болон хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд хүүхэд хамгааллын асуудлуудад түлхүү анхаарч хүүхэд хамгааллын үйлчилгээний журам, төсвийн асуудлууд шийдэгдэж дүүрэг бүрд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээтэй болсноор хүчирхийлэлд өртсөн хүүхдийг бүрэн хамгаалалтад авч дээр дурьдсан үйлчилгээнүүдийг үзүүлж байна.

Хүүхэд хамгааллын асуудлуудаа тодорхой түвшинд шийдээд байгаа боловч нөгөө талд хүүхэд хөгжлийн асуудал орхигдоод байна.

Уг нь хөгжил, хамгаалал хоёр бол нэг зоосны хоёр тал шиг шууд уялдаа, хамааралтай. Хөгжсөн хүүхэд хамгаалагддаг, хөгжсөн хүүхэд өөрийгөө болон найзыгаа хамгаалах чадвартай болно гэж үздэг. Тиймээс хүүхдийн хөгжлийн асуудлыг нэн тэргүүнд тавьж ажиллах шаардлагатай байна.

Хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хөгжүүлэх чиглэлээр бодлого төлөвлөлтөө онцгойлон анхаарч “Нэгдүгээрт хүүхэд” “Би нар”, “Би хариуцлагатай аав, ээж”, “Анхаарал эрсдэлгүй орчин”, “Нэгдүгээрт шалга” зэрэг томоохон төсөл, аянуудыг манай Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж хэвшсэн.

Ер нь хүүхдийн эрхийг хангахад эцэг эх, иргэд олон нийтийн оролцоо маш чухал байдаг. Энэ хүрээнд эцэг эхчүүдийг оролцоог нэмэгдүүлэх үүднээс өнгөрсөн оноос эхлэн аж ахуйн нэгж, байгууллага бүрийн дэргэд Эцэг эхийн зөвлөл байгуулж, хүүхэд хамгааллын бодлогыг мөн хэрэгжүүлж байна.

Эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан гэр бүлийн боловсрол олгох сургалт зохион байгуулах, залуу аав ээжүүдэд хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгуулах, аав охин, ээж хүүгийн болзоо гэх мэт нөлөөллийн ажлуудыг зохион байгуулдаг.

Жишээ нь, төрийн болон аж ахуйн нэгжүүд хүүхдийн хөгжлийн өрөө, дэргэдээ хүүхдийн цэцэрлэг, тоглоомын талбай, эцэг эхийн өдөрлөг зохион байгуулах зэргээр үйл ажиллагаа нь өргөжсөөр байна. Эцэг эхчүүдийн зүгээс ч маш их дэмжиж, талархан хүлээж авдаг.

Түүнчлэн хүүхэдтэй холбоотой бодлого шийдвэр гаргахад хүүхдийн оролцоо, дуу хоолойг нь сонсож шийдвэр гаргах нь чухал байдаг. Иймд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж орон нутгийн шийдвэр гаргах түвшинд хүүхдийн дуу хоолойг сонсох зорилгоор 2019 оноос “Хүүхдээ сонсох өдөр”-тэй болсон. Мөн хүүхдийн оролцоог дэмжиж хүүхдийн дуу хоолойг хүргэх зорилгоор дүүрэг бүр хүүхдийн чуулган хийж, чуулганаасаа хүүхдийн элчээ томилж, элчээрээ дамжуулан асуудлаа шийдвэрлүүлэн хамтран ажилладаг. Энэ мэтээр хамгаалал, хөгжлийн аль алийг нь орхигдуулахгүй ажиллахыг хичээж байна. Эцэст нь хэлэхэд хүүхдийн өмнө хүн бүр үүрэг хүлээгчид байдаг шүү гэж хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-22 213.87.151.207

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Irgen 2023-09-22 59.153.115.183

Маш нарийн судалгаанд тулгуурлаж нарийн бодлого хэрэгтэй дээ. Ийм зуйлийг мэдэх хумуусээс сайн судлаасай.

Avatar

Нэргүй 2023-09-22 103.161.242.107

харин тийм нэг л их тоо ярьсан хүмүүс ажил болгож хийж бга зүйл юу ч байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж