Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, УИХ-ын гишүүн Н.Учралын ярилцлагын онцлох ишлэл
- Дарга нарыг сургалтад суух нэрээр гадаадад аялаад, гоё гоё туршлага судлаад ирдэг боловч Монголдоо нэвтрүүлж ашиглаж байгаа нь бага гэж иргэд шүүмжилдэг. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд ЗГХЭГ-ын дарга байхдаа ахлаад, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын Цахим бодлогын түр хорооны даргын хувиар миний бие, төр, хувийн хэвшлийнхнээс бүрдсэн бүрэлдэхүүнтэйгээр анх Эстонид очсон. Танин мэдэхүйн биш гарц шийдэл эрж хайсан айлчлал болсон. Бид тэнд алдаагаа асар тодоор олж харсан. Яамд тус тусдаа систем хөгжүүлдэг, өөр хоорондоо холбогддоггүй. Эстонид X-Road хэмээх төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн системтэй байсан. Бид гэрээр бол тооногүй, баахан унь босгох гээд нурж унаад байгаагаа олж харсан.
- Эстонийн И-Засаглалын академитай нь зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан. Эстоничууд ч, Дэлхийн банкны Ухаалаг засаглал хөтөлбөрийн шинжээч нар ч цахимжилт бол зөвхөн технологийн асуудал биш, хууль эрх зүй, бодлогын шинэчлэл шүү гэж зөвлөж байсан. УИХ, Засгийн газар нэг зүгт харж байж хүрдэг зорилго, хийдэг ажил гэж. Цахим технологи, харилцаа холбооны салбараа хариуцдаг Байнгын хороотой болсны үр дүнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиудаа батлуулсан. Цахим шилжилт гоё мөрөөдөл биш заавал хэрэгжүүлэх хууль болсон. И-Монголиа 2020 онд 100 үйлчилгээтэй нээж байсан. Өнөөдөр иргэн гар утаснаасаа авдаг төрийн үйлчилгээ мянгыг давсан. Төрийн албан хэргийг цахимаар явуулж хэвшиж байна. Энэ бүхний үр дүнд НҮБ-аас гаргадаг Цахим хөгжлийн индексээр Монгол Улс 18 байраар урагшилж дэлхийд 74-рт орсон.
- Манай Засгийн газрын авсан өргөмжлөл бол шагнал гэхээсээ илүү НҮБ-ын “Нээлттэй засаглалын түншлэл” олон улсын байгууллагын тавьсан дүн, хөндлөнгийн үнэлгээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын ил тод байдлын төлөөх хүчин чармайлтыг олон улсад хүндэтгэн зарласан. Монголд хөрөнгө оруулалт дуудсан дохио, олон улсад хүргэсэн сайн мэдээ юм. Цахим засаглал бол авлигын эсрэг шийдэл. Авлигатайгаа тэмцэж байна гэдгийн нэг итгэмжит нотолгоо. Авлигын төсөөллийн индекс буурахад нөлөөлж, дагаад гадаадын хөрөнгө оруулалт, зээлжих зэрэглэл сайжирч, нөгөө айхтар саарал жагсаалтын аюулыг холдуулна.
- Засгийн газар авлигын эсрэг жил зарлаж, 5Ш ажиллагаа, Шилэн ажиллагааг өрнүүлж, авлигын эсрэг тэмцэлд технологийн шийдэл ашиглаж байгаа нь манай улсын үнэлгээнд нөлөөлсөн гол хүчин зүйлс болсон.
- Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуульд зааснаар 68 төрлийн мэдээллийг ил тод болгохыг хуульчилсан. Одоо хуульд заагаагүй бол төрийн болон албаны нууц гэдэг тамга дарвал хууль зөрчинө. Авлига, хуйвалдааныг нуух аргагүй болсон. 750 мянган мөр өгөгдөл мэдээлэл shilen.gov.mn-д тавигдаад байна. Иргэн, сэтгүүлч, төрийн бус байгууллагууд, улс төрийн намууд сургаар биш сурвалжаар, баримжаагаар бус баримтаар төрөө шууд хянаж эхэлсэн. Төр хаалганы цаана нуугддаг биш харагддаг, 24 цагийн “гэрэл ассан”. Технологид хувийн шунал, сувдаг хүсэл, хамаатан садан, хоёр нүүр байхгүй. Технологи хүн танихгүй ч хүн бүрийн царайг танина. Өнөөдөр төрийн 1000 гаруй үйлчилгээг технологи биш хүн үзүүлдэг байсан өнгөрсөн цаг үе руу хэн ч буцахыг хүсэхгүй.
- Кибер аюулгүй байдлын индекс гэж бий. Монгол Улс 101-д, ихээхэн хойгуур ордог. 1992 оны Үндсэн хуулиа баталснаас хойш кибер аюулгүй байдлын хуульгүй 30 жил явсан. Тогтолцоо нь ч бүрэн бус байсан. Кибер аюулгүй байдлын хуулиа өнгөрсөн онд баталж, кибер аюулгүй байдлын тогтолцоог шинээр бүрдүүлж эхлээд удаагүй байна. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах бүтэц ажилладаг болсон. Кибер аюулгүй байдлын төв байгуулахад хувийн хэвшлийн чадалтай чансаатай мэргэжилтнүүд оролцож байна. Цахим өрсөлдөх чадварын индекс төдийлөн урагшлаагүй. Энэ бол мэдээллийн технологи, програм хангамжийн үйлдвэрлэл, инновацтай холбоотой үзүүлэлт юм. Цахим өрсөлдөх чадварын индексийг сайжруулахын тулд шинэ мэдлэг, дэвшилтэт технологи, ирээдүйн бэлэн байдлыг сайжруулах хэрэгтэй. Энэ бүх шалгуур үзүүлэлтүүдийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Сурагч ганцхан хичээлдээ сайн дүн авлаа гээд боловсрол эзэмшихгүйтэй адилхан шүү дээ.
- Төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд иргэдийн авч байгаа хамгийн түгээмэл 10 үйлчилгээг сар бүр гаргадаг. И-Монголоор тогтмол 1,6 сая хүн үйлчлүүлж байна. Хамгийн ахмад настай хэрэглэгч 99 настай, 1924 онд төрсөн хүн И-Монголд бүртгэлтэй байна. Иргэн нь төрдөө хандахаас илүү төр нь иргэндээ очиж байгаа шийдэл. Төрийн 83 байгууллагын 1000 гаруй цахим үйлчилгээ үзүүлж байна. 2020 оны 10 сард байгуулагдсанаасаа хойш 35 сая удаагийн үйлчилгээ үзүүлсэн. Бид биш Азийн хөгжлийн банк иргэд хэдэн төгрөг, хэчнээн цаг хэмнэснийг судалсан. 35 сая үйлчилгээг цаасаар биеэр үзүүлсэн бол 181 тэрбум төгрөг иргэний халааснаас гарах байсныг хэмнэсэн. Унаа тээвэр, түлш шатахууныг тооцвол 105 тэрбум, нийтдээ 286 тэрбум төгрөг монгол хүний түрийвч, картанд үлдсэн. 14-15 сая цаг үрэгдээгүй, 28 сая хуудас цаас хэвлээгүй. Бичгийн цаас, принтерийн хороо доллар, юань, воноор авдаг. Зөвхөн бичгийн цаасаар бодоход 56 мянган боодол цаас болох байж. И-Монгол буюу төр иргэнийхээ алганд багтсанаас хойших 2 жил 7 сарын хугацаанд нэг иргэн 1,5 сая төгрөг хэмнэсэн, 416 цаг буюу 17 бүтэн хоног хэмнэсэн гэсэн тооцоо байна. Цаг бол алт. Харин алт бол цаг биш.
- Чихэр набораа бариад, таньдаг хүн сураглаад, гутлын улаа эргүүлэхээр гардаг байсан цаг мартагдсаар байна. Цаасан мөнгө нийт хэрэглээний 3%-иас доош орлоо. Хөдөөгийн гуанзанд хуушуурынхаа мөнгийг мобайлдаж байна. Танилтай хүн талын чинээ гэдэг үг “таблеттай хүн талын чинээ” гэмээр болж сэтгэлгээ, хандлага, соёл өөрчлөгдөж байна. Өнгөрсөн 7 хоногоос тээврийн хэрэгслийн гэрчилгээ усанд нордоггүй, урагдаж үрэгддэггүй боллоо. Ажил, амралтын аль ч өдөр хаашаа ч очихгүй, оочерлож зогсохгүйгээр машин худалдах, авах бол тоон гарын үсгээ ашиглаад цахим гэрээгээр шилжүүлж эхэллээ.
- Манай иргэд цаг, мөнгөө хэмнэе гэвэл цахим гарын үсэгтэй, тоон бичиг соёлтой болох хэрэгтэй байна. Гар утсаараа хэдхэн мөчид код авчихад л болох зүйл. Өнөөдөр цахим гарын үсгээ авсан 736 мянган хүн байна. Монголчууд 1960-аад онд бүх нийтээр бичиг үсэгт тайлагдаж, ЮНЕСКО-гийн шагнал авсан шигээ тоон бичиг соёлд бүгдээрээ суралцаж чадна гэдэгт би итгэдэг.
- Шилэн ажиллагаа өрнөж, төрийн мэдээлэл 24\7 горимоор олон түмний нүдний өмнө ил тод болсноор төрийн албан хаагчдын ёс зүйд хүчтэй нөлөөллөө. Аливаа үйлдэл, шийдвэр бүхэн цахимд ул мөр нь үүрд арилахгүй, нуух аргагүй болсон, нэр ус, огноо, байгууллагаар нь хайлт хийгээд хэзээ ч, хаанаас үзчих тул явдал суудлаа цэнэдэг, цэгнэдэг болж байна. Бүгдийн нүдний өмнө дураараа аашлах хүн тэр бүр байхгүй, тэр тусмаа төрийн албан хаагчид. Улс төрчид, нөлөө бүхий хүмүүс ийш тийш утас цохихоо болилоо. Улс төрд нөлөө бүхий хүмүүс залгахад “Үгүй” гэж хэлж чаддаг болсон. “Шилэн сайтад тавигдчихсан шүү” гэж хэлээд технологийн хамгаалалт руу зааж байна. “Нууц” гэдэг тамганы тос хатсан. Төр үйлчилгээ үзүүлэхдээ бичиг баримтыг нь ашигласнаа эзэнд нь мэдэгддэг болсон. И-Монголоос сонордуулга ирэхэд бухимдах хэрэггүй. Энэ нь, Таны тэтгэврийг тооцохдоо мэдээллийг чинь нэг удаа татаад үзлээ шүү, Төрийн албаны зөвлөл дипломыг чинь шалгасан байна гэсэн мэдэгдэл юм.
- Төрийн албаныханд асуудал байна. Бүх төрлийн лавлагааг И-Монгол системд нэгтгэчихсэн. Систем иргэнээ таньсан байхад өөрийнх нь зөвшөөрснөөр тэнд байгаа бүх лавлагааг харж болохоор шийдчихсэн байхад хүнд суртал гаргаад иргэдийг ийш тийш явуулаад байдаг. Хүнсний дэлгүүр, кофе шоп, дугуй засварын зөвшөөрлийг онлайнаар хүсэлтээ явуулаад шуудангаар юм уу гэртээ ойрхон ХУРДАН цэгээс ав гээд байдаг. Гэтэл биеэр очих нь хурдан, онлайнаар авах нь зарим үйлчилгээнд удаан байгаад байна. “Нэгдүгээрт цахим” гэдэг зарчим маш чухал. Цахимаар илгээсэн хүсэлтийг биеэр очих, цаасаар авахаас хурдан шийддэг болох ёстой.
- Хот руу орох гарах товчоод галын хайчтай байхад төлөхгүй л бол явахгүй учраас хэрэлдэж байгаад ч хамаагүй мянган төгрөгөө өгдөг байсан. Цахим болготол төлөхөө байсан. 9 тэрбумаас 8 тэрбум нь төлөгдөөгүй байна. Нэг хүнд бол 1000, 2000 төгрөг шүү дээ. Зам арчилгаанд зориулагдах мянган төгрөгөө төлөхгүй байж сошиалд шүүмжлээд суудаг. Эх орноо муу байна гэж хэн ч шүүмжилж чадна. Харин сайхан болгохын төлөө Та юу хийсэн бэ? Ядаж мянган төгрөгөө төлсөн үү? гэж асуумаар байна. Зээлийн мэдээллийн санд оруулдаг, автотехникийн улсын үзлэгт оруулдаггүй, хариуцлагын оноо гэх мэт хөшүүрэг ажиллуулах шаардлага үүсэж байна.
- ХУР системээс иргэн Учралын НДШ төлсөн байдал, цалин, орлогыг нь мэдээд, зээл олгож болно гэдэг. Зээл авах гэхээр биеэрээ ир гэдэг. Арилжааны банкууд заавал биеэр ирүүлэхийг хүсэхгүй байгаа ч Банкны тухай хуулинд нь анх удаа данс нээлгэж байгаа бол өөрийн биеэр ирэхийг заачихсан. Технологи ашиглая гэхээр хууль зөрчөөд байдаг. Төрийн 15 янзын бичиг хэргийн солилцооны систем байсныг DOCX системд нэгтгэсэн. Эрдэнэтээс манай яаманд илгээх бичгээ 3 секундэд шидэж байгаа. Тэгсэн хэр нь шуудангаар давхар цаасаар хүргүүлдэг. Сайд дарга нар гарын үсгээ зураад, туслахдаа өгөхөөр ERP-д оруулаад онлайнаар явуулаад давхар бичгээр явуулж байгаа юм. Энэ нь илүү ажил. Цахим хүнд суртал үүсгэдэг.
- Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулинд цахимаас илүү цаасан баримт бичгийг нь баримтална гээд заачихсан. Шүүхэд цахим бичгийг хууль ёсны гэж үзэхгүй гэдэг. Гэрэгэ киоскоос авсан лавлагааг төрийнхөн албан баримт гэж тооцохгүй, иргэний үнэмлэхээ нотариатаар батлуулаад ир гэдэг. Өргөдөл гомдлыг заавал бичгээр гаргана гээд хуульчилчихсан. Бичгээр, биеэр, цаасан хэлбэрээр гэх мэт заалтуудтай 120 хуулийн цаасан түгжээг тайлж байж цахимжилт цар хүрээгээ тэлж, дараагийн шатанд гарна. УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон, батлуулахаар ажиллаж байна. Шүүхийн бас нэг том данхайсан цаасан цоож бий. Шүүх өөрөө цахим хэлбэрийг нотлох баримт гэж үзэхгүй бол цахимжихгүй. Бид зөвшөөрлийн мэдээллийн нэгдсэн сан бий болгож ХУР системтэй шууд холбоно. Мөн өргөдөл гомдлын нэгдсэн сантай болно. Бүх өргөдөл гомдол хадгалагдана. Дипломыг блокчэйн буюу өөрчилж болдоггүй технологи ашиглан бүртгэдэг болсноор хуурамч диплом байхгүй болсон. Яг үүнтэй адилхан мэдээллийг нэг санд нэгтгэж, Шүүхийн багц хуулийг шинэчилж өөрчилснөөр шүүх цахимжина.
- Нэг цэгийн үйлчилгээ үнэндээ нэг цэг нэртэй олон цэгийн үйлчилгээ. Цонхноос цонхны хооронд нааш цааш яваад, дугаарладаг нь нэг цонхны үйлчилгээ биш. Мэдээллийн нэгдсэн системгүй, монгол гэрээр бол олон тоонотой гэсэн үг. Өнөөдөр хуулийн этгээд, хууль, үл хөдлөх болон хөрөнгийн, иргэний гэсэн 5 бүртгэлийг нэг дор зангидсан. Гэтэл хүүхдийн мөнгө олгоход яагаад будилаан гарсан бэ гэвэл УИХ-ын тогтоолд Үндэсний статистикийн хорооны өрхийн мэдээллийн сан дээр суурилна гээд заачихсан. Өрхийн мэдээллийн санг яаж бүрдүүлдэг вэ гэхээр багаас нь айл өрхүүд, малчныд очиж тоолох замаар бүрдүүлдэг. Гэтэл бүртгэлийн байгууллагын мэдээлэл хамгийн бодитой. Учир нь оршин суух газраа сольсон, орон сууцаа зарсан гэхэд иргэний үнэмлэхийн пост код өөрчлөгддөг. Хэрвээ бүртгэлийн мэдээлэл дээр 100% суурилсан байсан бол ийм зөрүү гарахгүй байсан.
- Дижитал хөгжил гэдэг нь салбар дундын зохицуулалт, салбаруудын мэдээллийн интеграчлал бүтээнэ гэсэн үг. Жишээ нь 13А маягт байна. Манай яам технологийн талаас нь туслалцаа үзүүлээд цахимжуулсан. Цахим болгосон болохоос бус өвчтөнд маягт бичих эрх бидэнд байхгүй. Улсын том эмнэлгүүдийг энгийн хамрын шуухинаа туссан хүмүүс дүүргээд, өрхийн эмнэлэг ажилгүй боллоо гэдэг асуудал үүссэн. Энэ нь цаагуураа эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотой.
- Хэн гэдэг хүүхдийг аль цэцэрлэгт бүртгэх нь БШУЯ-ны ажил. Хүүхдийн мөнгөө хэдэн хувьд өгөх вэ гэдэг нь НХХЯ-ны ажил. Цэргийн бүртгэл БХЯ-ны ажил. Харин эдгээрийг цахимаар бүртгүүлэх боломжийг бодитой нээх нь бидний ажил. И-Монгол төрийн олон зуун цахим үйлчилгээний гүүр, суваг, дамжуулагч нь юм.
