Ядарсан улсын задарсан удирдагч

Хуучирсан мэдээ: 2023.09.21-нд нийтлэгдсэн

Ядарсан улсын задарсан удирдагч

Ядарсан улсын задарсан удирдагч

Чеченийн удирдагч Рамзан Кардыров ухаангүй байгаа гэх мэдээллийг Украины цэргийн тагнуулынхан тараасан. Кадыров бөөр шилжүүлэн суулгах хагалгаа нь амжилтгүй болсны дараа өвчин нь хүндэрч, команд орсон гэх мэдээлэл тархаад байна. Оросын хөлсний цэргийн "Вагнер групп" компанийн тэргүүн Евгений Пригожин нисэх онгоцны ослоор нас барсны дараа Кадыровт ямар нэгэн зүйл тохиолдсон нь олны анхаарлыг татаж байгаа юм.  Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэлдээ, "Бидэнд Кадыровын эрүүл мэндийн байдлын талаар мэдээлэл алга" гэсэн тайлбарыг хийсэн. Энэ удаагийн ХҮМҮҮС буландаа Чеченийн удирдагч Рамзан Кадыровыг танилцуулж байна. 


Кадыров бол ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Украинд хийж буй түрэмгийллийг тууштай дэмжигчдийн нэг. Түүний цэргүүд Украинд Оросын зэвсэгт хүчнийхэнтэй мөр зэрэгцэн тулалдаж байв. Кадыров 2007 онд Чеченийн ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрбээр исламын шашинтан олонхыг бүрдүүлдэг Чеченийг захирч байх хугацаандаа өрсөлдөгчдөө шүүх хуралгүйгээр цаазалж, эрүүдэн шүүсэн хэмээн буруутгагдаж байсан.

КАДЫРОВЫН ГЭР БҮЛ ХЭРХЭН ХҮЧИРХЭГЖСЭН БЭ?

Рамзан Кадыров 2007 онд засгийн эрхэнд гарахаас өмнө түүний эцэг Ахмад Кадыров үргэлж Кремлийн талд байгаагүй. Исламын шашинт ахлагч Кадыров бол 1994-1996 оны хооронд Чеченийн нэгдүгээр дайны үеэр Оросоос тусгаар тогтнохын төлөө тулалдаж явсан нэрттэмцэгч байсан гэж "The Post" өмнө нь мэдээлж байв. Дараа нь Чеченийн хоёрдугаар дайн эхлэв. Энэхүү мөргөлдөөнийг Путин 1999 онд Кремлийг гартаа авч, хэдэн арван жил үргэлжилсэн засаглалаа эхлүүлэхээр бэлтгэж байх үед эхлүүлсэн юм.

Ахмад Кадыров тэмцлийн эхэн үед бослогод исламын хэт даврагч үзлийн элементүүд байгааг олж хараад талаа сольсон гэж эх сурвалж  мэдээлжээ.

Путин 2000 онд ахмад Кадыровыг Чеченийн Бүгд Найрамдах Улсыг удирдуулахаар томилж, тус улсын анхны ерөнхийлөгч болжээ. Тэр цагаас хойш Кадыровуудад Оросын бусад бүс нутгийн удирдагчдаас илүү бие даасан эрх олгосон гэж Кавказын шинжээч Вадим Дубнов бичжээ.

Путин 2003 онд ярилцлага өгөхдөө, Кадыровыг томилохдоо эргэлзэж байснаа хүлээн зөвшөөрсөн ч хожим түүнд итгэж эхэлсэн гэж хэлжээ. Олон дайсантай гэдгээрээ алдартай ахмад Кадыров 2004 онд бөмбөгдөлтөнд өртөж амиа алдсан. Түүний үхэлд Чеченийн босогчид буруутай гэж "The Post" мэдээлсэн.

РАМЗАН КАДЫРОВ ГЭЖ ХЭН БЭ?

Ахмад Кадыров алагдсаны дараа Путин 2007 онд Рамзаныг Бүгд найрамдах улсын шинэ удирдагчаар томилсон. Нийгмийн сүлжээн дэх хамгийн тод манлайлагчдын нэг болсон залуу Кадыров жүжигчин Стивен Сигалыг зугаацуулах, ёслолын ажиллагаанд дундад зууны үеийн хуяг дуулга өмсөн оролцох, алга болсон муураа хайж олоход туслахыг Инстаграмд ​​уриалах зэрэг хачирхалтай үйлдлээрээ алдартай. Гэхдээ үүнээс илүү харгис хэрцгий байдлаараа нэрд гарсан. Кадыров Чеченьд ижил хүйстнүүдийн эсрэг  цэвэрлэгээ явуулсан бөгөөд АНУ-ын Төрийн департамент үүнийг хүний ​​эрхийг зөрчсөн гэж буруутгасан.

Кадыровын тактик, ертөнцийг үзэх үзэл нь түүнийг Путин болон Вагнер группын тэргүүн Евгений Пригожин нартай нягт уялдаатай болгосон. Чечений удирдагч эцгийнхээ нэгэн адил Путины үнэнч холбоотон бөгөөд тэдний "нөхөрлөл" 15 гаруй жил болж байна.

КАДЫРОВ УКРАИНД ЯМАР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН БЭ?

ОХУ 2022 оны эхээр Украин руу түрэмгийлснээс хойш Кадыровын цэргүүд буюу Чеченийн хагас цэрэгжсэн бүлэглэл Оросын цэргүүдтэй мөр зэрэгцэн украинчууд, тэр байтугай бусад чеченүүдийн эсрэг тулалдаж байна. Пригожин зэрэг нэг үеийн холбоотнууд нь Кремлийн Украин дахь дайны стратегид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан ч Кадыров Путиныг тууштай тэмцсээр ирсэн.

