Засгийн газрын өнөөдрийн /2023.09.20/хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
-Төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй барилгын ажлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Улсын хэмжээнд 736 төсөл арга хэмжээ төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжилж байна.
Онцгой анхаарал татсан буюу 8-аас дээш жил үргэлжилж, хэд хэдэн удаа үнийн хүсэлт төсөвт суугдсан өнөөдрийг хүртэл дуусаагүй 25 төсөл арга хэмжээ байна. Эдгээрийг яаралтай дуусгах үүрэг бүхий Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, долоо хоногийн хугацаатай ажиллахаар боллоо.
Хугацаа алдсан, удаан жил үргэлжилж буй төслүүдийн 60-70 хувь нь ТЭЗҮ бэлэн бус, төсвийн ерөнхийлөн захирагч талаас болон захиалагч талаас болж төсөл удааширсан судалгаа гарлаа.
Төрийн хэмнэлтийн хууль болон ирэх сарын 1-нээс хэрэгжих Төрийн худалдан авах ажиллагааны хуулийн дагуу зөвхөн зураг төсөл нь бэлэн болсон бүрэн бэлтгэл ажил нь хангагдсан төслүүдийг төсөв төлөвлөх үед авна. УИХ-д төсөв өргөн барихдаа 100 хувь бэлтгэл ажил хангагдсан төслүүдийг өргөн барьж байх.
Гүйцэтгэгч талаасаа төсвийн сахилга батыг сайжруулах. Нэгэнт гэрээлээд авсан бол ямар нэг эрсдэлгүйгээр төслийг амжилттай заасан хугацаандаа дуусгадаг байх шаардлагыг өндөржүүлэх. Мөн энэ хугацаанд төрөөс үзүүлж болох дэмжлэг хөнгөлөлтүүдийг хүнд сурталгүйгээр үзүүлж байх чиг үүрэг өглөө.
Төсөл хөтөлбөр дээр ажлаа цаг хугацаандаа гүйцэтгээгүй, хариуцлагагүй хандсан компаниудыг хар жагсаалтад оруулах. Захиалагч талаас өндөр шаардлага тавьж ажиллах чиглэл өглөө.
Tender.mn сайт дээр мэдээлснээр 46 компани тендерт оролцох эрхээ хасуулж, хар жагсаалтад оруулсан байгаа. Мөн захиалагч талаас ирсэн саналаар 107 аж ахуйн нэгжийг тендерт оролцуулахгүй хар жагсаалтад оруулахаар болж, хяналт шалгалт хийж байна. Хар жагсаалтад оруулах эцсийн шийдвэр ирэх аравдугаар сарын сүүлээр гарна. Түүний дараа Засгийн газарт танилцуулж, ил тод зарлах болно.
-Маш олон жил царцсан төслүүд байна. Энэ төслүүд нь ямар төслүүд вэ?
-25 төсөл дотор янз бүрийн салбар байна. Голцуу спорт цогцолборын хэд хэдэн барилга байна. Захиалагч талын буруу байна. Анхны гаргасан зураг төсөл нь өөрчлөгдсөнөөс төсөв нь өөрчлөгддөг. 13, 14 жил болсон төсөл ч байна. Мөн 2012 онд царцаасан төслүүдийн жагсаалтад оруулснаас зогссон төсөл ч бий. Энэ хооронд барилга нь өөрөө элэгдэлд орсон, зураг төслийг өөрчлөхөөс аргагүй болсон. Захиалагч талаас зургийг 2-3 удаа өөрчлөх, төсвийг 3 удаа өөрчилсөн асуудал ч байна. Төсвийн хуулийн хүрээнд эдгээр төслүүдийг нягталж үзээд, өдий зэрэгтэй явсан төслүүдийг маш яаралтай сунжруулахгүйгээр хамгийн сүүлийн зураг магдлалаар дуусгах арга хэмжээ авах ёстой.
-Тариалан эрхлэгч компаниудын газрыг төсвөөс 9 тэрбум төгрөг гаргаж хашаажуулж байгааг олон нийт эсэргүүцэж байна?
-Хөдөө аж ахуйн яамтай холбоотой асуудлыг сайдаас нь асуух хэрэгтэй. Монгол Улсын 2023 оны төсөв батлагдаад явж байна. Уг төсөвт энүүгээр хашаа барина гэж 9 тэрбум төгрөг тавигдаагүй байгаа.
-Өмнөх жилүүдэд төсвийг боловсруулахдаа зураг төсөл нь батлагдаагүй төслүүдийг оруулснаас болж, зардал өсөх зэргээр нэлээд асуудал үүссэн. 2024 оны төсвийг боловсруулахад ямар бодлого барьсан бэ?
-Өнгөрсөн 2022, 2023 онд хуримтлагдсан өмнөх жилүүдийн шилжих хөрөнгө оруулалт маш их хэмжээгээр бий болоод 2023 оны төсөв дийлэхгүй байх хэмжээнд хүрсэн.
Өөрөөр хэлбэл, дараагийн шинэ төслийг багтаах орон зай байгаагүй гэсэн үг. Тийм учраас дараагийн дуусдаггүй барилга бий болохооос сэргийлж, шинэ хөрөнгө оруулалтыг тавиагүй.
Дээрх арга хэмжээний дүнд 2024 онд тодорхой хэмжээнд шинэ хөрөнгө оруулалттай төслүүд хэрэгжих боломж гарч ирж байна. 736 төслөөс 95 хувьтай төслүүд дуусахаар байгаа. Энэ жил зогсолт хийсэн нь маш сайн үр дүн авчирч байна гэсэн үг.
-Хар жагсаалтад орсон ААН-үүдийн хувьд цаашдаа ч төрийн худалдан авах ажиллагаанд оролцох боломжгүй гэсэн үг үү. Эсвэл тодорхой хугацааны дараа оролцох боломж нь нээлттэй болох юм уу?
-Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулиар гурван жил хар жагсаалтад бичигддэг.
Гурван жилийн өмнө 69 компани байсан, одоо 46 компани байна. Гурван жил үргэлжлээд байна. Одоо дахиад хар жагсаалтад орж болзошгүй 107 ААН дээр шалгалт хийж байна. Дотоодын компани ч байна, гадаадын хөрөнгө оруулалттай компани ч байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