- Иргэддээ төрийн үйлчилгээг ойрхон хүрэх гэж Төрийн цахим үйлчилгээний агентлаг байгуулагдсан. ХУР гэдэг төрийн мэдээлэл солилцооны системийг ДАН гэдэг танилтын системтэй нь нэгтгээд ХУРДАН болж байгаа хэрэг. Нэг ч орон тоо нэмээгүй. Бүртгэлийн байцаагч нар цалинтайгаа шилжиж ирсэн. Ухаалаг утасгүй, өндөр настай иргэдээ яах вэ? Айл болгонд принтер, хувилагч байхгүй, ахмад настнууд гар утсаа бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй. Тусгай хэрэгцээт иргэдээ ч орхиж болохгүй. Төр нь иргэнээ дуудах биш төр нь иргэндээ хүрч очиж үйлчлэх зарчим. Төр операторын горимоор үйлчилж эхэлсэн. Харилцаа холбоо, банк, шуудан, сүлжээ дэлгүүр шиг ойрхон үйлчилж яагаад болохгүй гэж. Мэдээж ХУРДАН цэг шилжилтийн үед л хэрэгтэй, мөнхийн юм биш. Бүх иргэн гар утсаараа онлайн үйлчилгээ авч чаддаг болсон тохиолдолд шаардлагагүй болно.
- Монголын төр өөрөө өөртөө код, систем хөгжүүлэхгүй гэдэг шийдвэр гарсанТөрд мэдээллийн анализ хийдэг, бодлого боловсруулдаг, тендер зарладаг, ажлын даалгавар боловсруулдаг, ажлыг нь хүлээлцэж авдаг хүн хэрэгтэй юм байна. Барилгын яам сургууль барьдаггүй, БОАЖЯ жуулчны компани ажиллуулдаггүйтэй адил. Өөрөө хийгээд өөрөө хүлээн авдаг байж таарахгүй. Яам, төрийн байгууллагууд ажлын даалгавар буюу захиалгаа боловсруулдаг, хувийн компаниуд гүйцэтгээд, түүнийг нь хүлээж авдаг л байх ёстой. Программ бүтээсэн газар нь гэрээгээр үйлчилгээ, хөгжүүлэлтээ хариуцаад баталгаа өгдөг горимд шилжинэ.
- Төрийн байгууллагуудын 68 төрлийн мэдээллийг ил болгох тухай Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байх нь жинхэнэ аюул. Хуулийг хэрэгжүүлснийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Харин хууль хэрэгжүүлэхгүй бол хариуцлага хүлээдэг. Бүх хүний идэх талхыг булаасан, авилгыг илчлэн тас цохих Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн эр зориг, ард түмнээс авч буй дэмжлэг Шилэн ажиллагааны эх үндэс. Авилгачдын оффшор данс руу цутгаж байсан далд эдийн засгийг илчлэн гэрэл цохиулж, шүүхийн тавцанд хүртэл нь шахаж шаардсаны үр дүнд улсын төсөв анх удаа ашигтай гарч, цалин тэтгэврээ нэмлээ. Төрийн байгууллагуудаас ирүүлсэн мэдээллийг хялбар, ойлгомжтой инфографиктай, хайлт хийх, машинд уншигдах боломжтой болгон shillen.gov.mn сайтад ил байршуулдаг. Жишээ нь, газар олголтын тухай сүүлийн 23 жилийн мэдээллийг ил болгохын тулд ирүүлснийг тэр чигээр нь дамжуулаад суух ямар ч боломжгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймаг, Нийслэл, дүүргүүдийн засаг дарга нарын мэдээлэл нэг дор нэг форматаар ирүүлэхгүй. Тэр болгоныг нэгтгэнэ, хуульд заасан бүрэн бүтэн, эх сурвалжтай, хүртээмжтэй, үнэн бодитой байх зэрэг үндсэн шаардлагуудыг тавина. PDF файл, эксел программын хүснэгтээр хэнд ч уншигдахааргүй дүр эсгэсэн, дутуу гуцуу мэдээллүүдээ өөрсдийнхөө хүн ордоггүй, анхаарал татдаггүй вэбсайтад байршуулсан болж ирсэн. Ирүүлсэн мэдээллийг нь илүү хүртээмжтэй, хэрэглэж ашиглахад хялбар болгохын тулд бүхэл бүтэн баг ажилладаг. 1-рт төрийн байгууллагууд мэдээллээ хариуцдаг, бид зохиодоггүй, нэмж хасдаггүй. 2-рт, харин бид хүртээмжтэй, хялбар болгож боловсруулдаг тул олон нийтийн анхаарлыг илүү татдаг. Хотын газар, тендер, Засгийн газрын сангууд, барилга байгууламжийг хүлээж авсан улсын комиссын бүрэлдэхүүн зэрэг мэдээллийг ил тод болгоход миний бие, манай яам аль нэг хувь хүн, компани зэргийг онцлон нэрлэж, онилон хандаж, “дабль” стандарт үүсгэж, улс төрийн өнгө аясаар хандах эрхгүй. Алиныг нь онцлон хөндөх, шэйрлэх, сэтгэгдлээ бичих нь иргэний, сэтгүүлчдийн, иргэний нийгмийн байгууллагуудын эрх.
