НЭМЭЛТ: 17:51
АЭХ-ны тэргүүнд горилогчдоос хоёр хүн нэрээ татлаа. Тухайлбал, Д.Энхтуяа, Г.Хажидмаа нар нэрээ татсан байна. Нэрээ татсан шалтгаан нь зохион байгуулалтын хандивын мөнгөтэй холбоотой аж.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ сарын 25-ны өдөр болно. Тус чуулганаар АЭХ-ны ээлжит ерөнхийлөгчийг сонгох бөгөөд 21 аймаг есөн дүүргийн 800 гаруй төлөөлөл оролцож АЭХ-ны шинэ ерөнхийлөгчийг сонгон баталгаажуулна. Одоогийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажилладаг бөгөөд ээлжит сонгууль зургаан жил тутам явагддаг. Өнөөдрийг хүртэл дөрвөн ерөнхийлөгч сонгогдсон бол С.Одонтуяагийн хувьд 2016 оноос тус холбоог тэргүүлж эхэлсэн. Мөн өчигдөр албан ёсоор нэр дэвшигчдийн бүртгэл эхэлж, 9 хүн сонгуульд оролцохоор бүртгүүллээ.
АЭХ-НЫ ТЭРГҮҮНД ГОРИЛОГЧИД:
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан
- "М-Ойл" группийн захирал Б.Пунсалмаа
- Ашигт малтмалын газрын дарга асан Д.Үүрийнтуяа
- ҮБХ-ны гишүүн Д.Энхтуяа,
- ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэсувд,
- АН-ын гишүүн Г.Хажидмаа,
- АН-ын гишүүн Ц.Уянга,
- АН-ын гишүүн Н.Одонгуа
ТЭРГҮҮНД ГОРИЛОГЧДЫН ХЭН ЮУ ХЭЛЭВ?
АН-ын ҮБХ-ны гишүүн Б.ЖАРГАЛАН:
-Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж, Ардчилсан намын эв нэгдлийг бэхжүүлэх бат итгэл үнэмшил, чин зорилгодоо жигүүрлэн нийгэмд бугшсан бусармаг бүхний эсрэг ачааны хүндийг үүрч байгаа эмэгтэйчүүдтэйгээ хамтран тэмцэж, дуу хоолойгоо нэгтгэн 2024 оны бүх шатны сонгуульд ялалт байгуулахын төлөө Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байна. Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгааг хамтдаа эхлүүлье, хамтдаа өөрчилье!
"М-Ойл" группийн захирал Б.ПУНСАЛМАА:
-Монгол Улс яг энэ цагт бүх салбарт, бүх түвшинд тэнцвэрээ алдсан гэж боддог. Тэр дундаа улс төрд хүйсийн, хүчний, хөрөнгө мөнгөний, хандлагын тэнцвэр бүрэн дүүрэн алдагдсан. Алдагдсан энэ тэнцвэрүүдийг эмэгтэйчүүд тогтворжуулж зохист харьцаанд оруулж чадна гэдэгт би итгэдэг.
Өнөөдөр ээж хүн, эмэгтэй хүн л энэ нийгэмд хариуцлагатай байдлаараа эрс ялгарч байна.
Иймээс би энэ удаагийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчид 4 тулгуурт 12 зүйл бүхий хөтөлбөрийг эмэгтэйчүүдийн төлөө, эх орныхоо төлөө хэрэгжүүлэн бодит үр дүнд хүрнэ хэмээн зориглож нэрээ дэвшүүлж байна.