Украины ерөнхийлөгч Зеленский НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дахь удаагийн чуулганд оролцохоор АНУ-д хүрэлцэн ирээд буй. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд өчигдөр /2023.09.21/ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзжээ. Зеленский айлчлалаа Капитол Хиллээс эхлүүлж, Пентагон, эцэст нь Цагаан ордонд зочлон, илүү их зэвсэг нийлүүлэхийг уриалсан юм.
Харин ерөнхийлөгч Жо Байден "Бүгд найрамдах намынхан Украинд илгээх тусламжийг зогсооно гэж хэлсэн ч АНУ тантай хамт байх болно. АНУ ирэх долоо хоногоос Украины эртнээс хайж байсан Абрамс танкуудыг тээвэрлэж эхэлнэ" гэж хэлжээ.
Тэрбээр Украинд 24 тэрбум ам.долларын нэмэлт тусламж үзүүлэхээр Конгресст хүсэлт гаргаад буй. Тиймээс Конгрессын зөв шийдвэрт найдаж буйгаа хэлсэн юм. АНУ-ын Конгресс 113 тэрбум ам.долларын цэрэг, эдийн засаг, хүмүүнлэгийн тусламжийг хэдийнэ баталсан. Байдены Пүрэв гаригт зарласан 325 сая ам.долларын тусламжид агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг багтаж байна.
Зеленский "ATACMS" нэртэй тактикийн пуужингийн системийг АНУ-аас авахыг хүссэн боловч тусламжийн жагсаалтад хараахан багтаагүй байна. "ATACMS" нь 170 кг тэсрэх бодис агуулж, 300 гаруй км зайд байгаа байг онох чадвартай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлэхдээ "Одоохондоо тус системийг өгнө гэж ерөнхийлөгч Байден зарлаагүй ч ирээдүйд ашиглахаас татгалзаагүй" гэжээ.
Эх сурвалж: NY TIMES
Холбоотой мэдээ