Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тухайлбал, Монгол Улс допингийн асуудлаас үүдэн ирэх Парисын олимпод цагаан туган дор оролцох эрсдэлтэй нүүр тулжээ. Энэ чиглэлээр салбарын сайдаас байр суурийг сонслоо.
Тэрбээр “Олон улсын WADA-аас /MONADA/ гэж нэрлэгдэж байгаа Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагад 5-6 дүрмийн заалтын зөрчилтэй байна гэдэг асуудлыг тавьсан. Энэ зөрчлөө арилгахгүй бол Монголын тугийг мандуулахгүй цагаан тугийн дор оруулна гэх асуудлыг тавьсан. Энэ асуудлаар бидэнд ямар ч мэдээлэл байгаагүй. Допингийн эсрэг байгууллага хараат бусаар ажилладаг учраас WADA-аас ирж байгаа бичиг нь тодорхой заалтгүй байдаг. /MONADA/ ч бидэнд асуудлаа тодорхой хэлж өгөхгүй байгаа байдалтай байна. Энэ талаарх нөхцөл байдлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан.
Үүнтэй холбоотой ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэгт Эрүүл мэндийн яам, Олимпын хороо, Хууль зүйн сайд, Шадар сайдын бүрэлдэхүүнтэй ажиллахаар болж байна. Ажлын хэсэг дээрээ асуудлаа дахиад ярина.
Өөрөөр хэлбэл, үндэсний хэмжээний асуудал болчихлоо. Монгол Улсыг олимпод оролцуулахгүй тухай яриа шүү дээ. Миний хувьд сайдын ажлыг хүлээн авснаас хойш Үндэсний дүрмийг батлуулахаас эхлүүлээд төлбөр тооцоо, өр авлагыг барагдуулах гэх мэт бүхий л асуудлуудыг хийж байгаа. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын зөрчил дутагдалтай холбоотой 5-6 асуудлын нэг нь тамирчдын сэргээшний шинжилгээг зөвхөн шээсээр биш цусаар үзэх ёстой буюу зөвшөөрлийн асуудлыг ярьж байна. Сая Засгийн хуралдаанд Эрүүл мэндийн сайд Допингийн эсрэг байгууллага нь итгэмжлэгдсэн лабораторитой гэрээ хийчихвэл ЭМЯ-аас холбогдох хуулийн дагуу зөвшөөрлийг өгч болно гэдэг асуудлыг ярилаа. Нөгөөх нь, Үндэсний бөхийн допингийн шинжилгээтэй холбоотой асуудал бий. Үндэсний дүрмийн дагуу мөн Засгийн газрын хурлаар үндэсний зөвлөлийг байгуулсан. Энэ үйл ажиллагаа цэгцрээд ирэхэд дотоодын асуудал цэгцрэх байх.
Одоо бидэнд тавигдсан асуудал бол Допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаатай зөрчил дутагдал байгаа. Үүнээс Монгол Улс ямар хор хохиролтой вэ? гэвэл ямар нэгэн олимпын спортын төрөл, тив дэлхийн тэмцээнийг дотоодод зохион байгуулж чадахгүй, гадаадад олимп болон бусад тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болох асуудал тавигдаж байна. Засгийн газрын зүгээс хөндлөнгөөс нөлөөлөх гээд байгаа зүйлгүй. Харин хамтарч ажиллаж, шийдэх ёстой зүйлээ хурдан шуурхай шийдээд өнөөдөртэй золгож байна” гэв.
Холбоотой мэдээ