Хялбараар хөрөнгөжигсдийн "туршлагаас"…

Хуучирсан мэдээ: 2023.09.21-нд нийтлэгдсэн

Хялбараар хөрөнгөжигсдийн "туршлагаас"…

Хялбараар хөрөнгөжигсдийн "туршлагаас"…

С.Данзан “Баяжигтун” гэж уриалахдаа хэзээ, хэрхэн, яаж вэ гэх зааврыг нь үлдээсэнгүй. Гэхдээ түүний үүсгэн байгуулалцсан намынхан цаанаа цатгаланг яана. Намынхаа луугаруудын гутлыг нь долоох нь холгүй явдаг НАМЗХ-ын залуус нь үнэтэй рестораны тооцоог “Би хийнэ” гэж нэгнийгээ нармайг нээх нь энүүхэнд. Мал дагаагүй ч нам дагавал Монголд баяждгийн жишээ тэднийх.

Шударга тавын нэг Т.Аюурсайхан цуглуулсан маркаа, костюм зараад 50 мянган ам.долларын хадгаламжтай болсноо өчигдөр зарлав. Насаараа костюм зөөсөн эмэгтэй мэл гайхаж, цэл хөхрөв. Шударгаар хэлбэрдэж шунхан улаан насаа илээсэн Ц.Нямдорж ам дөрвөлжин нь 3,4 саяар  /тухайн үедээ/ үнэлэгддэг байрны эзнийг таньдаг болохоор ашиглалтын зардлыг нь төлөөд төдийгөөс өдийг хүртэл амьдарснаа түмнээс нуугаагүй юм. “Эрдэнэт” үйлдвэрийн захиралд "боломж байвал энэ хүүхдийг хуулийн дагуу дэмжээрэй" ухааны юм хэлээд шахаа хийчихдэг нь санаа сайн явсаных.

“Титэм үг”-тээ баяжсан түүхээ бичсэн гэж итгэсэн “Эрдэнэт” үйлдвэрийнхэн түүний номыг 20 саяар худалдан авсан нь бахархалтай. “Амжилт гаргах нь хамгийн сайн өшөө авалт мөн” гэх титэм үгийг нь уншсан дараагийн Ерөнхийлөгч нь авлигын хэргээр хөлөө гозолзуулсан ч алдарт афоризмаа хэлсэн нь “Би Монголоо хөгжүүлж өшөө авна”. Авлигын загалмайлсан эцэг гэгддэг тэрбээр өрөөнд нь авлига өгөхийг оролдоход аваагүй гэдгээ сонгогчидтойгоо уулзахдаа сонин болгосон нь шуугиан тарьсан. Өнөөгийн Ерөнхийлөгч ч сайн эгчийн ачаар хялбар баяжигсдын эгнээний ард хоцроогүй. Тэрбумаар тооцогдох хадгаламжтай тэрбээр “Солонгост ажилладаг эгч маань надад мөнгө явуулдаг” гэж ам нээсэн удаатай.

“Сайн ах” байх нь чухал биш “Сайн ахтай байх чухал” гэдгийг Л.Оюун-Эрдэнийн 100 сая орчмын үнэтэй тансаг цагийн тайлбар харуулна. Үеэлүүдтэйгээ байхад “Цогтоотой, Цогтоогүй үүр цайна” гэдэг Х.Нямбаатарт 100 сая төгрөг хандивлаж л таараа. Монголын уран зохиолын шилээврүүдийн эзэд хуучны байр, амбаартаа “жиндүүхэн” аж төрж байхад Ж.Мөнхбат хоёр кино, "Монгол тандаа зүтгэе" уран бүтээлийн тоглолт хийгээд гурван тэрбумаар байр авчих жишээний.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ч азтай нэгэн. Түүний хэлснээр, өөрөө мэдээгүй байхад эхнэр нь найзуудтайгаа нийлж байгуулсан компани ЖДҮХС-гаас зээл аваад ирэх жишээтэй.

Төөрсөөр төрөлдөө гэгчээр “Булганы цагдаагийн дарга миний төрсөн дүү юм билээ” гэх тайлбартай  эрүүл, өвчтэй нь мэдэгдэхгүй хүн бидний боловсрол, шинжлэх ухааны салбарыг толгойлдог.

Зайсан толгойг өмчилж, Туулын бургасыг хядсан баян ах дүүстэй хэр нь Шадар сайд С.Амарсайхан бусдын боломжийг эрх мэдлээрээ хулгайлсан нь баригдахаар хэрхэн хүүгээсээ уучлалт гуйж уягалсан тайлбарыг ч санууштай.

Халтиргаа, гулгаа ихсэх үед халамжтай хулгайчид олширдог бол иргэдийн хараа хяналт сулрах үед хялбараар төрөөс баяжигсад төрдөг аж.

Хялбараар хөрөнгөжигсдийн өөрсдийнх нь тайлбар иймэрхүү. Ийн тайлбарлаж байгаа улс бидний нэрийг бариад гаднаас бадар гуйдаг ганцхан жишээ Зам тээврийн сайд асан Л.Халтарынх.

Дэлхий нийтээрээ Орост худалдааны хориг тавьчихсан байхад Оросын 50 хувийн хөрөнгө оруулалттай төмөр замыг япончууд засч өгөх гэнэ. Хурган дарга нь 7-8 тэрбум төгрөгтэй баригдаад байхад УБТЗ нь замаа засах мөнгөгүй, тусламж гуйн царай алдаж байгааг дарга нар нь дансыг нь цөлмөсөн гэхээс өөр юу гэж ойлгох вэ. Энэ байгууллагаас үе үеийн баячууд бас л төрөн гарсан. "Өмнө нь өгдөг байсан. Одоо өг" гээд нэхэж, "өлөнтөөд" өөрсдөө баяжих ухаан манай дарга нарт л бий.

Дуслыг хураавал далай, дуулснаа хураавал эрдэм болно гэж итгэсэн залуус энэ намд цөөнгүй. Бүгдийг нь багтаасан бестселлер удахгүй гарах нь баараггүй.

Эцэст нь, америкийн эдийн засагч Thomas Sowell “Амжилтанд хүрсэн олон улстөрчид ичгүүргүй худалч хүмүүс байдаг нь тэдний тусгал төдийгүй бидний ч тусгал юм. Хүмүүс боломжгүй зүйлсийг хүсэхэд зөвхөн худалчууд л тэднийг сэтгэл хангалуун байлгаж чадна” тунгаана биз ээ. “Төр шийдээчээ” гэх тусам тэд баяжих төдийгүй бидэнд хэрхэн хөрөнгөжсөн талаараа энэ мэт элдэвтэй тайлбараа хийсээр л байна.

Б.ШАРХҮҮ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
11
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж