“Нүүрсний” гэх тодотголтой Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг өчигдөр /2023.09.20/ товлов. Гурав дахь удаагаа болсон урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг есдүгээр сарын 28-ны 14.00 цагт товлож шийдвэрлэлээ.
Шүүх хурлын эхэнд яллагдагч Т.Аюурсайханы зүгээс хэн нэгнийг онцолж хэлэхгүйгээр хуульд заасны дагуу хэргийг дугаараар нь ил тод явуулж байгаад баярлалаа. Мөн шүүхийн албан ёсны зар мэдээнд “нүүрсний” гэх тодотголтой хэрэг гэж байгаа нь хуульд нийцэж байна уу. Үүнийг тайлбарлах ёстой. Нүүрсний хэргийг хуулийн байгууллага 2022 оны арванхоёрдугаар сараас эхлэн шалгахдаа 633 нүүрс борлуулалтын гэрээ, 576 бараа ажил үйлчилгээ худалдан авах гэрээ 398 компанийн нүүрс тээвэр хийсэн байдал, хилээр хууль бусаар нүүрс тээвэрлэсэн асуудал, оффтек гэрээ, төмөр зам том төслүүдийг шалгаж байна гэдгийг хэлж байгаа.
Гэтэл би өөрийн болон бусдын нэр дээр тендер аваагүй. Нэг ч машин нүүрс тээвэрлээгүй байхад нүүрсний гэх хэрэгт хүчээр холбоод байгаа.
Хэргийн үнэн зөвөөр шийдэхэд бодитоор саад учруулж, олон нийтийг төөрөгдүүлж, гэмт хэргийг нуун далдалж байна.Анхнаасаа зохион байгуулалттай, гүтгэсэн мэдээлэл их явж байгаа учраас хуулийн байгууллага үнэн бодитой ажиллах хүсэлтийг тавьсан юм.
Урьдчилсан хэлэлцүүлгийн эхэнд өмгөөлөгч нар хүсэлтээ тавьсан. Т.Аюурсайханы өмгөөлөгчөөр дөрвөн хүн ажиллаж байгаа бөгөөд тэдний нэг Д.Нямдорж “Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр зүйл ангиар яллагдагчаар татаад байгаа. Өнөөдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж ирүүлээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн яллах талыг барьж явагдсан. Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй. Нэгт, миний үйлчлүүлэгч 2007 оноос 2015 оны хооронд нийт 30 удаа гадаад улс руу зорчсон. Хил хамгаалах газрын лавлагаагаар энэ нь тогтоогддог. Хувиараа брэндийн хувцас буюу эрэгтэй костюм оруулж ирж худалдаалдаг байсан. Энэхүү бизнесээсээ 50 орчим мянган ам.долларын хадгаламж өөртөө бий болгосон. Мөн ааваас нь өвлөгдөн ирсэн, өөрөө ч нэмсэн өндөр үнэ бүхий маркны цуглуулгатай.
Үүнийгээ дагасан бизнес эрхэлж багагүй хэмжээний орлого олж байсан. Анхнаасаа мэдүүлэгтээ дурдсан. ХОМ-тээ ч мэдүүлсэн.
Польш улсад дөрвөн удаа зорчихдоо 2017-2021 оны хооронд 44 мянган ам.доллар, 34.5 мянган еврогийн орлого олсон талаар хэлж мэдүүлсэн. Үүнийг шалгах боломжтой. Харамсалтай нь шалгаагүй. Мөн 2021 онд Монголд 48 сая төгрөгийн маркийг бусдад худалдаалсан, 2022 онд 40 сая төгрөгийн маркаа худалдаалсан. Энэ хууль ёсны хөрөнгийн эх үүсвэр” гэсэн юм.
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ЗҮГЭЭС ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААХ САНАЛ ГАРГАСАН
Мөн Т.Аюурсайханы өмгөөлөгч Б.Гэрэл-Очир прокурорын байгууллага үндэслэлгүй яллагдагчаар татсан. Миний үйлчлүүлэгч гэрээ хийж, ашиг олсон үйл баримт хаана байна вэ энэ нь маргааны гол шалтгаан болж байна гэдгийг онцолсон.
