Украины үнэнч холбоотнуудын нэг Польш улс үр тариатай холбоотой дипломат маргааны улмаас Украинд дахин зэвсэг нийлүүлэхгүй гэдгээ зарлав. Харин оронд нь өөрсдийгөө илүү орчин үеийн зэвсгээр зэвсэглэхэд анхаарлаа хандуулна гэж тус улсын Ерөнхий сайд Матеуш Моравецки мэдэгдлээ.
Оросоос Украинд бүрэн хэмжээний довтолгоог эхлүүлж, Хар тэнгисийн тээврийн гол замыг хаасны дараа үр тарианы маргаан эхэлсэн. Энэ нь эргээд Төв Европт их хэмжээний үр тариа хуримтлагдахад хүргэсэн. Украины үр тариа орон нутагт бүтээгдэхүүний үнийг буулгаж байна гэж Европын холбоо эмээсэн тул тариаланчдын эрх ашгийг хамгаалах үүднээс Болгар, Унгар, Польш, Румын, Словак улсуудад үр тариа импортлохыг түр хугацаагаар хориглов. Хориг есдүгээр сарын 15-нд дууссан. Европын холбоо хоригийг сунгахгүй байхаар шийдсэн ч Унгар, Словак, Польш улсууд үргэлжлүүлэхээр шийджээ.
Украин энэ долоо хоногийн эхээр эдгээр улсыг олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж шүүхэд ханджээ. "Дэлхийн худалдааны байгууллагад гаргасан энэ гомдол бидэнд сэтгэгдэл төрүүлэхгүй байна" гэж Матеуш Моравецки хэлэв.
"Европын холбооны орнууд тус тусдаа Украины бараа бүтээгдэхүүний импортыг хориглох боломжгүй гэдгийг батлах нь чухал" гэж Украины Эдийн засгийн сайд Юлия Свириденко хэллээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