- Хуульд заасны дагуу Засгийн газар 606 төрлийн нээлттэй өгөгдлийг олон нийтэд ил тод байршуулахаар баталсан. Тогтоолын хэрэгжилт удаашралтай, мэдээлэл хариуцагч нар ажиллахгүй, нэхэж шаардаж байгаа хүн ч ховор байна. Өгөгдөл нээлттэй болох тусам бизнесийн орчин эрүүлжиж илааршина. Хаана юу болж байгаа, зах зээлд ямар хэрэглээ яаж өсч буйд дүн шинжилгээ хийж бизнестээ ашиглах боломжтой. Мөн биг дата буюу их өгөгдлийг төрийн оновчтой шийдвэр гаргахад ашиглах ёстой. Орчин үед дата аналист хамгийн үнэ цэнтэй мэргэжил болоод байна.
Шилэн ажиллагааны үр дүнд ЖДҮ-г хөгжүүлэх санд 8,9 тэрбум төгрөг, Боловсролын зээлийн санд 1 сая доллар эргэн төлөгдсөн нь дараа дараагийн боломжийг нээж байна. Сангууд ч дураараа аашлах бус зөв менежмент хийхгүй бол “буруу” мөнгөний ул мөр хэзээ ч арилахгүй гэдгийг ойлгодог болсон.
Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комиссын даргын хувьд тэндхийн төлөөлөлтэй уулзаж олон нийтийн цахим ур чадварын талаар хамтарч ажиллах, иргэдийн цахим ур чадварыг хөгжүүлэх сургалтын маш сайн арга туршлагыг Монголд нэвтрүүлэхээр тохиролцлоо. Төслөөр төрийн албан хаагчдыг их өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадварт суралцуулна. Сэтгүүлчид их өгөгдөлтэй ажиллаж анализ хийх ур чадварт суралцахад нь тусална.
- Манай салбарт хүний нөөцийн хомсдол тулгамдсан асуудал болоод байна. Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр Google компанитай 1500 инженер сургахаар тохирсон нь онц ач холбогдолтой болсон. Google-ийн сертификаттай 1500 инженер гэдэг маш том хүч. Мөн Huawei компанийн дэмжлэгээр 1000 инженер бэлтгэх ажил эхэлсэн. Катарт эхний инженерүүд сургалтад хамрагдаад ирлээ. Энэ 9 сараас ШУТИС-ийн лицей сургуульд нээсэн, мэдээлэл технологийн гүнзгийрүүлсэн 2 ангиас шинэ үеийн дата аналистууд тэндээс төрөн гарна гэдэгт итгэж байна.
- Зөвхөн өнгөрсөн 7 хоногт 38 компанийн 7301 IP хаягт 74,274 удаагийн сэжигтэй хандалт илэрсэн. Үүнээс 59% нь хортой код, 34,5% нь системд дүрмийн бусаар нэвтрэхийг оролдсон. 3013 удаагийн эмзэг байдал ашигласан үйлдэл, 1,449 удаа нууц үг эвдэх оролдлого хийсэн байна. Айл гэрийн хаалга, бизнес, хувь хүний нууц мэдээлэлд дэлхийн хаанаас ч нэр зүсгүй, буух эзэн, буцах хаяггүйгээр халдах оролдлого хийж байна. Дайн тулаан, их гүрнүүдийн зөрчил, цар тахлын улмаас бизнес, аливаа үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжихийн хэрээр нөхцөл байдал улам хурцадсан. Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайдын тэргүүлсэн Кибер аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб зэрэг газарт кибер аюулгүй байдлыг хангах мэргэжлийн нэгжүүд ажиллаж байна. Яамны дэргэд иргэн хуулийн этгээдэд чиглэсэн кибер халдлага, зөрчил илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах Кибер, халдлага зөрчилтэй тэмцэх Нийтийн төв байгуулсан.
- Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан 330 суманд харилцаа холбооны сүлжээ хүргэчихсэн. Байгуулагдсан зорилго, тавьсан үүргээ үндсэндээ биелүүлчихсэн. Энэ жил төсөл хөтөлбөр зарлахад компаниуд оролцсонгүй. Цөөхөн хэрэглэгчтэй үлдсэн хэсэгт 500 саяар дэд бүтэц тавиад ажиллуулах ашиггүй учраас тэр шүү дээ. Тусгай сангийн тухай хуулинд өөрчлөлт оруулж Харилцаа холбоо, мэдээлэл технологийн хөгжлийн корпораци болгоно. Улсын төсвөөс биш компаниудын татварын дараах 3%-иас бүрддэг, эрүүл цэвэр сан. Төсвөөс бүрдээгүй мөртлөө төсөвт тусгаж оруулаад, төсвөөс буцаж гаргадагт хувийн хэвшлийнхэн дуртай биш байдаг. Өөрсдийнхөө нийлүүлж бүрдүүлсэн мөнгийг өөрсдөө хянадаг, өөрсдөө зарцуулдаг болгоно.
- Өргөн нэвтрүүлгийн хуулийг шинэчлэхээр манай дэд сайдын ахалсан ажлын хэсэг ажиллаж байна. Зах зээлийнхээ жамаар хөгжих, үзэгчдийн санал бодлын төлөөх өрсөлдөөн, зар сурталчилгаа нийлүүлэгчдийн чөлөөт сонголтод төр оролцох нь буруу. Үзэгчдийнхээ үнэлгээгээр ашгаа олно. Харин хар тамхи, архидалтын эсрэг, хүний эрх, цахим ур чадвар, монгол хэл, соёл, түүх, зан заншил гэх мэт агуулгатай төрөөс дэмжих ёстой, ашгийн төлөө бус нэвтрүүлэг, контентууд гэж бий. Үзэгчид өнөөдөр сайн монгол кино төрөхгүй байна гэж шүүмжилдэг нь кино бизнесийн ашиггүй л бол хийхээ больсонтой холбоотой.
- Монгол залуучуудын тархинд үйлдвэрлэгдсэн 300 гаруй бүтээгдэхүүн mindgolia.mn-д байршчихсан байна. Бүтээсэн программаа хэн ч тавиур дээр нь өрж болно. Төр биш Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо өдөр тутмын үйл ажиллагааг нь эрхэлж байгаа. Байршсан бүтээгдэхүүнд тэмдэглэгээ хийгдэж байгаа нь төрийн цахим худалдан авалттай шууд холбох зорилготой. Нэг сайд, шөнө зүүдлээд, өглөө сэрээд, супер шинэ захиалга бодож олдог уран сайхны арга барил биш бүртгэлийн системээр хийдэг зарчимд шилжинэ гэсэн үг. Даргын зүүдэлсэн цаг бүртгэлийн программ гэх мэт өөрт нь бол агуу шинэ тэр санааг хувийн хэвшлийнхэн аль эрт хийчихсэн, хэрэглээнд нэвтэрчихсэн байдаг. Хүн гар утаснаасаа хэрэгтэй апп-аа татаж аваад ашигладаг байтал төр өөрөө шинээр дугуй зохиох гээд мөнгө үрдэг, өнөөх нь ажилладаггүй, төрийн мэдээллийн дэд бүтэцтэй холбогддоггүй, шинэ орон тоо нэмдэг, суралцаж байна, хөгжүүлж байна гэж бөөн зардал, цаг алга болдог.
- Хувийн компанийн 4 сая төгрөгөөр хийсэн программтай төстэй бүтээгдэхүүнийг 1 тэрбумаар хийлгэсэн байх жишээтэй. Эрдэнэс таван толгой ХК өөр нэг компанийн 150 саяар хийлгээд ашиглаж байгаа бичиг хэргийн программтай адил бүтээгдэхүүнийг 2 тэрбумаар авсан байсан. Юу захиалах, хаана ямар бүтээгдэхүүн бэлэн байгааг санаатай, санаандгүйгээр мэддэггүй. Жишээ нь, Mindgolia.mn-д нэвтэрч ороод сургуулийн программ авъя гэвэл харьцуулах боломжтой 3 янзын бүтээгдэхүүн Танд санал болгоно. Төр бол программ бүтээгч, хөгжүүлэгч биш худалдан авагч. Хамгийн сайн шалгарсан бүтээгдэхүүнийг авч хэрэглэнэ. Төрийн мэдээллийн технологийн инженерүүд бодлого боловсруулдаг, төсөл удирддаг, захиалга буюу ажлын даалгавар бэлтгэдэг ажлаа л хийнэ.
- Программ хангамжийн компаниуд уламжлалт үйлдвэрүүд шиг бүдүүн яндан, том том хашаагүй болохоор нүдэнд харагддаггүй. Чөлөөт салбар, эрх чөлөөний талбар. Бусад салбарыг бодвол төр лай болохоор зай болсны хүчинд өдий зэрэгтэй өндийн босож байгаа шинэ салбар. Төр 10 жилийн өмнө ханцуй шамлаад орсон бол хэцүүдүүлэх байсан байх. Төдийлөн анхаарахгүй явж ирсэн нь төрийн “гавьяа” ч гэж болно. Цахим технологийн салбарт төрөөс гаргах шийдвэр бүхэн нэг л зарчим дээр тулгуурлаж гарна. Энэ нь хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах, дэмжих зарчим юм. Том төсвөөр дэмжихгүй. Төр угаасаа том худалдан авагч. Өнгөрсөн 10 жилд бараг нэг их наяд төгрөгөөр программ, сервер, компьютер худалдаж авсан. Төр түүх бүтээж буйг нь илүү тод тэмдэглэдэг, үнэлдэг, хөхиүлдэг байх ёстой. Очоод харвал 10 сандалтай, 5 ширээтэй, 5 компьютер, нэг кофе чанагч, буйдантай, түрээсийн оффистой компани байгаа. Тавилгыг нь үнэлбэл 100 сая. Харин бүтээсэн программыг нь үнэлбэл хэдэн тэрбум болдог онцлогтой. Сонгодог уран зургийг жааз хүрээ, ашигласан будаг шунхны хэмжээ граммаар үнэлдэггүй.
- Удахгүй Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барина. Хиймэл оюун ухаан гэж юу вэ, юмсын интернэт гэж юу вэ? Юу гэдгийг нь ч мэдэхгүй байж нэг л их дэмждэг, зохицуулдаг төр болох гээд балардаг шүү дээ. Энэ бүхнийг хуулиар тодорхойлно. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын гол түлхүүр нь мэдээллийн технологи. Жинхэнээсээ дэмждэг хууль байгаасай гэж хүсэж байгаа учраас хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч төслийг нь боловсруулсан. Мэдээллийн технологийн салбарынханд зориулсан виртуал бүс байгуулна. Хүсэлтээ илгээж, шаардлагыг нь давсан бол дижитал компани гэдэг гэрчилгээ авна. Тэр нь гадаадад, дотоодод хүчинтэй. Казахстанд яг ийм Астана Хаб гэж байгуулсан. Нэг л өдөр газрын хэвлийгээс биш тархины гүнээсээ баялаг олборлодог тэрбум доллараар үнэлэгдэх компани гарч ирнэ гэдэгт итгэдэг. ONDO компани Сингапурын бирж дээр гарлаа. Мэдээллийн технологийн монгол компаниуд хувьцаа гаргалаа. Монгол компани, монгол залуусыг Казахстаны Ерөнхийлөгч Токаев урьж, 1,5 сая доллараар шагнаад, манай дата төвийг клауд болгож өгнө үү гээд гэрээ хийлээ. Chimege апп экспортлогдож, казах хэлээр хэрэглээнд нэвтэрлээ. Казахууд өнөөдөр Чимэгэг ашиглаад ярьсан текстээ бичиж байна. Киргизстанд Монголын Call pro программыг ашиглаж байна.
- Монгол хамгийн хямд интернэттэй 10 улсын нэг. Бага зах зээлд төр хутгалдаагүй чөлөөт өрсөлдөөн их байгаа. Нөгөө талаар хоёр их гүрний дундах манай байршил онц чухал нөлөөтэй. Манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг шилэн кабелиас түрээс авдаг, орлого олдог. Бүх нийтийн үүргийн сангаар бүх сумдаа шилэн кабелиар холболоо. Цаашид шинэ дэд бүтэц эрэлхийлэх ёстой. 5 хүнтэй малчны хотхонд кабель татахгүйн тулд нам орбитын хиймэл дагуулын интернэт нэвтэрнэ. Элон Маскын СтарЛинкийн үйлчилгээ бол алслагдсан уул уурхайн компаниуд, боомт зэрэг томоохон худалдан авагчдад зориулагдсан.
- Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын борлуулалтын орлого 1,8 их наяд төгрөг байна. 0,4 хувь болж байгаа нь мэдээллийн технологийн салбарын орлогыг нэмчихвэл огцом тэлнэ.
- Гар утаснаасаа төрийнхөө үйлчилгээг авдаг болно гэдгийг 5 жилийн өмнө хэн ч төсөөлж байгаагүй. Гар утасны дэлгэцэд хуруугаа хүргэхэд мэдэрдэг болно гэхэд хэн ч итгээгүй, Nокиа компани ч итгээгүй. Түүн шиг Монгол улсын цахим үндэстэн болох зорилт ямар ч байсан хүрээд мэдэрдэг touch-той болжээ.
- Цахим технологийн салбар хүнээр бол идэр насан дээрээ өдөр хоногоор өсөн өндийж байна. Цагаар бол манай салбарт үүр цайж байна.
Холбоотой мэдээ