Тэрбээр “Морины жүчээ биш малын хашаа саравч. Бидний хэлдэгээр өвөлжөө. Үүнийг 437 сая төгрөг хэмээн зохиомлоор үнэлсэн. Энэ үнэлгээ бодит байдал дээр 90 гаруй хувиар өссөн байгаа. Хөрөнгийн шинж чанарыг тодорхойлох ажил хийгдээгүй. Энд байгаа зураг тодорхойлж чадахгүй” гэсэн юм. Харин прокурорын зүгээс Т.Аюурсайханы Сонгинохайрхан дүүргийн Хүй долоон худагт байрлах 863 саяар үнэлсэн морины зүчээнд нэмэлт шинжилгээ хийхэд 517.265 сая төгрөгийн байгууламж барьсан нь тогтоогдсон гэдэг хариултыг өгсөн.
Мөн яллагдагч О.Дагвадоржийн өмгөөлөгч “Манай үйлчлүүлэгч яг ямар хэрэг үйлдээд өнөөдөр яллагдагчаар татагдаад сууж байгаа нь ойлгомжгүй байгаа. Хүн таньдаг байсны төлөө, бизнесийн хөрөнгө оруулалт татсаных нь төлөө яллагдагчаар татаж байгаа. Яг яагаад буруутгаад байгаа вэ гэдгийг нь зайлшгүй тодруулж байж энэ хүнийг гэм буруутайд тооцох эсэхийг шүүхийн шатанд шилжүүлэх ёстой. Тийм учраас прокурорт буцаах саналыг дэмжиж байна” гэсэн юм.
Өмгөөлөгчдийн зүгээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж, цагдан хорих арга хэмжээг Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах болгож өөрчлөх хүсэлтийг тавьж байлаа. Прокурорын зүгээс өмгөөлөгчдийн хүсэлтийг хангахаас татгалзаж, шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан.
Т.АЮУРСАЙХАН, Б.ГАНХУЯГ НАР Т.БАДАМЖУНАЙГААС ДЭМЖЛЭГ ХҮССЭН ГЭВ
Бас нэг онцлох зүйл нь Т.Аюурсайханд улс төрийн дэмжлэг үзүүлсэн гэж буруутгадаг. Хэргийн материалд ганц гэрч мэдүүлэг өгсөн байна. Тэр нь ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай. Түүнээс нэг удаа мэдүүлэг авахдаа хууль зөрчсөн гэдгийг өмгөөлөгч хэлж байв. Т.Бадамжунай "2018 оны хавар "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлын асуудлаар Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар миний хувийн оффист ирж уулзаж байсан.
Ажил сайн байгаа. Танд ах хүний хувиас дүүгээ дэмжих талаас бодоорой гэж Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэн нь билээ намайг Ерөнхий сайдад хэлж өгөөрэй гэсэн санал тавьсан" гэсэн.
Өмгөөлөгчийн хувьд Т.Аюурсайханы өмгөөлөгч байсан учраас ёс зүйн хувьд байлцах боломжгүйгээ хэлж гарч явахад үргэлжлүүлэн түүнээс байцаалт авсан байдаг. Тэгэхэд Т.Бадамжунай "Хэн нь ярьсныг сайн санахгүй байна. Надад ийм хүсэлт тавьсан" гэжээ.
УИХ-ын гишүүн асан, яллагдагч Т.АЮУРСАЙХАН:
-Айхавтар хэлмэгдүүлэлт явж байна. Олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэдгээр ял тулгаад сууж байгаа юм байна. Зохион байгуулалттай гэмт бүлэг гэдгийг маш дутуу шалгасан. Нүүрсний хэргийг илрүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Оффтек гэрээ гэж юу юм, 733 нүүрсний гэрээ гэдэг нь юу юм, 576 бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний цаана ямар сайд, дарга, гишүүд нь байгаа юм бэ.
