“Белград-2023” чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 16-24-нд Сербийн Белград хотноо болж байна. “Штарк арена” спортын ордонд зохион байгуулж буй энэ тэмцээнд дэлхийн 100 орны 1023 бөх чөлөөт бөх, сонгомол бөх, эмэгтэй чөлөөт бөхийн 30 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Энд “Парис-2024” олимпийн 90 эрхийг нийт 18 жинд хүртээх юм. Монголын баг тамирчдыг эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид түүчээлж, эхнээсээ олимпийн эрхээ аваад байна. Ингээд эмэгтэй тамирчдын барилдаанаас онцлон хүргэе.
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Д.ОТГОНЖАРГАЛ ДАШТ-ЭЭС 3 ДАХЬ МЕДАЛИА ХҮРТЭВ
ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Долгоржавын Отгонжаргал "Белград-2023" ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 килограммын жинд Монгол Улсаас оролцсон юм.
Д.Отгонжаргалын хувьд Дэлхийн аваргын хүрэл медальт Туркийн Эвин Демирханыг 8:3 оноогоор, Европын аваргын хошой хүрэл медальт Беларусийн Ксения Станкевичийг 12:1 оноогоор, олимпийн хүрэл, Дэлхийн аваргын хоёр мөнгө, нэг хүрэл медальт АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор тус тус ялж финалд шалгарсан.
Тэрбээр өчигдөр /2023.09.20/алтан медалийн төлөө Япон улсын тамирчин олимпийн аварга, Дэлхийн гурван удаагийн аварга Юи Сүсакид 10:0 оноогоор цэвэр ялагдаж ДАШТ-ээс хоёр жил дарааллан мөнгөн медаль хүртлээ.
Э.ДЭЛГЭРМАА ӨРСӨЛДӨГЧӨӨ ЦЭВЭР ЯЛЖ ФИНАЛД ШАЛГАРЛАА
"Белград-2023" чөлөөт бөхийн ДАШТ-ий сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 68 килограммын жинд Азийн аваргын нэг мөнгө, хоёр хүрэл медальт ОУХМ Э.Дэлгэрмаа эзэн орны тамирчин Эмилия Яковльевичийг 14:4 оноогоор, Казакстаны тамирчин олимпийн хүрэл, ДАШТ-ий хоёр мөнгө, нэг хүрэл медальт Елена Шалигинаг даралтаар, Францын тамирчин ДАШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Коумба Ларрокийг 2:1 оноогоор тус тус ялж хагас шигшээ шатанд шалгарсан.
Тэрбээр Дэлхийн медалийн болзол хангах үгүйгээ шийдэх барилдаанд АНУ-ын Эмма Брунтилыг эхний үед 6:0 оноогоор хожиж явахдаа цэвэр дарж ялсан.
ГАВЬЯАТ ТАМИРЧИН П.ОРХОНЫ ТЭМЦЭЭН ДУУСАВ
ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 62 килограммын жингийн 1/4 шигшээ барилдаанд Дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, ЕАШТ-ий мөнгө, хүрэл, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Германы Луиза Нимешд 4:3 оноогоор ялагдсан. Ийнхүү Луиза Нимеш хагас шигшээ барилдаанд, Киргизын тамирчин олимпийн мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга Айсулу Тинибековатай учирч 4:2 оноогоор ялагдаж, Монголын тамирчны тэмцээн өндөрлөв.
Учир нь Луиза Нимеш хагас шигшээ барилдаанд ялагдсанаар манай тамирчин дагаж барилдах эрхгүй болсон юм.
Э.ДАВААНАСАН АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
ДАШТ-ний 72 килограммын жинд Монгол Улсын тамирчин Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Э.Даваанасан өрсөлдөж буй. Тэрбээр эхний даваанд Полшийн Наталья Стрзалкаг 8:1 оноогоор, Болгар улсын тамирчин, 2019 оны Европын наадмын хүрэл медальт Софиа Георгиеваг 9:1 оноогоор ялж хагас шигшээд шалгарсан.
Харин 1/2 шигшээд ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Казахстаны Жамила Бакбергеноваг 6:2 оноогоор хожиж, финалд хүч үзэхээр болсон.
Тэрбээр өнөөдөр /2023.09.21/ алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын залуу од өнгөрсөн жилийн Дэлхийн аварга Амит Эйлортой барилдана.
Холбоотой мэдээ