ОХУ дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс бензин, дизель түлшний экспортоо түр хугацаагаар хориглохоо өчигдөр /2023.09.21/ мэдэгдсэн. Өчигдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн хоригт ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дөрвөн улс хамаарахгүй. Тодруулбал, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Беларусь, Казахстан, Армен, Киргизэд засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нийлүүлж буй шатахуун үүнд хамаарахгүй аж.
Сүүлийн саруудад ОХУ бензин, дизель түлшний хомсдолд орсон. Инфляцитай уялдуулан жижиглэнгийн үнийг хязгаарлах гэж оролдсон ч шатахууны бөөний үнэ огцом өсчээ. Ургац хураахад түлш маш чухал байдаг учир Оросын зарим хэсэгт нөхцөл байдал хүнд байна. Удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болох тул энэ мэт ноцтой хямрал Кремльд хүнд тусах магадлалтай.
Газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн засвар үйлчилгээ, төмөр замын тээврийн гацаа, рублийн ханш суларсан зэрэг хүчин зүйл ч шатахууны зах зээлд нөлөөлжээ.
ОХУ есдүгээр сарын эхний 20 хоногт далайгаар тээвэрлэх дизель түлш, бензиний экспортоо бараг 30 хувиар бууруулж, 1.7 тонн болгосон. Харин өнгөрсөн онд 4.82 сая тонн бензин, 35 сая тонн дизель түлш экспортолжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