Нүүрс тээврийн компаниудын ард ямар эрх мэдэлтнүүд байгаа юм. Магадгүй үүний цаана хууль, хяналтын, хил гаалийн хүмүүс байна гээд л яриад байдаг. Хамт илрүүлэлцээд өгье. УИХ дээр ч ярья. Хил дамнасан наймаа, тэр их наядын хэрэг нь хаана байна. Үндэслэлгүй гүтгэснийх нь төлөө сайдын суудлаа өгөөд гишүүнээсээ түдгэлзээд сууж байна. Үүний цаана жинхэнэ гэмт бүлэглэл байгаа бол ялаас битгий мултраасай. Одоо яарч сандраад байх хэрэг алга. Хамгийн гол нь учрыг нь олж, үнэн шударгаар шийдэхийн тулд хугацаа хэрэгтэй юм байна. Шударгаар шийдэж өгөөч гэж хүсч байна.
"НАМАЙГ АНХ БАРИВЧЛАХДАА ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛСАН ГЭЖ БАРЬСАН"
"Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан, яллагдагч Б.ГАНХУЯГ:
-Нөгөө оффтек гэрээ, нүүрсний хулгай, тонн нүүрс 40 доллар байхад 400 ам.доллараар гаргаад 12 тэрбум завшсан гэх хэрэг хаана байна. Зүгээр нэг хашаа ярилаа, нэг тендер тойрсон хэрүүл ярилаа. Дандаа гэрчийн үгээр хүн ялласан процетурын алдаа яигдлаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн алдаа маш их хийсэн. Жишээлбэл, намайг арав дахь сардаа хорьж байна. Шалгаагүй, эрүүдэн шүүгээгүй хамаатан садан, найз нөхөд байхгүй. 68 хүнийг хамруулан шалгасан. Арванхоёрдугаар сарын 8-ны өдөр баривчлахдаа "жагсаал зохион байгуулсан" гэж баривчилсан. Энэ хугацаанд нэг ч удаа жагсаалын талаар асуугаагүй. АТГ-аас асуухаар бидэнд байхгүй, ЦЕГ-т байж магадгүй гэдэг. Эрх зүйн байдлаа дордуулахгүйн тулд би энэ хэргийг нэхээд байгаа.
Хоёрдугаарт, нүүрсний хэрэг гэсэн. Нүүрсний тээвэр, хил гааль, тендер гээд яриад байсан. Бүгд хэрэг биш болчихсон юм уу? Тэгвэл УИХ дээр юу яриад байгаа юм.
Шалгаж байгаа юм бол надаас асуудаггүй юм уу. Зарчмын хувьд хэлэхэд муу найруулсан жүжиг яваад байна. Энд ярьж байгаа 11 хүний хэрэг нь 40 тэрбум хүрэхтэй үгүйтэй. Зохион байгуулалттай бүлэглэл энд байхгүй. Манай өмгөөлөгчид сүртэй юм яриад байна. Аюур "Эрдэнэс Тавантолгой"-г мэдэхгүй. Маш ноцтой юм энд яригдаж байна. МАН-ын асуудал яригдаад байна, энд. 220 мянган гишүүнийг энд авчраад шүүж байна. Манай намын дарга хаана байна. Нүүрсний гэх хэргийг илрүүлэхэд мэдээлэл өгөх, хамтарч ажиллах хүсэлтэй байгаа тул миний биеийг болон гэр бүл, хамаатан садныг маань хамгаалалтад авч өгөөч гэх хүсэлт гаргаж байна. Надад хамааралгүй зүйлээр хэрэг үүсгээд яллах тухай яриад сууж байна. Үлдсэн 40 их наядын хэрэг чинь хаана байна. Эсвэл олчоод нуугаад байгаа юм уу. Би ил байгаа юмыг нь хэлээд өгье. МАН-ын асуудлаа ч, нүүрсний хэргээ ч ярья. Хамт дагуулаад ороод ир.
Холбоотой мэдээ