“Ардчиллын үед үг хэлсэн хүнийг шоронд хийхийг нь болиулсан. Ардчиллын үед хүнийг цаазаар авахыг нь болиулсан. Ардчиллын үед хүн хэлмэгдүүлэхийг нь зогсоосон.Цаашид ард түмэн ажлаа хийгээд, төр засаг нь бодлогоо хэрэгжүүлээд явах жирийн нийгэмтэй боллоо гэсэн бодлоос хойш Ардчилсан нам стратегигүй болж эхэлсэн. Манай лидерүүд, манай намынхан зорьсон зорилгоо биелүүлчихлээ гэж бодсон. Тэрнээс хойш хувь хувийн ухаан, хувь хувийн хөтөлбөр, тактикаа гаргаад эхэлсэн. Хувийн тактикууд мөргөлдсөн. Энэ мөргөлдөөн Ардчилсан намын хагарал болсон. Тиймээс АН-ын энэ удаагийн нэгдэл би дээр биш бид гэдэг соёл дээр суурилна”. Энэ бол АН-ын дарга Л.Гантөмөрийн Сүхбаатар аймагт болсон Эдийн засгийн форумын үеэр хэлсэн үг. АН өнөөдөр 16 даргатай болсон нь түүний “би биш бид” гэх соёл дээр суурилсан бодлогынх нь нэг тактик болох нь ойлгомжтой. Хамтын удирдлагын хэлбэрийг сонгосноороо Л.Гантөмөр “бүгдээрээ хэлэлцье, бүгдийг нь сонсьё” гэсэн зарчим барьж байна.
Товчхондоо, нэг нам үнэмлэхүй засагласан, сөрөг хүчингүй найман жилийн хугацаанд монголчуудын амьдрал хэр өөрчлөгдсөн талаар “Монголоо сонсож”, ирэх сонгуулийн хөтөлбөр, стратегиэ ч боловсруулах аж.
Л.Гантөмөрийн хэлснээр ардчиллын 33 жилийн стратеги нурж унахад их амархан болсон. МАН засгийн эрх авснаас хойш Монгол Улс авлигын индекс нь 16, ардчиллын индекс нь зургаа, хэвлэлийн эрх чөлөөний индекс нь 20 байр ухарсан. ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, БЗС гээд авлига, хулгайн томоохон хэргүүд шил дараалан илрэх болсон. АТГ-аас нүүрсний хулгайн хэргийн гол сэжигтэн болох 17 улстөрчийн нэрийг зарласан. Нэмээд УИХ-ын дөрвөн гишүүн төрхөмдөө буцсан гээд Төрийн ордны авлига Монголын нийгмийн хорт хавдар болчхоод байгаа. Авлигын загалмайлсан эцгүүд нь Ардын намын ордонд сууж байна. Энэ бүхэнтэй тэмцэхэд Л.Гантөмөрт нийгмийн дэмжлэг хэрэгтэй юу гэвэл тийм.
Өнгөрсөн хугацаанд АН малгай тавих толгойгүй, толгой хоргодох гэргүй, гэрээ тойроод суух гишүүнгүй болох дөхсөн. Хоёр талд, хоёр тийшээ хараад суучихсан АН-ыг нэг малгай дор нэгтгэж удирдах хэцүү. Тиймээс нэг хүний хатуу гараар удирдахаас илүү хамтын удирдлагаар нээлттэй, бодлогын нам болгохыг хүсч байна. Магадгүй АН-д үлдээх түүний legacy нь энэ биз.
АН өнгөрсөн хугацаанд эв нэгдэлгүй, стратегигүй, үнэт зүйлгүй болоход хүрсэн нь үнэн. Үүнд АН-ынхан өөрсдөө ч буруутай. Гэхдээ АН-ын хэрүүл ил, МАН-ын зодоон далд явагддаг. МАН хэдий наанаа эв нэгдэлтэй, стратегитай мэт харагдаж байгаа ч цаанаа эрх мэдлийн төлөө цусаа гартал зодолдож байна. Энэ зодоондоо ч АН-ыг татан оролцуулахыг хүсдэг.
Гэвч энэ удаад Л.Гантөмөр эрх баригчдын хэрүүл зодооныг ашиглахаас илүү улс орны эдийн засаг, иргэдийнхээ үгийг сонсох тактик барьж байна. Нэг ёсондоо МАН шиг хэн нэгнийгээ шоронд хийж, шонд өлгөж тоглохоос илүүтэй улс орны асуудлыг том зургаар нь харсан соёлтой, бодлоготой улстөр хийж явна. Түүний энэ арга тактик талбай дээр жагсч, хоолойгоо сөөтөл хашгирахаас илүү үр дүнтэй байж магадгүй. Тэгээд ч Л.Гантөмөр талбай дээр гараад ирвэл Л.Оюун-Эрдэнэ хөлсөлжээ гэж харагдаж мэднэ. Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөө орон нутагт ажиллахдаа анд нөхөдтэйгөө хийх тэмцэл нь хүчин мөхөсдвөл ард түмэнтэйгээ хамт жагсахаар зарласан. Аливаа жагсаалыг үймээн самуун болгох аль эсвэл ашиг сонирхолдоо ашиглахыг Ардын намынхан гарамгай гүйцэтгэдэг.
Тиймээс Л.Гантөмөрийн их улс төр талбай дээр жагсахаас илүү иргэдээ сонсох, тэдэнтэй хамтарч стратеги боловсруулахаас эхлэж байна.
Б.БАТ