Хятадын Гадаад харилцааны яамнаас Мягмар гаригт сайд асан Цин Ганыг гэр бүлээс гадуурх харилцаатай холбоотой хэргээр албан тушаалаас нь огцруулсан тухай мэдээлэлд хариулт өгөхөөс татгалзжээ.
Цин Ганыг Вашингтон дахь Хятадын дипломат төлөөлөгчөөр ажиллаж байхдаа гэр бүлээс гадуурх харилцаатай байсан нь Коммунист намын мөрдөн байцаалтын явцад тогтоогдсоноор өнгөрсөн зун албан тушаалаасаа огцорсон тухай тус улсын холбогдох хүмүүсээс иш татан АНУ-ын "Wall Street Journal" сэтгүүл мэдээлсэн. Гэхдээ Бээжингээс Цин Ганыг огцруулсан талаар тайлбар хийгээгүй бөгөөд хуучин сайдыг шалгаж байгаа гэж мэдэгдээгүй.
Хятадын удирдагч Ши Жиньпиний итгэмжлэгдсэн туслах, мэргэжлийн дипломатч Цин Ган Гадаад харилцааны сайдаар долоон сар ажилласны дараа өнгөрсөн долдугаар сард ямар ч тайлбаргүйгээр солигдсон. Түүнийг албан тушаалаас нь огцруулсны дараа Хятадын армийн цэргийн пуужингийн салбарын бусад өндөр түвшний боловсон хүчнийг халсан.
Мөн Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфу сүүлийн хоёр долоо хоног гаруйн хугацаанд олны өмнө харагдаагүй нь анхаарал татаж байна.
Түүнийг огцрохоос өмнө өнгөрсөн долдугаар сард Хятадын Гадаад харилцааны яамнаас Цин Ганыг дипломат уулзалтыг өнжихөд нь "эрүүл мэндийн шалтгаан"-ыг товч дурдаж байсан. Гэвч энэ хариу албан ёсны товч танилцуулгад байгаагүй бөгөөд энэ талаар асуухад хэвлэлийн төлөөлөгч түүнд "мэдээлэл өгөх боломжгүй" гэж мэдэгджээ.
"Wall Street Journal" сэтгүүлийн мэдээлснээр, Хятадын өндөр албан тушаалтнуудад өнгөрсөн сард Коммунист намаас Цин Ганд хийсэн мөрдөн байцаалтын талаар мэдээлэл авсан бөгөөд огцруулсан албан ёсны шалтгаан нь "амьдралын хэв маягийн асуудал" гэжээ. Энэ нэр томъёо нь гэр бүлээс гадуурх харилцаанд ихэвчлэн хэрэглэгддэг гэсэн байна.
Тус сэтгүүл хоёр эх сурвалжийн үгнээс иш татан Цин Ганыг АНУ-д гэр бүлээс гадуурх харилцаанаас хүүхэдтэй гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэж мэдээлжээ. Уг мэдээлэлд гэр бүлээс гадуурх харилцаанд оролцсон эмэгтэй болон хүүхдийн нэрийг дурдаагүй байна. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Цин Ган байцаалтад хамтарч ажиллаж байгаа гэжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр Цин Ганы гэр бүлээс гадуурх харилцаа болон бусад үйлдэл нь Хятадын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх боломжтой эсэхийг тогтоох нь гол асуудал аж.
Энэ мэдээллийг нягтлахаар "CNN" агентлаг төв засгийн газрын хэвлэлийн асуулга хариуцдаг Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албанд хандсан боловч хариу ирүүлээгүй байна. Мөн Мягмар гаригт болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч уг мэдээллийн талаар "мэдэхгүй" гэжээ.
"Гадаад хэргийн сайдыг томилох, огцруулах тухайд Хятадын тал өмнө нь мэдээлэл цацсан" гэж хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнгөрсөн долдугаар сард түүнийг солих тухай мэдэгдлийг илт иш татсан байна.
Цин Ганы оронд түүний өмнө Гадаад хэргийн сайдаар олон жил ажилласан Ван Иг буцаан томилсон. Тэрбээр Хятадын төрийн таван гишүүний нэг буюу Хятадын захиргааны дээд байгууллагад өндөр албан тушаалыг давхар хашиж байна.
Цин Ган 2021 оны долдугаар сараас 2023 оны эхэн үе хүртэл БНХАУ-аас АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд хамгийн богино хугацаанд Гадаад хэргийн сайдын албан тушаалыг хашсан нэгэн болж үлдэв.
Хятадын Гадаад харилцааны яамны цахим хуудасны намтарт бичсэнээр Цин Ган гэрлэсэн бөгөөд нэг хүүтэй юм байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