Ши Жиньпин гурав дахь удаагаа Хятадын даргаар сонгогдсон нь тус улсын түүхэнд байгаагүй үйл явдал юм. Энэ түүхэн үйл явдлын үеэр тэр өөртөө үнэнч хүмүүсээр Хятадын топ дипломатчдын бүлгийг бүрдүүлсэн. Гэвч жил хүрэхгүй хугацааны дараа Хятадын топ дипломатчид үүрээ эвдүүлсэн шоргоолж адил үймж эхлэв. Энэ нь Ши Жиньпиний засаглалд итгэх олон улсын итгэлийг бууруулах болжээ.
Хэдхэн сарын дотор Хятадын засгийн газрын хоёр дээд албан тушаалтан, тэр дундаа дэлхийн улс орнуудтай харилцах гол төлөөлөгчөөр ажиллаж байсан хоёр хүн сураггүй болоод байна.
Тодруулбал, Батлан хамгаалахын сайд Ли Шанфу гурван долоо хоногийн турш олны өмнө ил гараагүй нь олон янзын эргэлзээ таамаг төрүүлэв. Түүнийг мөрдөн байцаагдаж байгаа гэж таамагласан. Үүнээс өмнөхөн Гадаад хэргийн сайд асан Цин Ган бүтэн сарын турш олны нүдэнд ил гаралгүй байсныхаа дараа гэнэт албан тушаалаасаа огцорчээ.
Барууны орнуудтай харилцаа хурцдахын хэрээр Ши Жиньпин үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэхийг хичээх болсон. Тиймээс аливаа аюул заналхийлэл, эмзэг байдлыг арилгахыг эрмэлзэж буй үед ийнхүү чухал албан тушаалтнууд гэнэт алга болов.
Ли Шанфу, Цин Ган нар Хятадын төрийн зөвлөлийн таван гишүүнд багтдаг. Энэ нь ердийн сайдаас хамаагүй дээгүүр албан тушаал юм. Ли Шанфу мөн Цэргийн төв комисст багтдаг.
Дээрх хоёроос гадна өөр хоёр дээд генералыг гэнэтийн байдлаар албан тушаалаас нь огцруулжээ. Энэ нь Хятадын ердийн болон цөмийн пуужингийн хүчин чадлыг шинэчлэх зорилгоор байгуулсан элит анги болох Ардын чөлөөлөх армийн пуужингийн армийг цочроож, илүү өргөн хүрээтэй цэвэрлэгээ явагдах вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.
Ардын чөлөөлөх армийн пуужингийн арми бол Тайванийг өөртөө нэгтгэх Ши Жиньпиний стратегийн гол цөм юм. “Хэрвээ Ши Жиньпин Тайванийн асуудлыг хүчээр шийдвэрлэхийг хүсч байгаа бол барууны орнуудад заналхийлж чадах ганц зүйл нь пуужингийн арми” гэж Хятадын Тэнгисийн цэргийн командлалын дэд командлагч асан Яо Чен хэлсэн.
Доорх зурагт үзүүлснээр Хятадын хоёр топ дипломатч сураггүй, хоёр нь нас барсан, хоёр нь албан тушаалаа хүлээлгэж өгсөн байна.
Дэд командлагч Ву Гуохуаг долдугаар сарын эхээр гэртээ амиа хорлосон гэж мэдээлсэн. Коммунист нам түүний үхлийн талаарх мэдээллийг дэврээлгүй нам гүм байдлаар шийдсэн юм. Энэ зэргийн өндөр түвшний цэргийн алба хаагчийн хувьд дурсгалыг нь хүндэтгэх ёслол болохгүй байх нь ховор тохиолдол.
Боловсон хүчний холио солионы талаар Хятадын засгийн газар ямар ч тайлбар хийгээгүйгээр үл барам олон нийтийн дунд тарсан элдэв таамагийг арилгахыг ч оролдоогүй.
Ингэснээр угаас бүдэг бадаг байсан тогтолцоо улам бүрхэг болов. Цин Ган АНУ-д Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, хүүхэдтэй болсон нь Коммунист намын мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэж Мягмар гаригт “Wall Street” сэтгүүл мэдээлсэн. Хятадын Гадаад хэргийн яам уг мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Топ зэрэглэлийн албан тушаалтнуудын хувь заяаг ил тод болгохгүй байгаа нь өөрсдийн улс төрийн загвараа барууны орнуудаас илүү тогтвортой, үр ашигтай гэж сурталчилдаг Бээжингийн нэр хүндийг олон улсад унагаж байна.
Энэ мэт тодорхойгүй байдал нь Хятадын нэг намын тогтолцооны эмзэг байдлыг илчилсэн гэж үзэж байна. Ши Жиньпин гурав дахь бүрэн эрхийнхээ хугацаанд хувийн эрх мэдэлд хэт төвлөрснөөр байдал улам дордсон гэж үзэв. Тухайлбал, “Хятадад болж буй үйл явдал улс төрийн асар их эрсдэлийг илэрхийлнэ” гэж Сингапурын Үндэсний их сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Дрю Томпсон хэлжээ.
Ли Шанфу бол Хятадын цэрэг армийн гадаад ертөнц дэх чухал нүүр царай. “Хэрвээ Ли Шанфу үнэхээр асуудалд орвол эрх баригчид үүнийг маш сөргөөр хүлээж авна” гэж Сингапурын Олон улс судлалын сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Жеймс Чар хэлэв. Ли Шанфу гуравдугаар сард Батлан хамгаалахын сайдаар сонгогдсоноосоо хойш Москвад хоёр ч удаа очиж, Путинтэй уулзсан. Мөн Минскт айлчилж, Лукашенкотой уулзсан. Сингапурт болсон аюулгүй байдлын бага хурлын үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтэй гар барьсан. Гэвч хилийн хамгаалалтын асуудлаар Вьетнамын албаны хүмүүстэй жил бүр тогтмол хийдэг уулзалт, Сингапурын Тэнгисийн цэргийн флотын даргатай хийх уулзалт зэрэг хэд хэдэн дипломат арга хэмжээнд тэр сүүлийн долоо хоногт оролцоогүй.
Ли учир битүүлгээр алга болсон нь АНУ, Хятадын харилцааг тогтворжуулах хүчин чармайлтын нэг нууц хөзөр байж магадгүй гэж зарим шинжээч үзэж байна.
Тодруулбал, Оросоос зэвсэг худалдаж авсантай холбоотойгоор АНУ 2018 онд Ли Шанфуд хориг арга хэмжээ авсан. Хоригийг цуцлахгүй бол Ли Шанфутай уулзах, хэлэлцээ хийх боломжгүй гэж Хятадын тал санал болгосоор иржээ. Тэгэхээр Ли Шанфуг Батлан хамгаалахын сайдаас огцруулбал хоёр их гүрний хооронд цэргийн дээд хэмжээний хэлэлцээ хийх цонх нээгдэж магадгүй гэж үзэж байна.
Түүнээс гадна Хятад улс долдугаар сараас хойш техник хангамжийн худалдан авалттай холбоотой авлигын хэргийг шалгаж эхэлсэн. Энэ нь Ли Шанфу тоног төхөөрөмжийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн үетэй давхцаж буй. “10 гаруй жилийн түүхийг эргээд харахад Ши Жиньпин авлигатай, үнэнч бус байдалтай тэмцсээр байна” гэж Сингапурын Үндэсний их сургуулийн судлаач Томпсон хэлэв. Мөн ийм цэвэрлэгээ цаашид ч үргэлжлэх болно гэдгийг тэр онцолжээ.
Ши Жиньпинд үнэнч хүмүүсийн уналт нь дээд удирдагчид сөргөөр нөлөөлнө гэж ажиглагчид үзэж буй. “Эрх баригчид түүнийг хамгаалах гэж хичээсэн ч Ши Жиньпин буруугаас мултарч чадахгүй” гэж Коммунист намын сонины редактор асан Дэн Ювэн хэлжээ. Залуусын ажилгүйдэл, орон нутгийн засгийн газрын өрийн өсөлтөөс эхлээд үл хөдлөх хөрөнгийн хямрал хүртэлх хүндрэлүүдтэй тэмцэж буй Хятадын эдийн засагт итгэх итгэлийг энэ үйл явдлууд улам бөхөөж байна.
Эх сурвалж: CNN, ABC