Нийслэлийн 18 дугаар сургуулийн зургадугаар ангийн 21 сурагч өчигдөр /2023.09.21/ бөөлжиж дотор нь муухайрсан шинж тэмдэгтэйгээр эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, сурагчид газ үнэрлэн хордсон байж болзошгүй гэх дуудлагын дагуу цагдаа, эрүүл мэндийн байгууллагууд газар дээр нь шуурхай ажиллажээ. Түүнчлэн хордсон хүүхдүүдийг ар гэрт нь хүлээлгэн өгч дөрвөн хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн юм.
Уг асуудлаар ЭХЭМҮТ-өөс тодруулахад “Одоогоор таван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал тогтвортой байгаа. Эмч нарын үзлэг хийгдсэн. Ямар шалтгаанаар хордсоныг нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарах байх” гэх мэдээллийг өглөө.
Мөн 18 дугаар сургуулийн зүгээс хичээлийг ирэх Даваа гариг хүртэл цахимаар оруулна гэлээ.
Нийслэлийн засаг даргын орлогч З.ТӨМӨРТӨМӨӨ:
-18-р сургуулийн хүүхдүүд толгой эргэж, бөөлжиж, суулгасан гэсэн албан мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагууд хамтран ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Нийслэлийн зүгээс эхний ээлжинд яаралтай арга хэмжээ авч сургуулийг түр хаагаад байна. Хордлого юунаас үүдэн гарсан талаар мэргэжлийн байгууллагууд л тодорхойлох тул, газ үнэртсэн гэх мэтээр таамаг дэвшүүлэхгүй байхыг хүсье. Дүгнэлт гартал цахимаар хичээллүүлэхээр болсон байгаа.
Холбоотой мэдээ