Украины ерөнхийлөгч Зеленский НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дахь удаагийн чуулганд биечлэн оролцож буй. Уулзалтын эхэнд ОХУ-ын НҮБ дахь элч төлөөлөгч Василий Небензя түүнийг үг хэлэхийг эсэргүүцсэн юм.
Василий Небензягийн эсэргүүцэлтэй холбоотойгоор Албани улсын ерөнхий сайд Эди Рама үг хэлжээ. Эди Рама хошин мэдрэмжтэй нэгэн гэдгээрээ алдартай бөгөөд НҮБ-ын танхимд хэлсэн үг нь мөн л олныг инээлгэж чадсан. ОХУ өөрсдийн өдүүлсэн дайнаа цэргийн тусгай ажиллагаа гэж нэрийддэг. Харин Эди Рама хэлэхдээ "Энэ бол Албанийн ерөнхийлөгчийн тусгай ажиллагаа биш гэдгийг би энэ танхимд суугаа орос нөхөд болон бусад хүнд хэлмээр байна. Энд нэг л шийдэл бий. Хэрвээ та нар зөвшөөрнө гэвэл дайнаа зогсоочих, тэгээд л Зеленский үг хэлэхээ больчихно" гэжээ.
Албанийн ерөнхий сайдын үгийг Василий Небензя хүлээж аваагүй. Мөн түүнийг процедурын хувьд төвийг сахихын оронд улс төрийн шинжтэй мэдэгдэл хийлээ гэж шүүмжилжээ.
Дараа нь Зеленский цахим хаягааараа дамжуулан Рамад талархал илэрхийлсэн байна. "Уран бүтээлч бөгөөд сагсан бөмбөгийн тамирчин асан тэрбээр дэлхий дахинд Оростой яаж харьцахыг болон Оросын худал хуурмаг, хоёр нүүрийг харууллаа" гэж Зеленский хэлжээ.
Тэр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхийнхээ өмнө Оросыг Аюулгүйн зөвлөлийн гишүүнчлэлээс хасахыг уриалжээ. Украины эсрэг түрэмгий дайн хийж байгаа ОХУ-д байр сууриа хадгалах боломж олгосон гэж Зеленский шүүмжилсэн.
ЗЕЛЕНСКИЙ, ЛАВРОВ НАР НҮҮР ТУЛАХААС ЗАЙЛСХИЙВ
Энэ удаагийн НҮБ-ын чуулганы үеэр ОХУ, Украины талууд нүүр тулна гэж дэлхий дахин хүлээж байсан ч тийм зүйл болсонгүй. Украины ерөнхийлөгч Зеленский, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар өчигдөр хэн хэн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн алдарт тах хэлбэрт ширээний ард суусан ч хоорондоо тааралдсангүй. Зеленский ОХУ-ын Гадаад хэргийн сайдыг ирэхээс өмнө гарч явжээ. Гэхдээ Зеленский Кремлийн Элчин сайдын өөдөөс харж суугаад Оросыг террорист улс гэж хэлсэн байна.
Зеленскийг ярьж эхлэх үед Василий Небензя утсаа оролдож байжээ. ОХУ-ын Элчин сайдын орлогч Дмитрий Полянский сүүлд нь "Утсаа оролдож байгаад Зеленскийг үг хэлэхийг анзаараагүй байна" гэж мөн ёжтойгоор хэлсэн байна.
Өнгөрсөн жилийн чуулганы үеэр Сергей Лавров, Дмитрий Кулеба нарын суудлыг зэрэгцээ хуваарилсан байсан нь асуудал үүсгэсэн. Тиймээс энэ жил анхнаас нь хоёр улсын төлөөлөгчдийн суудлыг тусад нь хуваарилжээ.
УКРАИНЫГ ЖИВЖ БУЙ ХҮНТЭЙ ЗҮЙРЛЭВ
Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда Мягмар гаригт оршин тогтнохын төлөөх Украины тэмцлийг живж буй хүнтэй зүйрлэжээ. "Украин живж буй хүн шиг л байна. Живж буй хүн маш аюултай. Таныг гүн рүү татах чадвартай" гэж тэр хэлжээ.
Польш улс дайн эхэлснээс хойш Украиныг тууштай дэмжсэн бөгөөд нэг сая гаруй дүрвэгчийг нь хүлээж авсан.
Гэвч үр тарианы импортын хориг зэрэгтэй холбоотойгоор польш ард түмний санаа бодол өөрчлөгджээ. Украины дүрвэгсдийн дэмжлэг дайн эхлэх үед 91 хувь байсан бол саяхан явуулсан санал асуулгаас харахад энэ тоо 69 болж буурсан байв.
"Орос зөвхөн ялагдаж байж л зогсоно. Украины арми АНУ болон барууныхны тусламжтайгаар Оросыг газар нутгаасаа хөөж, хяналтаа эргүүлэн авсан цагт л Орос ялагдана. Зөвхөн тэр үед л бид Оросын империализм үнэхээр ялагдсан гэж хэлж болно" гэж Дуда хэлжээ.