Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн нь Унгар Улсын Унгар судлалын хүрээлэнтэй хамтран 2022 онд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр Ар Гүнтийн Хүннүгийн оршуулгын цогцолбор дурсгалт газарт археологийн малтлага судалгааны ажлыг гүйцэтгэжээ. Хоёр орны хамтарсан археологийн судалгааны хүрээнд Хүннү гүрний үед холбогдох долоон булшийг малтан шинжилсэн бөгөөд судалгааны үр дүнд илрүүлсэн олдвор, хэрэглэгдэхүүнийг сэргээн засварлах, нарийвчлан судлах ажлыг ид хийж, эхний үр дүнгүүд гарчээ.
Археологийн малтлага судалгааны явцад том хэмжээтэй төмрөөр хийсэн тогоо илэрч олдсон байна. Энэ тогоог Унгар улсад сэргээн засварлаад өнөөдөр /2023.09.21/ ШУА-ийн Археологийн хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Тодруулбал, археологийн малтлага судалгааны явцад хоёрдугаартай булшнаас том хэмжээтэй төмрөөр хийсэн тогоо илэрч олдсон нь маш их зэвэрч, олон хэсэг болон бутарсан байдалтай, хадгалалтын байдал их эмзэг байжээ.
Энэ төмөр тогоо нь өмнө нь Монголоос илэрч байсан Хүннүгийн үеийн хүрэл тогоонуудтай хэлбэрийн хувьд төстэй боловч төмрөөр хийснээрээ онцлог, хэмжээний хувьд анхаарал татахуйц том хэмжээтэй аж.
Ийм хэмжээний төмөр эдлэлийг манай улсад бүрэн сэргээн засварлах боломжгүй учраас Унгар улсын Унгар судлалын хүрээлэнд илгээн сэргээн засварлалтын ажлыг Унгар судлалын хүрээлэн хамтын ажиллагааны хүрээнд үнэ төлбөргүй хийж өгсөн байна.
Унгар судлалын хүрээлэнд сэргээн засварласан Хүннүгийн төмөр тогоог Монгол Улсаас БНУУ-д Суугаа Элчин сайдын Яам хүлээн авч, тусгай илгээмжээр тээвэрлэн авчрахад дэмжлэг үзүүлснийг өнөөдрийн арга хэмжээний үеэр ШУА-ийн захирал Г.Эрэгзэн онцолж байлаа. Тэрбээр мөн “Ар Гүнтийн Хүннүгийн булшнаас илэрсэн энэхүү төмөр тогоо нь одоогоор археологийн дурсгалаас илэрсэн хамгийн том хэмжээтэй төмөр сав суулгын нэг болох бөгөөд Хүннү гүрний төмөрлөг боловсруулалтын технологийн түвшин, үйлдвэрлэх хүчний хөгжил зэрэг хүннүчүүдийн соёлын талаар олон чухал мэдээллийг өгөх чухал олдвор” гэдгийг тодотгон хэллээ.
Холбоотой мэдээ