Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал аж ахуйг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлээр туйлж ирсэн “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат нарын тариалангийн талбайг татвар төлөгчдийн 9 тэрбум төгрөгөөр хашаажуулж өгөх юм гэнэ ээ, энэ Засгийн газар.
Болсон явдлыг тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2023.09.19/ Сэлэнгэ аймагт ажиллах үеэр Л.Чинбат тариалангийн талбайг мал аж ахуйгаас тусгаарлахгүй бол болохгүй байна гэдэг асуудлыг хошуу цорвойлгон хэлэв.
Тэрбээр “Хашаална гэдэг эхний алхам. Тариан талбайг малаас тусгаарлахгүй бол ерөөсөө болохгүй. Төмөр хашаа ч байна, бетонон хашаа байна, торон хашаа ч байна, эвдээд ороод байгаа учраас тусгаарлах. Бэлчээрийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, тариалангийн бүс гурвыг зааглах ёстой” гэсэн юм.
Энэ яриаг нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун дэмнэж “Төр анх 2018, 2019 онд л тариалангийн талбайг хашаажуулж, хамгаалахад дэмжлэг үзүүлсэн. Хэдийгээр газар тариаланг хувийн компаниуд эрхэлдэг боловч газар нь төрийнх. Төр газраа элэгдэлд оруулахаас хамгаалж байна гэсэн үг. Энэ жил 9 тэрбумыг тариалангийн талбайг хашаажуулж, хамгаалахаар төсөвт суулгасан. Төсөв хөрөнгийг шийдье гэж Ерөнхий сайд, Сангийн сайд маань сэлэнгэчүүдтэй уулзсан хурал дээр хэлсэн байгаа, та бүхэнд дуулгахад таатай байна” гэж тал засав. Дээрх яриагаар бол газар тариалангийн талбайг хашаажуулахад төрөөс 2018 оноос эхлээд хөрөнгө хаяжээ. Гэтэл тэр хашааг нь эвдээд мал орчихдог аж.
Л.Чинбат нь Сэлэнгэ аймагт 37 мянган га газрыг эзэмшдэг гэдэг. Сэлэнгэ аймгийн бүх суманд газартай гэж хэлж болно. Харин тэрхүү газрыг нь малаас тусгаарлахын тулд төр хашаа барихад зориулж, төсвөөс хөрөнгө гаргана гэдэг байж болохгүй зүйл.
Улаанбаатар хотын хүүхдүүдэд сургууль хүрэлцэхгүйгээс сурагчид 40, 50-аараа чихцэлдэн нэг танхимд сууж хичээллэж байгаа. Гэтэл Монголын тэргүүн баячуудын нэг Л.Чинбатын тариалангийн талбайг хашаажуулахын тулд яагаад төрөөс хөрөнгө гаргах ёстой юм бэ. Энэ асуудлыг хөндөхөөр 9 тэрбумаар ганцхан Л.Чинбатын газрыг хашаажуулахгүй, тариаланчдын газрыг хашаажуулна гэж өмөөрөх хэсэг гарч ирэхийг үгүйсгэхгүй.
Гэхдээ төр тазар тариалангийн салбар, мал аж ахуйн салбарт гарч буй зөрчлийг арилгая гэвэл бодлого гаргаж шийдвэрлэх ёстой болохоос биш татвар төлөгчдийн чардайж олдог мөнгөнөөр хашаа барьж, газрыг хамгаалдаг юм биш.
Сонгууль дөхөхөөр нам дагасан бизнесмэнүүд нь алтан загасны эмгэн шиг аашилцгааж, төр засаг нь хэлсэн бүгдийг нь биелүүлэх амлалт өгч татвар төлөгчдөө мөлждөг энэ тогтолцоогоо өөрчил.
МАН Л.Чинбат нарын тариаланчдад өртэй юм байгаа биз, татвар төлөгчид өргүй шүү.
Ер нь төр бизнес эрхлэгчдээ дэмжих нэрийн дор нэг хэсгийг нь татварын мөнгөөр эрхлүүлдэг, нөгөө хэсгийнх нь бизнесийг хууль зөрчсөн нэрийн дор шууд дээрэмдээд авчихдаг хоёр нүүр гаргаж таарахгүй, зарчимтай л бай…
Л.Чинбатын тухайд хэлэхэд тэр Монголын ядарсан бизнесмэнүүдийн нэг биш, хорголоо тоолсон баян л гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Хэрвээ тариалангийн талбайгаа хувиасаа хөрөнгө гаргаад хашаажуулж чадахгүй бол энэ салбарт бизнес эрхэлж яадаг юм.
Түүний хувьд МАН-д нэр нүүртэйгийнхээ хэргийг гаргаж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал аж ахуйг дэмжих сангаас хамгийн их хөнгөлөлттэй зээл авч, туйлж ирсэн. Хамгийн харамсалтай нь авсан зээлээ төлөхгүй луу унжиж, юм юм л дуулгаж байсан. Одоо тэгтэл газар тариаланг мал аж ахуйгаас хамгаалах шаардлагатай нэрийн дор төсвийн хөрөнгөөс татах нь.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