Пригожин өнгөрсөн зургадугаар сард хөлсний цэргийн 25 мянган дайчнаа удирдан Кремлийн эсрэг зэвсэгт бослого өдүүлэхэд Кадыров дайчдаа удирдан Москваг хамгаалахаар хөдөлж байв. Нэгэн бичлэгт Украины Донецк мужтай хиллэдэг ойролцоох Ростовын чиглэлд явж буй ачааны машин, хуягт тээврийн хэрэгсэл эгнэн зогссон Чеченийн дайчдын урт цувааг харуулсан.

Москваг хамгаалахын тулд ОХУ-ын албаныхан Чеченийн хүчинд ч найдаж байсан бололтой. Тодруулбал, Чеченийн албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслээр Москва мужийг хамгаалахын тулд тус бүгд найрамдах улсад байрлаж буй 3000 орчим дайчныг илгээсэн тухай мэдээлсэн. "Грозный" телевизийн "Telegram"-д нийтэлсэн видео бичлэгт Москвагаас 65 милийн зайд орших Коломна руу чиглэсэн гүүрэн дээр цэргүүдийг байрлуулж байгааг харуулжээ.
Түүнчлэн Кадыров Телеграмд ​​нийтэлсэн мэдэгдэлдээ, Пригожиний үйлдлийг "ар нуруунаас хутгаллаа" гэж нэрлээд Оросын цэргүүдийг аливаа "өдөөн хатгалга"-ыг эсэргүүцэхийг уриалж байв.
ОЛОН ЭХНЭРТЭЙ БОЛОХЫГ СУРТАЛЧИЛДАГ
Кадыров бол олон эхнэртэй байх ёсыг дагадаг нэгэн. Тэрбээр "Шаардлагатай бол хэд хэдэн эхнэртэй болох хэрэгтэй. Хэрэв  тэднийг тэжээх чадвартай бол Оросын хүн ам зүйн асуудлыг шийдэхийг би дэмжиж байна" гэж хэлж байв.  Гэвч хоёр эхнэртэй байх нь Чеченьд түгээмэл биш бөгөөд ОХУ-ын хуулийг зөрчсөн үйлдэл.
Кадыровын хоёр дахь эхнэр
Кадыров 2006 онд 14 настай охиныг гоо бүсгүй шалгаруулах тэмцээний үеэр олж харснаар хоёр дахь эхнэрээ болгон авсан байдаг. Кадыровын хоёр дахь эхнэр Фатима Хазуева гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн бөгөөд Москвад өөрийн нэр дээр нийт таван сая орчим ам.долларын үнэтэй гурван орон сууцтай.
Үүнээс гадна Чеченийн дуучин, бүжигчин Аминат Ахмадоваг гурав дахь эхнэрээ болгосон талаар албан ёсны бус эх сурвалжууд мэдээлжээ.
Чечень бол Оросын хамгийн ядуу бүс нутгийн нэг юм. Гэсэн ч Кадыровын хоёр эхнэрийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь 2008 онд түүний зарласан цалингаас хоёр дахин их буюу 8 сая ам.доллар юм.
Албан ёсны арга хэмжээнд Кадыров зөвхөн төрсөн 12, өргөмөл хоёр хүүхдийнх нь эх Меднитэй хамт ирдэг. Путин ЗХУ-ын үеийн “Баатар эх” шагналыг ОХУ-ын төрийн албан ёсны шагнал болгон буцаан сэргээсний дараа шагнуулсан хоёр хүний нэг нь Медни Кадырова байв. Шагналыг гэр бүлийн институтыг бэхжүүлэх, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх чиглэлээр гаргасан ололт амжилтыг нь үнэлж олгосон.  Хүндэт цолыг нэг сая рубль дагалджээ.
Кадыров 22 настай охиноо Соёлын сайдаар томилсон
Үүний зэрэгцээ Путин өнгөрсөн наймдугаар сард Чеченийн удирдагч Рамзан Кадыровын ээж 69 настай Аймани Кадыроваг  Хүндэт одонгоор шагнасан. “Буяны үйлстэн, нийгмийн зүтгэлтэн Аймани Кадырова бүх амьдралаа ард түмэндээ үйлчлэхэд зориулсан. Тэрбээр Ахмад Кадыровын санг тэргүүлдэг” гэж Путин хэлж байв.

Грозный дахь Кадыровын тансаг зэрэглэлийн хувийн байшин, ойролцоо нь Фатимагийн харш болон бусад олон үл хөдлөх байдаг. Чеченийн удирдагч үрэлгэн нэгэн бөгөөд, тансаг бэлэг өгдөг зангаараа алдартай. Энэ их мөнгө хаанаас ирдэг вэ? Нэг боломжит эх сурвалж бол 2004 онд Рамзан эцгээ нас барсны дараа байгуулсан Ахмат Кадыровын олон нийтийн сан юм. Рамзан Кадыровын ээж нь тус сангийн ерөнхийлөгч, Рамзан өөрөө даргаар нь ажилладаг.Тус сангийн зорилго нь тусламж хэрэгтэй хүмүүст туслах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй, ахмад дайчдад болон бусад хэрэгцээнд туслахаас гадна байшин, эмнэлгийн байгууллага, сургууль, сүм хийд барих, засварлахад мөнгө зарцуулдаг. COVID-19 тахлын үеэр чеченчүүдэд хүнсний багц, мөнгө нийлүүлж, 200 эмэгтэйд  сүйт бүсгүйн инжийг төлөхөө амласан гэх мэдээлэл бий. Тус сан 2019 онд 90 сая гаруй ам.долларын хандив цуглуулсан нь Оросын хамгийн том буяны сангуудын нэг болжээ.

Путин Кадыровын ээжийг шагнав
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж