Монгол Улсын Их хурал “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д Монгол Улс нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийг 2007 оны наймдугаар сарын 16-ны өдөр батлаж, ЮНЕСКО-ийн 33 дугаар чуулганаар “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д нэгдэн орж Монгол Улс спорт дахь допингийн эсрэг тэмцэх үүрэг хүлээсэн. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2005 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн “Спортод сэргээшийн эсрэг копенгагены тунхаглалд нэгдэн орох тухай” 79 дүгээр тогтоолоор Дэлхийн допингийн эсрэг агентлагын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн байдаг. Улмаар Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 391 дугаар тогтоолын дагуу улсын хэмжээнд допингийн эсрэг мэдээлэл, сургалт, сурталчилгаа, судалгаа хийх, урьдчилан сэргийлэх, допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн шинжилгээ авах, баталгаажуулах, үр дүнг тооцох чиг үүргийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр тогтоосон билээ.
Гэвч тус байгууллага чиг үүргийн дагуу ажиллаж чадахгүй байгаа төдийгүй олон асуудал хурц түвшинд байгааг өнөөдөр /2023.09.20/ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэв.
Тодруулбал, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын алдаа дутагдалтай ажлаас болж Монгол Улс олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн учир Засгийн газраас ажлын хэсэг гаргаж байгаа гэсэн юм. Олон улсын допингийн асуудал эрхэлж байгаа байгууллага нь "WADA". Монголд харин "MONADA" гэдэг байгууллага допингийн асуудлыг хариуцдаг. Энэ нь өөрөө олон улсын байгууллагын дүрэм журмаар ажилладаг учир шууд утгаар Засгийн газар оролцох эрх нь хориотой байдаг байна.
Тиймээс Засгийн газраас өнөөдөр гаргасан ажлын хэсэг тус байгууллагын дотоод үйл ажиллагаанд шууд оролцохгүй бөгөөд зөвхөн үүсээд байгаа асуудал дээр голчлон анхаарч ажиллах аж.
"MONADA" буюу Монголын допингийн асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд Засгийн газар төдийүй олон улсын "WADA" ч шууд нөлөөлөх боломжгүй байдаг байна. Тийм учраас олон жилийн хугацаанд "MONADA" өөрөө асуудлаа хариуцаж байгаа нэрийдлээр өнөөдрийг хүргэсэн болохыг албаныхан хэлэв. Тэгвэл тус байгууллага үүрэг, чиглэлийн хувьд юу хийх ёстой вэ?
Монгол Улсад допингийн эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь төрийн бус байгууллага статустай 2007 онд байгуулагдаж, Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагын дүрэм, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, гишүүн байгууллага. Тус байгууллага нь допингийн эсрэг сургалт явуулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, судалгааг явуулахаас гадна, тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагын дүрэм, стандартын дагуу тамирчдаас авч Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагын хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид шинжлүүлж үр дүнд менежмент хийдэг Монгол Улс дахь цорын ганц байгууллага юм.
Холбоотой мэдээ