Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнийн хэргийг есдүгээр сарын 22-нд Улсын дээд шүүхээр шүүхийг шаардаж, Ардчилсан намын Хүний эрхийн хорооноос өнөөдөр /2023.09.21/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын гишүүн О.АЛТАНГЭРЭЛ:
-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрхийг бүгдээрээ мэддэг, ярьдаг. Харамсалтай нь, өдрөөс өдөрт хувь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө хумигдаж байгаа.
Статистик мэдээ харах юм бол худал мдэээлэл тараах гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдсэн, яллагдагчаар татагдсан, шалгагдаж байгаа хүний тоо нэмэгдсэн.
Д.Мөнх-Эрдэнийн хувьд нийгэмд байгаа болохгүй сул талыг үзэл бодлоороо дамжуулан шүүмжилдэг. Зарим нэг хүн “Д.Мөнх-Эрдэнэ хэтэрхий их яриад байсан юм аа, түүнээсээ болж яллагдлаа” гэж байгаа. Энэ нь дарангуйлалд дасаж эхэлж байгаагийн илрэл.
Яагаад бид Улсын дээд шүүх /УДШ/-ээр Мөнх-Эрдэнийн хэргийг хянуулах гээд байна вэ гэвэл хуульд орсон өөрчлөлтөөр бүх хэргийг Дээд шүүхээр шийдэхээ больсон. Дээд шүүх өөрийнхөө бололцоотой гэж байгаа хэргийг хэлэлцэж, шийддэг болсон. Өнгөрсөн хугацаанд олны танил, олны анхааралд өртсөн албан тушаалын хэргүүд УДШ-д очиж шийдэгдсэн. Ингэж хэргээ шийдүүлсэн хүмүүс өнөөдөр УИХ-д сууж байгаа. Тэгвэл Д.Мөнх-Эрдэнийн хэргийг УДШ хэлэлцэх ёстой гэж бодож байгаа. Хууль зүйн хувьд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд зөрүүтэй байгаа.
Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүсийн хэргийг гурван шатны шүүхээр шийддэг, иргэн хүний хэргийг зөвхөн Давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн болоод хаядаг байж таарахгүй.
Түүний хэргийг шүүхээс бид нар үнэн зөв шийдэх болов уу гэж найдаж байна. Шүүхээр хэргийг шийдвэрлэх явцыг харсны дарааД. Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг гаргаж тавина. Түүнд ялыг эдлүүлж байгаа нөхцөл байдал, түүнд ялгавартай хандаж байгаа байдал, шүүн таслах процесс дээр Д.Мөнх-Эрдэнийг ямар байдлаар бусдаас ялгавартайгаар залхаан цээрлүүлж байгаа вэ гэдгийг ярих болно. Энэ асуудал бол ганц Д.Мөнх-Эрдэнийн асуудал биш олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлдэг, өөрийнхөө мэдээллийг нийгэмд түгээдэг , үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холботой асуудал юм.
Ардчилсан намын гишүүн А.ТЭГШБАЯР:
-Бидний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө бүрэн хангагдахгүй байна. 1937 онд 40 мянган хүнийг шүүхийн шийдвэргүй буудсан. Өнөөдөр монголчууд хүнийг цаазалж болохгүй гэсэн философтой болж эхэлсэн учраас арай буудчихаагүй байна. Хэрвээ 1937 он шиг байсан бол, ардчилал ялаагүй байсан бол Д.Мөнх-Эрдэнийг өнөөдөр энэ коммунистууд буудчихсан байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдөр та нарын садан төрөл биш, найз нөхөд биш хүн үгээ хэлсний төлөө хэлмэгдэж байхад хэлээ хазаад сууж болно. Маргааш садан төрөл, түүний маргааш таныг баривчлаад явахад хэн ч юу ч хэлж чадахгүй нийгэм биднийг тосч хүлээж байна. Аль нэг намын гишүүн байхаас үл хамаарч шударга шүүхээр шүүлгэх эрх хүн болгонд байх ёстой.
Ардчилсан намын гишүүн учраас Д.Мөнх-Эрдэнэ шударга шүүхээр шүүлгүүлж чадахгүй байна. Хэрвээ УДШ энэ асуудлыг хэлэлцэхгүй гэвэл шударга шүүхээр шүүхгүй байгааг албажуулж буй хэрэг.
Монголын ард түмний хэлэхийг хүссэн эрх баригчдын бузар булайг Д.Мөнх-Эрдэнийн амаар дамжуулж нийгэмд гаргасан. Тийм учраас үг хэлэх эрх чөлөө эдэлсний төлөө, Монголын ард түмний өмнө болж байгаа худал хулгай, шударга бусыг Д.Мөнх-Эрдэнээр дамжуулан хэлүүлсний төлөө тэр хэлмэгдэж болохгүй.
Ардчилсан намын зүгээс Ардчилсан намын гишүүн байсныхаа төлөө хэлмэгдэж байгаа Д.Мөнх-Эрдэнийг шударга шүүхээр шүүлгэхийг хүсч байна. Шүүхийн хараат бус байх эрхийг хүндэтгэж байгаа. Ардчилсан нам бол шударга шүүхээр хэргээ шүүлгүүлэх эрхийн төлөө дуугарах болно гэлээ.
Г.ХОРОЛ