Автобусны жолоочид 500 төгрөг атгуулдагаа зогсооё !

Хуучирсан мэдээ: 2023.09.21-нд нийтлэгдсэн

Автобусны жолоочид 500 төгрөг атгуулдагаа зогсооё !

Автобусны жолоочид 500 төгрөг атгуулдагаа зогсооё !

Нийтийн тээврийн салбарт үүрлэсэн хулгайг зогсоох зорилгоор 2015 онд кондукторыг халж, смарт картыг нэвтрүүлсэн ч иргэд бэлэн мөнгөөр зорчсоор байгаа нь эцэстээ үнээ нэмэхээс аргагүйд хүргэв.

Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Б.Жавхланбаатар “Улаанбаатар хот дотор зорчиход 500 төгрөг. Судалгаа хийж үзэхэд үнийг 1350 төгрөг болгох шаардлага бий. Эхний ээлжинд бид 1000 төгрөг болгохоор иргэд, аж ахуй нэгжүүдээс санал авч байна” гэж мэдэгдлээ.

Автобусаар зорчих үнэ нэмэгдэнэ гэдэг нь иргэдэд ч ачаалал өгөөд зогсохгүй төсвөөс хуваарилдаг татаасын хэмжээг ч өсгөнө гэсэн үг. Тодруулбал, нийтийн тээврийн салбарт 2022 оноос хойш нийслэлийн төсвөөс жил бүр татаас хэлбэрээр 200 тэрбум төгрөг хуваарилдаг болсон.  Уг нь уг салбарт “Смарт карт” үйлчилгээг анх нэвтрүүлж байсан 2015 онд 30 орчим тэрбум төгрөгийг татаасаар олгож байсан бол 2017 онд 53.7 тэрбум, 2021 онд 106.6 тэрбум, 2022 онд 200 тэрбум, 2023 онд мөн 200 тэрбум төгрөгийг олгожээ. Нийслэлийн төсвөөс татаас олгодог нь автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутнууд, мөн цагдаа, онцгой зэрэг тусгай албаныхан үнэгүй зорчдогтой холбоотой.

Нэг үеэ бодвол автобусаар иргэд үнэгүй зорчих нь эрс багассан ч голчлон бэлэн мөнгөөр зорчдог нь жолооч нарын халаасыг л түнтийлгэж буй. Үнэн худлыг мэдэхгүй ч автобусны жолооч өдөрт 300 мянга орчим төгрөгтэй буудаг гэх яриа гарсан нь оргүй биш л болов уу.

Энэ мөнгө тухайн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа компанид очих ёстой ч жолоочийн халаас руу ороод байхаар яаж ч алдагдал багатай ажиллах билээ.

Та хэрвээ автобусаар зорчдог бол иргэдийг анзаараарай. Олонх нь бэлэн мөнгөөр зорчиж буй. Хаалгаар орж ирүүтээ 500 төгрөгөө шууд л жолоочид өгдөг. Жолооч ч шаламгай гэгч нь авч, цамцныхаа кармаанд хийнэ. Зарим тохиолдолд зорчигч 1000 төгрөг өгөхөд жолооч жолоо барьж яваа хэрнээ л хариулт нь болох 500 төгрөгийг тун ч сурмаг гаргаж өгнө.

Уг нь автобусны буудлуудад “Хянагч нар” гэсэн бичигтэй хантааз өмссөн хүмүүс  “жолоочид бэлэн мөнгө өгөх бус смарт картаараа үйлчлүүлээч ээ” гэдэг шаардлагыг иргэдэд тавьдаг ч өглөө эрт уг картыг цэнэглэдэг газруудын дийлэнх нь хаалттай. ТҮЦ-үүдээр цэнэглүүлэх болоход бэлэн мөнгөөр л карт цэнэглэнэ гэдэг шаардлага тавьдаг нь яаруу сандруу яваа иргэдийн хувьд хүндрэл учруулдаг. Тиймээс картаа цэнэглүүлж чадаагүй иргэдийн хувьд зарим нь үнэгүй ч зорчих тохиолдлууд бий.

Иймээс нийтийн тээврийн салбарынхан смарт картыг банкныхаа картаар ч цэнэглүүлж болох уян хатан зохицуулалтыг хийж өгмөөр байна. Дээр нь зорчигчид жолоочид мөнгө өгдөгөө зогсоохгүй л бол эхлээд үнэ 1000 төгрөг болж хоёр дахин нэмэгдлээ ч тун удахгүй 1500 төгрөг болж өсөхийг үгүйсгэх аргагүй.

Нийтийн тээврийн салбарт төрөөс 400, 500 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийдэг. Дээр нь нийслэлээс мөн татаас хэлбэрээр жил бүр 200 тэрбум төгрөг олгоод байгаа ч алдагдлын хэмжээ нь буурахгүй өнөөдрийг хүргэсэн нь зорчигч нараас их зүйл шалтгаалж байна хэлж болно.

Учир нь, жолооч нарт өгч буй 500 төгрөг эцэстээ нийтийн тээврийн салбарт орох ёстой орлогыг бууруулсаар байгааг дараах статистикаас харж болно. Тухайлбал, 2015 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 42.3, 2019 онд 34.8, 2020 онд 27.4, 2021 онд 26, 2022 онд 33 тэрбум төгрөг болж, 2015 оноос хойш 50 орчим хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Тиймээс зорчигч та хэтэвчнээс минь гарах мөнгийг л өсгөх нь гэдгийг бодолцож, одооноос смарт картаараа үйлчлүүлдэг болмоор байна.

Дээр нь нийслэлийнхэн иргэдийнхээ халаасыг л сэгсрэхээ бодохоос өмнө бэлэн мөнгөөр орж ирж буй төлбөрийг жолоочид алдахгүй байх ямар боломж бололцоо байна вэ гэдэг гарц гаргалгаагаа ч олмоор байна.

Нөгөөтэйгүүр, нийтийн тээврийн үйлчилгээний үнийг өсгөх бол ядаж л автобуснуудаа бүрэн шинэчилж, жолооч нар нь хөдөлгөөндөө оролцож байхдаа утсаараа тасралтгүй ярьж, хараал хэлж, тамхи татаж буй үйлдэлд нь ч хяналт тавих ёстой.

Үйлчилгээ сайжирсан цагт үнэ өсөхөд үйлчлүүлэгчид ч хүлээн зөвшөөрнө.

Г.ХОРОЛ  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
11
БурууБуруу
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж