Б.Батбаатар даргатай ИЗНН гуравдагч хүчний байр сууриа баталгаажуулах уу?

Хуучирсан мэдээ: 2023.09.20-нд нийтлэгдсэн

Б.Батбаатар даргатай ИЗНН гуравдагч хүчний байр сууриа баталгаажуулах уу?

Б.Батбаатар даргатай ИЗНН гуравдагч хүчний байр сууриа баталгаажуулах уу?

Жил хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын сонгууль болно. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу ирэх сонгууль ихээхэн онцлогтой. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаас гадна парламентад анх удаа 126 гишүүн сонгогдон ажиллах юм. Энэ бол олон намын тогтолцоо бүхий манай улсын улс төрийн намуудад том боломж. Өмнө нь УИХ-д суудалтай байсан намууд дахин суудал авах, зарим нам анх удаа хууль тогтоох засаглалд багтах боломжтой. Гэхдээ УИХ-ын гишүүн болохын төлөө богино зайны поп улс төр хийх бус тодорхой бодлого гаргаж, нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж чадсан нам л УИХ-д олон суудалт авч чадна. Сонгогчид хэрсүү болсон. Үүнийг ойлгож буй намууд одооноос сонгуульдаа бэлтгэж эхэллээ. Тухайлбал, ИЗНН саяхан X Их хурлаа хийж, намын даргаараа УИХ-ын гишүүн асан Б.Батбаатарыг сонголоо.

ИЗНН бол эрх баригч, сөрөг хүчний байр сууринд ээлжлэн сууж ирсэн АН, МАН хоёрын араас шил залган гарч ирсэн ууган намын нэг. Энэ нам УИХ-д суудалтай, Засгийн газрыг хамтран байгуулалцаж, Монголын улс төрд гуравдагч хүчин гэдэг нэршлийг бий болгож байв. Тус нам 2012 онд хоёр суудал авснаас хойш УИХ-д төлөөлөлгүй байж ирэв. Энэ нь намын удирдлага зохион байгуулалттай шууд холбоотой. Харин энэ удаад сонгуульдаа бэлтгэхээр УИХ-д сууж, олон жилийн турш улс төрийн хүрээлэлд багтаж, улсын төрийн намыг удирдах, бодлого тодорхойлох, хууль боловсруулах туршлагатай бүхий ИЗНН-ын дэд даргаар ажиллаж ирсэн хүнд намынхаа жолоог атгууллаа. Ингэснээр ИЗНН Монголын улс төрд гуравдагч хүчний байр сууриа баталгаажуулах боломж бүрдлээ гэж харагдаж байна.

Саяхан Их хурлаа хийсэн ИЗНН-ын дарга Батын Батбаатар сонин хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдахдаа “Сонгуулийн холимог тогтолцоо нь тухайн нам ямар түвшинд, институцийн хэмжээнд ажиллаж чадах, чадахгүйгээс шалтгаална. Түүнээс биш цүнхний юм уу, нэг хүний хувийн нам ажиллаад амжилт гаргах ямар ч боломжгүй” гэдгийг хэлээд ИЗНН хөгжлийн бодлогоо шинэчлэн тодорхойлж ирж буй сонгуульд амжилттай оролцох болно гэжээ.

Ийнхүү намын шинэ даргатай болсон ИЗНН УИХ-ын сонгуульд амжилттай оролцсон тохиолдолд манай улсад нэн хэрэгтэй “Эрх чөлөөний тухай” хууль батлуулах болно гэдгээ намынхаа Их хурлаар тодорхойлон гаргажээ.

Манай улсад шударга ёс алдагдаж байгаагаас улбаатайгаар хүний эрх, эрх чөлөө алдагдах болсон. ИЗНН-ын санаачилж буй “Эрх чөлөөний тухай” хууль нь санхүүгийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэн эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, ногоон соёл иргэншил, ногоон амьдралын эрх чөлөө гэсэн үндсэн суурь бүлгүүдтэй байх ба Засгийн газар, төр нь иргэдээ хамгаалах, өмгөөлөх, дэмжих эрх чөлөөг эдлүүлэх зорилгоор ажилладаг байх ёстой” гэж үзэж байна.

ИЗНН олон жил парламентын цөөнх явсан хэдий ч улс төрийн асар их туршлага хуримтлуулсан нам. Ардчиллын эцэг С.Зориг агсны үүсгэн байгуулсан ИЗНН өнгөрсөн хугацаанд ногоон хөгжлийн үзэл баримтлал болон улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн тууштай нам.

Эдүгээ манай улсад сөрөг хүчний дуу хоолой үгүйлэгдэж байгаа энэ үед ИЗНН хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, иргэн олон нийтийн эрх ашгийг хамгаалж ажиллахыг үгүйсгэхгүй юм.

Н.ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж