Өмнөх нийтлэлд дурдсаны дагуу М.Бадарчийн хэрэг явсаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага/МОНАДА/ болон Засгийн газартай холбогдоно.
WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн төлөөлөгчид өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад айлчилж, Монголд допингийн эсрэг үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгаа талаар шалгаж, нэн ноцтой, заавал биелүүлэх шаардлагын зургаан үзүүлэлтийг хангаагүй байна гэх дүгнэлт гаргажээ.
WADA-ийн CRC буюу Хяналтын хорооны зүгээс өнөөдөр /2023.09.21/ Монголын асуудлыг зөвлөлдөх хуралдаанаараа хэлэлцэх эсэхээ шийднэ. Хэрэв асуудал даамжирвал есдүгээр сарын 22-ны хурлаар Монгол Улсын баг тамирчид ирэх 2024 оны Парисын олимпод цагаан туган дор оролцох эсэхийг шийдэх эрсдэл үүсчээ.
Владимир Путин тэргүүнтэй спортын хүчирхэг гүрэн ОХУ-ыг РУСАДА буюу Оросын допингийн эсрэг агентлагийнх нь буруутай үйл ажиллагаагаар дөрөөлөн Токиогийн зуны, Бээжингийн өвлийн олимпод цагаан туган дор оролцуулж чадсан WADA Монголын алдааг элээд өнгөрөөхгүй л байх.
Цагаан туг гэдэг нь Монголын олимпийн хорооны тамирчид гэх нэртэйгээр олимпийн хорооныхоо туган дор жагсана. Мөн төрийн дууллаа өөр ая дуугаар орлуулах хэрэг гарна.
Өмнөх нийтлэлд дурдаж байсан М.Бадарчийн асуудал ганц бөхийн асуудал мэт харагдах ч үнэндээ МОНАДА болон Монголын төр засаг допингийн олон улсын дүрэм журмыг хэрхэн зөрчдөг талаарх бодит жишээ юм. Шинжилгээ авахаас эхлээд сорьцыг лаборатори руу илгээх, хариуг зарлах, шийтгэл оногдуулах хүртэл бүхэлдээ олон улсын дүрэм журмыг зөрчсөн.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөхдөө МОНАДА-ийн үйл ажиллагаанд "WADA" шууд нөлөөлөх боломжгүй байдаг. Тийм учраас олон жилийн хугацаанд "MOНАДА” өөрөө энэ асуудлыг хариуцаж яваад байж. Өөрөөр хэлбэл, "WADA"-гийнхаа өмнө хүлээсэн үүрэг, шаардлагыг биелүүлэхгүй явж ирсэн алдаа дутагдалтай байсан. Өнгөрсөн зургадугаар сард төсвийн тодотгол хийхдээ олон улсын байгууллагаас тавьж байгаа шаардлагыг хангаагүй, төлбөр мөнгөө өгөөгүй гэдэг үндсэн дээр Засгийн газар "MOНАДА”-гийн өмнөөс шийдвэр гаргаж, нэг удаа төлбөрийн төлөлтийг нь хийсэн байдаг” гэлээ.
Нийт 800 сая гаруй төгрөгийн төлбөрийн асуудал үүсчээ.
Ж.Хатанбаатартай ерөнхийлөгчтэй МОНАДА олон жил Монголын Засгийн газрыг “маллаж” ирсэн нь нууц биш. Монгол Улс ЮНЕСКО-ийн конвенцид нэгдсэнээр МОНАДА-г байгуулж, төрөөс санхүүжүүлэх болсон. Гэхдээ хэзээ ч тайлан авч байсангүй. Үйл ажиллагаанд нь ч оролцож байгаагүй гэх аж. Гэтэл олон улсын жишиг дээрээ Засгийн газар нь допингийн эсрэг байгууллагаа санхүүжүүлэх бөгөөд үйл ажиллагаанд оролцох, тайлан нэхэх эрхтэй гэнэ. Гагцхүү шийдвэр гаргах түвшинд нь оролцохыг хатуу хориглоно гэжээ.
Мөн News.mn сайтын зүгээс энэ асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас тодруулга авсан агаад “Засгийн газрын зүгээс МОНАДА-г шинэчлэх боломжтой юу?” гэх асуултад тэрбээр “Олимпийн хорооноос өгсөн тайлбарт, WADA-ийн дүрмэнд зааснаар тус байгууллагыг шинээр байгуулах тохиолдолд Засгийн газар оролцох ганц эрх, боломжтой байдаг. Харин байгуулагдаад явж буй үйл ажиллагаанд нь шууд болон шууд бусаар оролцох эрх нь хязгаарлагдмал байдаг юм байна. Тэгэхээр энэ тал дээр хүндрэлтэй асуудалд орчхоод үндсэндээ тухайн байгууллагыг харж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, татан буулгах, шинээр байгуулах эрх нь Монгол Улсын Засгийн газарт байхгүй байна. Энэ эрх нь WADA-д байгаа. Хэрхэн, ямар шийдэл гаргах вэ гэдэг шийдлийг гаргахын тулд миний бие ахалсан ажлын хэсэг байгуулагдлаа” гэжээ.
Одоо МОНАДА-г буулган авах, Монголын спортын салбарт бугшсан допингтой холбоотой бузар булхайг хуу татах хүч, эрх мэдэл ганцхан олимпийн хорооны ерөнхийлөгч Б.Баттүшигт байна.
Спортын сайд Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга хоёр олимпийн хорооны ерөнхийлөгч Б.Баттүшигтэй нийлээд одоогийн МОНАДА-ийн итгэмжлэл, эрхийг цуцалсан талаараа WADA руу бичгээ өгөх хэрэгтэй. Дан ганц Засгийн газар, Биеийн тамир, спортын улсын хороо хамтраад бичиг хүргүүлбэл хүчгүй. Үндэсний олимпийн хорооны оролцоо үлэмж нөлөөтэй.
WADA-аас МОНАДА-ийн эрхийг цуцлаад өгөөч гэж гуйх бус цуцалсан талаараа албан бичиг хүргүүлэх нь зөв. Монголын Засгийн газар, Монголын үндэсний олимпийн хорооны байгуулсан байгууллагыг л WADA хүлээн зөвшөөрч буй хэрэг.
Б.Баттүшиг ч үйлдэх бичигтээ Монголын Засгийн газар ийм өөрчлөлтийг хүсэж байна гэж тодорхой зааж өгөх нь зүйтэй. Мэдээж шинэ байгууллагаа байгуулахдаа ил тод, шударга, WADA-ийн дүрмийн дагуу байгуулна гэж албан ёсны бичиг үйлдвэл энэ удаагийн WADA-ийн зөвлөлдөх хурлыг хохирол багатай давна. Парисын олимпод ч асуудалгүй оролцох биз.
МОНАДА бол Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн байгууллага.
МОНАДА-ийн оффис Монголын үндэсний олимпийн хорооны хоёрдугаарт давхарт байрладаг. Б.Баттүшигийн хамар дор томоос том хагархай байсаар байхад ерөнхийлөгч нь чимээгүй хараад суугаад байгаа нь хачирхалтай. МОНАДА-ийн үйл ажиллагаа асуудалтай явсаар олон жилийг үдлээ. Б.Баттүшиг, Ж.Хатанбаатар хоёрын дунд ашиг сонирхлын зөрчил байхгүй л юм бол Б.Баттүшиг одоо л тамирчдынхаа төлөө хөдлөх цаг.
Монголын олимпийн хорооны бүх гишүүдийн их хуралд Ж.Хатанбаатар мандаттай оролцдог. Магадгүй спортын ертөнцөд олон жил яваа, допингийн байгууллагыг атгаад удаж буй түүнийг аялдан дагагчид их байж болох юм. Өөрөөр хэлбэл, Б.Баттүшигт Ж.Хатанбаатар болон түүний дагагчдын санал үнэ цэнтэй байж болзошгүй. Гэхдээ л одоогийн үүссэн асуудлыг харахад ерөнхийлөгчийн суудал чухал уу, Монголын спортын салбар, тамирчдын эрх ашиг чухал уу гэдгээ шийдэх л хэрэгтэй.
Угтаа Б.Баттүшиг өөрийнхөө эрхийн хугацаанд Ж.Хатанбаатар тэргүүтэй МОНАДА-г унагааж, Парисын олимпод асуудалгүй оролцож чадвал энэ түүний ялалт болох биз.
Ямартай ч Б.Баттүшигт Засгийн газар, Б.Бат-Эрдэнэтэй сайдтайгаа хамтран ажиллаж, зөв шийдвэр гаргах өдөр хуруу дарам цөөн үлдлээ.
Энэ асуудал даамжирсаар байвал хаа хүрэхийг бид та бүхэндээ дараагийн нийтлэлээрээ хүргэх болно.
Холбоотой мэдээ