Сербийн Белград хотноо болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 65 килограмм жинд өрсөлдсөн Т. Тулга 1/8 шигшээд Азербайжан улсын тамирчин олимпийн мөнгө, хүрэл медальт, Дэлхийн гурван удаагийн аварга алдарт Хажи Алиевтай барилдаж шүүгчдийн 3:3 буюу сүүлийн оноогоор Азербайжины талд шийдвэр гарсан.
Тодруулбал, Т. Тулга барилдааны эхэн үед 1:0 р хожиж явах үедээ сугадаж өвдөглүүлэн дэвжээнээс түрж гаргах гэж дайрах явцдаа хариу мэхэнд орж нэг оноо алдсан. Оноо алдсан үед нь дэвжээнд суусан Б. Баттулга дасгалжуулагч челленж шидэж нэмж нэг оноо алдаж 1:2 харьцаатай хожигдож явсан хэдий ч өрсөлдөгч нь триконоос зуурсан гэх үндэслэлээр Азербайжаны бөхийг торгож 2:2 оор хошуучилж эхэлсэн юм.
Харин шийдвэрлэх үеийн сүүлийн минутад Хажи Алиевийг сугадаж дайрч дэвжээнээс гарган нэг оноо авч илүүрхлээ батлаж, оноог 3:2 болгов. Барилдаан үргэлжилж сүүлийн цаг дуусахтай зэрэгцэж Монголын тамирчин онооны харьцааг 5: 2 болгосон ч өрсөлдөгч тамирчин болон дасгалжуулагч тирконд хүрсэн гэх хариу биеийн хэлэмж үзүүлж эсэргүүцсэн. Азербайжины дасгалжуулагч барилдаан дуусахаас гурван секундын өмнө челленж даржээ. Ингэснээр шүүгчид дахин барилдаан үзэж 3:3 буюу сүүлийн оноогоор Алиевт ялалт өгөв.
Ингээд Монголын чөлөөт бөхийн холбоо дэлхийн бөхийн холбоонд гомдол гаргаж шалгуулсан боловч шүүгчид бичлэгийг дахин нягталж триконоос зуурсан буюу хориотой үйлдэл гаргасан тул нэг оноо торгууль өгч, хориотой үйлдлээс хойш авсан хоёр оноог хүчингүйд тооцон 3:3 оноогоор тэнцэж сүүлийн оноо торгуулиар Азербайжаны бөхөд ялалт өгсөн өмнөх шийдвэр ижил байна хэмээн үзэв.
Холбоотой мэдээ