Киев хотын иргэд өнөө өглөө агаарын довтолгооноос хамгаалах дуунаар сэрж, хоргодох байранд орцгоожээ. ОХУ-ын арми Украины зүүн болон төв хэсгийн дор хаяж дөрвөн хотод цохилт өгснөөр 14 хүн бэртэж гэмтээд байна. Киев хотод долоон хүн бэртсэний нэг нь есөн настай хүүхэд байсныг хотын дарга Виталий Кличко хэллээ.
Харьков мужийн Слобидский дүүрэгт зургаан удаа цохилт өгснөөр иргэний барилга байгууламж эвдэрч сүйдсэн байна. Хоёр хүн эмнэлэгт хүргэгдсэнийг мужийн захирагч Олег Сыньехубов хэлэв. Харин Черкасий хотод таван хүн гэмтэж, нэг хүн нуранги дор дарагдаад байна.
Тэгвэл нөгөө талд ОХУ-ын "Су-34″ дуунаас хурдан нисэх онгоц өчигдөр Воронеж мужид осолджээ. Онгоцны газардах төхөөрөмж эвдэрсэн учир осолдсон гэх мэдээлэл байна. "Су-34" нь 12 тонн тэсрэх бөмбөг, пуужин зөөвөрлөхийн зэрэгцээ 960 км зайд байгаа байг онох чадвартай сөнөөгч бөмбөгдөгч онгоц юм. Украин дахь дайн эхэлснээс хойш Оросын цэргийн нисэх онгоцууд фронтын шугамаас хол зайд өөрөө осолдсон тохиолдол хэд хэд гарсан. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сард "Су-34" онгоц Белгород руу санамсаргүй гал алдсанаар барилга байгууламж сүйтгэж, хоёр хүн шархаджээ. Харин өнгөрсөн оны аравдугаар сард Краснодар хязгаарын Ейск хотод "Су-34" онгоц орон сууцны барилга руу унаж, зургаан хүн амиа алдсан юм.
Эх сурвалж: AP, KYIV INDEPENDENT
Холбоотой мэдээ