Төртэй хамтрах нь “тэнэглэл”-ийн том жишээ болох вий

Хуучирсан мэдээ: 2023.09.21-нд нийтлэгдсэн

Төртэй хамтрах нь “тэнэглэл”-ийн том жишээ болох вий

Төртэй хамтрах нь “тэнэглэл”-ийн том жишээ болох вий

Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр “Улсын хэмжээнд 736 төсөл арга хэмжээ төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжилж байна. Онцгой анхаарал татсан буюу наймаас дээш жил үргэлжилж, хэд хэдэн удаа үнийн хүсэлт төсөвт суусан өнөөдрийг хүртэл дуусаагүй 25 төсөл арга хэмжээ байна. Эдгээр 25 төсөл дотор янз бүрийн салбар байна. Голцуу спорт цогцолборын хэд хэдэн барилга байна. Захиалагч талын буруу байна. Анхны гаргасан зураг төсөл нь өөрчлөгдсөнөөс төсөв нь өөрчлөгддөг.  13, 14 жил болсон төсөл ч байна.

Мөн 2012 онд царцаасан төслүүдийн жагсаалтад оруулснаас зогссон төсөл ч бий.  Энэ хооронд барилга нь өөрөө элэгдэлд орсон, зураг төслийг өөрчлөхөөс аргагүй болсон.

Захиалагч талаас зургийг 2-3 удаа өөрчлөх, төсвийг 3 удаа өөрчилсөн асуудал ч байна. Төсвийн хуулийн хүрээнд эдгээр төслүүдийг нягталж үзээд, өдий зэрэгтэй явсан төслүүдийг маш яаралтай сунжруулахгүйгээр хамгийн сүүлийн зураг магдлалаар дуусгах арга хэмжээ авах ёстой” гэж мэдэгдлээ.

Сангийн сайдын хэлснээр хугацаа алдсан, удаан жил үргэлжилж буй төслүүдийн 60-70 хувь нь ТЭЗҮ бэлэн бус, төсвийн ерөнхийлөн захирагч талаас болон захиалагч талаас болж төсөл удааширсан судалгаа гарсан байна.

Түүний мэдэгдсэн 25 төслийг захиалсан тал нь төр өөрөө. Төрийн байгууллагууд хариуцсан ажилдаа ямар хариуцлагагүй хандаж ирсний бодит илрэл бол  цаад тал нь 10 гаруй жил болсон ч одоо хүртэл дуусаагүй эдгээр 25 төсөл арга хэмээ юм.

Төрийн мөнгө тэр дундаа татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй учраас тэнд анхаарал тавих, анзаарч нягтлах эзэнгүй учраас өнөөдрийг хүртэл 10 гаруй жил гацсан бас царцсан.

Анхнаасаа эзэнтэй төр байж эзэн хариуцагч нь тодорхой байсан бол татвар төлөгчдийн мөнгөөр ТЭЗҮ нь бэлэн болоогүй барилга байгууламжийг төсөвт суулгаж төрийн мөнгөөр тоглохгүй байсан.

Түүнчлэн төрд итгэж хамтран ажиллах гэрээ байгуулсан ААН-үүд дангаараа буруутай байх боломжгүй. Тойргоо услах, тойргийн иргэддээ ажил хийсэн болж харагдахын тулд төсөл, тендерүүдийг төсөвт суулгасан тойргийн гишүүд, түүнийг нь баталсан үе үеийн сангийн сайд нараас ч хариуцлага нэхэх ёстой. Хэн гэдэг сайдын үед хэн хэний тойрогт тавигдсан хөрөнгө оруулалтууд өнөөдрийг хүртэл гацав. Цаашлаад анхны зураг төсөл, хөрөнгө оруулалтын хэмжээ нь яагаад танигдахын аргагүй өөрчлөгдөв гэдгийг ил тод зарлаж, ижил тэгш хариуцлага нэхэх хэрэгтэй.

 Эхлүүлээд орхисон барилга гэх үү балгас гэх үү, зам гэх үү там гэх үү бүтээн байгуулалтууд энд тэндгүй болж, улсын төсөв нь дийлэхгүй болтлоо асуудал ужгирсан.

Арга ядахдаа энэ оны төсөвт шинэ хөрөнгө оруулалт суулгахгүй байх шийдвэр гаргаснаар 736 төслөөс 95 хувь нь энэ онд дуусах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.  Үүний үр дүнд ирэх онд буюу 2024 оны төсөвт тодорхой хэмжээний шинэ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил тусгах орон зай гарч байгаа аж. Одоо бүгдээрээ алдаанаасаа суралцаж, хэрсүүжих цаг нь болсон. Ирэх оны төсөвт суух хөрөнгө оруулалт бүрийн нарийн тооцоо, ТЭЗҮ нарийвчлан гарсан байх ёстой бөгөөд Төрийн хэмнэлтийн хууль болон ирэх сарын 1-нээс хэрэгжих Төрийн худалдан авах ажиллагааны хуулийн дагуу зөвхөн зураг төсөл нь бэлэн болсон бүрэн бэлтгэл ажил нь хангагдсан төслүүдийг төсөв суулгах ёстой.

Гүйцэтгэгч талаасаа төсвийн сахилга батыг сайжруулж, нэгэнт гэрээлээд авсан бол ямар нэг эрсдэлгүйгээр төслийг амжилттай заасан хугацаандаа дуусгадаг байх шаардлагатай.

Ийнхүү төр болоод хувийн хэвшлүүд аль аль талаасаа хүлээсэн үүрэг, хариуцсан ажилдаа эзэн болох эсэхийг хамтдаа хянаж, хамтдаа шалгах л үлдлээ. Угтаа өнөөдрийг хүртэл төртэй хамтарч ажилласан аж ахуйн нэгж, компани бүр ямар нэгэн байдлаар өөрсдөө эрсдэл хүлээж санхүүжилтээ өөрөөсөө гаргаад барилга, байгууламжийн ажлуудыг эхлүүлдэг. Дараа нь төсөвт суусан мөнгөө авахын тулд нэжгээд асуудал, бичиг цаасны ажил болдог. Эцэст нь азтай нь мөнгөө бүрэн бүтэн авч, азгүй нь гэх үү аргүй нь гэх үү санхүүжилтаа хагас дутуу авдаг нь  бичигдээгүй хууль. Тийм ч учраас төрийн зүгээс хамтарч ажиллах гэрээгээ зөрчих, тохирсон санхүүжилтээ тодорхой хугацаанд олгоогүйгээс санхүүгийн эрсдэл хүлээж, дампуурлаа зарласан компаниуд шил шилээ дараад олон бий.

Дампуурлаа зарлачихаагүй юмаа гэхэд төрд итгэж хамтарч ажиллахаар болсон компани, ААН-үүд  эхнээсээ хар жагсаалтад багтаж хад чулуу мөргөж байна. Сангийн сайд Tender.mn сайт дээр мэдээлснээр 46 компани тендерт оролцох эрхээ  хасуулж,  хар жагсаалтад оруулсан.

Дээр нь 107 аж ахуйн нэгжийг тендерт оролцуулахгүй хар жагсаалтад оруулахаар болж, хяналт шалгалт хийж байна. Хар жагсаалтад оруулах эцсийн шийдвэр ирэх аравдугаар сарын сүүлээр гарна. Түүний дараа Засгийн газарт танилцуулж, ил тод зарлах болно” гэв.  Өөрөөр хэлбэл, одоо хар жагсаалтад орчихсон байгаа 46 компани дээр орох эрсдэлтэй 107 ААН-ийг нэмэхээр нийт 153 ААН хар жагсаалтад багтах нь. Нэгэнт хар жагсаалтад орсон бол гурван жил ямар нэгэн тендерт оролцох эрхээ хасуулах аж. Тэгвэл цаашид төртэй хамтарч ажиллах, улс орны бүтээн байгуулалтад оролцох компани, ААН-үүд барилгын салбарт үлдэхгүй нь бололтой. 

Тендерт оролцох ААН-үүдийг анхнаасаа ямар шалгуур, шаардлагаар хэн тэнцүүлэв. Хамтарч ажиллах гарын үсэг зурж, харилцан тохиролцоонд хүрсэн хэн бүхэнд улсын хөгжлөөс хойш татаж, урагшгүй байсных нь хариуцлагыг хамт хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ. Хоёр талаасаа хамтран ажиллах гэрээ байгуулчихаад аль нэг тал нь уснаас хуурай гардаг, буух эзэнгүй буцах хаяггүй эзэнгүй төрийн эмгэнэл хэзээ хүртэл үргэлжлэх вэ. Хамгийн муу хамтрагч төр болоод удлаа.

Тийм учраас зарласан тендерт нь оролцох ААН-үүд олдохоо болиод удаж байна. Тиймээс гаргасан шийдвэр, зурсан гарын үсгэндээ хариуцлага хүлээдэг хамтын тогтолцоог бий болгоё. Буруу шийдвэрийн балгийг нь сумаараа биш улсаараа хүлээж, авч ч болдоггүй хаяж ч болдоггүй балгас барихаа больё. Эцэс сүүлдээ төртэй хамтрах нь том тэнэглэлийн жишээ болж үлдэх вий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж